Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Америк тивийг нээсэн өдрийг тэмдэглэх хэрэггүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Түүхийн сурах бичгээс бид 1492 оныг сайн мэднэ. Христофор Колумб Америк тивийг нээсэн он. Тэгвэл жил бүрийн аравдугаар сарын 12-нд Америкчууд энэ түүхэн өдрийг тодорхой хэмжээгээр тэмдэглэж өнгөрүүлдэг гэнэ.

Харин түүний газар зүйн нээлт тэмдэглээд байх баяр мөн үү? Яагаад ингэх хэрэггүйг нотолсон баримтуудтай танилцъя.

 

  • Нээлт гэж хэлэх үү?

Үнэндээ Колумб шинэ тивийг нээгээд байсан зүйл байхгүй. Тэр зөвхөн Европчуудын газар зүйн тухай мэдлэгийг л өөрчилсөн. Гэвч тэднийг очихоос өмнө энэ тивд 90-110 сая хүн амьдарч байсныг огт хэлэлцдэггүй.

Европ төвийн үзлээр энэ нь “нээлт” гэгдэх байх.

  • Викингчүүд аль эрт хүрсэн байсан

Хэчнээн шинэ тивийн нээлтийг Европчуудтай холбох хүсэлтэй байлаа ч тэр нь лав Колумб биш. Викингчүүд Лэйф Эриксоны удирдлагаар Грийнланд, Ньюфаундлэндээр дамжин Манай Эриний 1000-аад оны үед тэнд хүрсэн байдаг. Викингүүдийн домогт энэ тухай яригдаж, археологийн олдворууд нь тэднийг Колумбаас 500-аад жилийн өмнө түрүүлж хүрснийг баталдаг.

  • Колумб дэлхий бөөрөнхийг батлаагүй

Мэдээж Колумбийн үед олон нийт дэлхийг хавтгай гэж үздэг байсан. Гэхдээ боловсролтой хэсэг нь бөөрөнхий гэдгийг мэддэг байжээ. Бүр Манай Эриний Өмнөх зургаадугаар зуунд Пифагор дэлхий бөөрөнхийг баталж Ромын түүхчид ч үүнийг нь дэмждэг байсан баримтууд бий.

  • Тэр үнэндээ Хойд Америкт хөл тавиагүй

Колумбийн аялал Европчуудын нүдийг нээсэнд эргэлзэх зүйлгүй. Гэвч Колумб Хойд Америкийг нээж чадаагүй. Тэр эхлээд Испаниола буюу одоогийн Хайти, Доминиканы Бүгд Найрамдах Улсууд оршдог аралд хүрсэн. Цаашлаад Карибын тэнгисийн арлуудаар аялсан түүхтэй. Дөрөв дэхь аялалаараа Колумб Төв Америкийн эрэгт хүрсэн нь Хойд Америкт хамгийн их ойртож очсон тохиолдол байлаа. Тэр үхэн үхтлээ шинэ тивд очсон гэж төсөөлөөгүй, Ази тивийн нөгөө эрэгт хүрсэн гэж бодож байв.

  • Харгислал

Сурах бичигт түүний аялалыг өгүүлдэг ч түүний цаадах харгис, балмад явдлыг дурддаггүй. Колумб нутгийн иргэдийг харгислаж боолчилдог нэгэн байсан. Нутгийн уугуул иргэдийг олзлон боол болгон зарсан баримт бий. Тэднийг хяналтдаа байлгахын тулд тарчилган зовоох, эрэмдэг болгох арга хэрэглэж байсан гэдэг.

  • Өвчин тараагч

Колумб болон түүний багийнхан Европоос нутгийнхны огт мэддэггүй олон өвчин аваачиж тараасан гэдэг. Үүнээс болж сая сая хүн амиа алдсан. Европчуудтай харьцсан эхний таван жилд нутгийн уугуул иргэдийн 95 хувь халдварт өвчнөөр үрэгдсэн юм.

  • Дайны олзоор тэтгэсэн аялал

Түүхэнд Итали эр Колумб хэрхэн Испанийн ихэс дээдсээс аялалын санхүүжилтээ авсан тухай гардаг. Гэвч тэр мөнгө хэрхэн бүрэлдсэнийг дурддаггүй. Яг тэр үед Фердинанд болон Изабелл нар Испанийг нэгтгэж дуусаад байв. Иберийн хойгт цэцэглэн хөгжиж байсан Исламын соёлыг устгаж, тонон дээрэмдээд байлаа. Энэ харгислалаас болоод Испаниас жүүдүүд дүрвэсэн гэдэг. Ингэж Испанид үйлдсэн хүйс тэмтрэлтээр олсон баялаг Америк тив дэх геноцидийн санхүүжилт болсон юм.

  • Империализмын ялалтыг тэмдэглэх үү?

Колумбын аялал Барууны соёл иргэншлийг Америкт ноёлоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялсан тал баяраа тэмдэглэх нь дамжиггүй. Гэхдээ энэ нь Ацтек, Инкүүдийн агуу их соёл иргэншлийг нураасан Европын империализмын эхлэл болсныг мартаж болохгүй. Колумбын үлдээсэн өвийн сөрөг тал, гай гамшгийг бас мартах учиргүй юм.

 

Эх сурвалж: allday.com