Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ногоон хөгжлийн бодлого

БОНХАЖЯ
2014 оны 6 сарын 17
iKon.MN

Энэ сарын 13-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар "Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай" тогтоолын төслийг баталсан билээ.

Үүнтэй холбогдуулан БОНХЯ-ны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газар, хэвлэл мэдээллийн алба дараах мэдээллийг бэлтгэснийг хүргэж байна.

 Ногоон  хөгжилд шилжих шаардлага, үндэслэл:

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээний экологийн ул мөрийг тооцоолж үзэхэд энэ хандлагаар цааш хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоос 2 дахин давахаар байна.

Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай байна.

Монгол Улсын хувьд газар нутгийн дийлэнх хэсэг нь харьцангуй байгалийн унаган төрхөө хадгалсан, байгалийн арвин нөөц баялаг, газарзүйн байршил, байгаль орчиндоо зохицон амьдрах чадвар, соёл, уламжлалын давуу талыг ашиглах замаар ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх боломж байна.

Нөгөө талаар манай орны ядуурлын түвшин, орлогын тэгш бус хуваарилалт, байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засгийн бүтэц, эрчим хүч болон бусад нөөц, баялгийн үр ашиггүй, үрэлгэн хэрэглээ, техник, технологийн хоцрогдол, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг байдал зэрэг нь бидэнд томоохон сорилт, бэрхшээл болж байна.

Тийм учраас “Эхлээд хөгжье, дараа нь цэвэрлэе” гэсэн өнөөгийн хандлагыг өөрчлөн байгальд ээлтэй, хаягдал багатай, үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэн, бүтээмжийг дээшлүүлж, нийгмийн оролцоог хангасан, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгон хүн амын амьдралын чанарыг сайжруулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Баримтлах зарчим:

Ногоон хөгжлийг хангахад дор дурдсан зарчмыг баримтална:

  • нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай зохистой ашиглах;
  • ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн салбарын бодлого, төлөвлөлтийг хийх;
  • цэвэр дэвшилтэт технологийг дэмжих;
  • ногоон эдийн засгийн өсөлтийг бий болгоход иргэдийн оролцоог хангах;
  • байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх;
  • ил тод, хариуцлагатай, хяналттай байх зэрэг болно.

Зорилго

            Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болно.

Стратегийн зорилтууд:

            Ногоон хөгжлийг хангахад дараах 6 стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

  1. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал, хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ.

Зорилт 1-ийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны чиглэлээс:

  • Эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн технологийг шинэчлэн үрэлгэн хэрэглээ, алдагдлыг бууруулах, үнийн бодлогыг оновчтой болгох замаар эрчим хүчний үр ашгийг 2030 он гэхэд 20 хувь нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэж тус салбарт ногдох хүлэмжийн хийн ялгарлыг  бууруулна.
  • Ногоон барилгын үнэлгээний систем, эрчим хүчний аудит зэрэг ногоон шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи, стандартыг нутагшуулан нэвтрүүлж, эдгээрийг дэмжих урамшуулал, хөнгөлөлтийн механизмыг хэрэгжүүлж, барилгын дулааны алдагдлыг 2020 онд 20 хувь, 2030 онд 40 хувиар тус тус бууруулна.
  1. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.

Зорилт 2-ын хүрээнд хийгдэх үйл ажиллагааны чиглэлээс:

  • Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аас доошгүй хувьд хүргэж, хамгаалалтын тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлнэ.
  • Ойжуулах ажлыг эрчимжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайг 2030 онд нийт газар нутгийн 9.0 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ.
  • Ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлж, хүн амын 90-ээс доошгүй хувийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангаж, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг 60-аас доошгүй хувьд хүргэнэ.
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон, бохирдолд өртсөн, атаршсан газрын 70-аас доошгүй хувийг нөхөн сэргээж аж ахуйн зориулалтаар дахин ашиглахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ.
  1. Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг нэвтрүүлж, байгаль хамгаалал, хүний хөгжил, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

Зорилт 3-ын хүрээнд хийгдэх үйл ажиллагааны чиглэлээс:

  • Дотоодын нийт бүтээгдэхүүний 2-оос доошгүй хувийг жил бүр ногоон хөгжилд зарцуулж, нэгж бүтээгдэхүүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх, байгалийн нөөц ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг өсгөнө.
  • Ойн ус тогтоон барих, нүүрсхүчлийн хий шингээх, голын татмын ус хуримтлуулах, цэвэршүүлэх чадавх зэрэг экосистемийн үйлчилгээг тэтгэн, үр өгөөжийг үнэлж олон нийтэд таниулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлнэ.
  • Байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгахад чиглэсэн ногоон татвар системийг бий болгоно.
  • Засгийн газрын худалдан авалтын 20-иос доошгүй хувийг байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй бараа, ажил, үйлчилгээ авахад зарцуулна.
  • Банк санхүүгийн байгууллагын байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгож, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлнэ.
  1. Ногоон ажил эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулан ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ.

Зорилт 4-ийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны чиглэлээс:

  • Олон улсын жишигт нийцсэн чанартай боловсролыг эх орондоо эзэмшиж, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн чадварлаг ажиллах хүчинтэй болж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлнэ.
  • Амьжиргааны олон талт эх үүсвэрийг бий болгон, нийгмийн хамгааллын суурийг өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дундаж давхаргыг бэхжүүлнэ.
  • Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг сайжруулж аюулгүй байдлыг хангах, эрүүл аж төрөхөд шаардлагатай нийгмийн үйлчилгээг бүх нийтэд тэгш хүртээх боломжийг бүрдүүлнэ.
  1. Байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйлсийг хөгжүүлж, боловсрол, шинжлэх ухаан технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгоно.

Зорилт 5-ын хүрээнд хийгдэх үйл ажиллагааны чиглэлээс:

  • Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан эх оронч үзэл, байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёлыг төлөвшүүлнэ.
  • Ногоон хөгжлийг дэмжсэн цэвэр технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2030 онд 3 хувьд хүргэн, ногоон хөгжлийн хурдасгуур болгоно.
  • Инноваци, биотехнологи, нанотехнологи дамжуулах, бойжуулах, нутагшуулж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шинжлэх ухааны байгууллага, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, чанар, онцлогоороо тэргүүлсэн ногоон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
  1. Уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн байгалийн нөөц баялаг, сэргэх чадавхид нийцүүлэн хүн амын суурьшлыг төлөвлөн хөгжүүлнэ.

Зорилт 6-ийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны чиглэлээс:

  • Уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн хандлага, байгалийн нөөц даацад нийцүүлж, хүн амын хэт төвлөрөл үүсэхээс сэргийлсэн, өөрийгөө тэтгэх чадвартай “ногоон”, “ухаалаг” жижиг хот, тосгоныг хөгжүүлж, орон нутагт тав тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Үр ашигтай, хэмнэлттэй технологийг дэмжих, хүн амд амьдрах орчны эрүүл ахуйн мэдлэг, зөв дадлыг олгох замаар хаягдлыг бууруулах зохистой менежментийг төлөвшүүлж, хог хаягдлыг боловсруулж дахин ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг 2020 онд 20%, 2030 онд 40% бууруулна.
  • Байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, найдвартай, эрсдэлгүй нийтийн тээврийн төрөл, үйлчилгээг хөгжүүлж, иргэд ая тухтай зорчих орчныг бүрдүүлнэ.
  • Явган хүн зорчих хэсэг, ногоон байгууламж, дугуйн зам, зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгож иргэд явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлнэ.

Хэрэгжүүлэх үе шат:

            Ногоон хөгжлийн бодлогыг 2 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:

            1-р үе шат: Ногоон хөгжлийн үндсийг тавих үе, 2014-2020 он

            2-р үе шат: Ногоон хөгжилд шилжих үе, 2021-2030 он

Хяналт, үнэлгээ:

  • Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газар батална.
  • Ногоон хөгжлийн бодлогыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлогын баримт бичиг, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ.
  • Улс төрийн нам, хүчин, эвсэл, холбоод бүх шатны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга замыг тусган хэрэгжүүлнэ.

Ногоон хөгжлийн нэр томъёо

Ногоон хөгжил - байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал, хаягдал багатай, нийгмийн оролцоог хангаж ядуурлыг бууруулах хөгжлийн загварыг,

Ногоон эдийн засаг - байгаль орчны эрсдэл, доройтлыг багасгахын зэрэгцээ хүний сайн сайхан байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилго бүхий эдийн засгийг,

Ногоон өсөлт – хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалах, нийгмийн оролцоог дэмжих, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн өсөлтийг,

Ногоон үйлдвэрлэл – эрчим хүч, нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал, хаягдал багатай, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд эрсдэлгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг,

Ногоон ажил - эрчим хүч, түүхий эд материал, усны хэрэглээг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах, хог хаягдал, бохирдлыг бууруулах, экосистемийг хамгаалж нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар хүрээлэн байгаа орчны чанарыг сайжруулж, хамгаалахад чиглэсэн ажил хөдөлмөрийг, 

Ногоон хот – эрчим хүч, дулаан, ус хангамж, харилцаа холбоо, нийтийн тээврийн ухаалаг дэд бүтэц, хог хаягдлын оновчтой менежмент бүхий хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан хот сууринг, Ногоон барилга – хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, дулааны алдагдал хамгийн бага байх хийцтэй, агаарт ялгаруулах хаягдал багатай халаалтын шийдэлтэй, эрчим хүч, нөөцийн хэмнэлт үр ашигтай, хур тунадасны усыг хуримтлуулж ашиглах, хаягдал бохир усаа цэвэрлэж зайлуулах технологи бүхий, тав тухтай орчныг бүрдүүлсэн барилгыг,

Ногоон худалдан авалт – эрчим хүч, байгалийн нөөц баялгийн хэмнэлттэй хэрэглээ, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг,

Ногоон санхүүжилт – байгалийн нөөц баялаг, экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг хадгалж, эрчим хүч, ус, түүхий эдийн хэрэглээг бууруулах технологи ашиглах төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх, тэдгээрт хөрөнгө оруулахыг,  

Ногоон татвар - байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгахад чиглэсэн татварыг,

Экосистемийн үйлчилгээ – байгалиас заяасан хүнс, түүхий эд, нөөцөөр хангах, уур амьсгал, орчны эрс өөрчлөлтийн нөлөөг зохицуулах, хүний амьдралыг тэтгэх, оюуныг сэргээх үр өгөөжийг,

Экосистемийн үйлчилгээний төлбөр – экосистемийн үйлчилгээг хүртэгч болон уг үйлчилгээг тогтвортой хадгалахад хувь нэмрээ оруулагчийн хооронд бий болгох төлбөрийн механизмыг хэлнэ.