Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Их шүүдэргэнэ гэдэг эмийн тарималжуулдаг хүн бий

БОНХАЖЯ
2014 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол оронд нэн ховор, ховор ургамлын дээд зүйл бүртгэгдсэнээр 488 орчим байдаг. Тэдгээр нь олон шалтгаанаар ховорджээ. Ховордсоныг нь хэрхэн хамгаалах, ашиглах эрх зүйн болон бусад орчин хэрхэн бүрдсэн талаархи Ч.Базарын монологи ярилцлагыг хүргэе.

-Ургамлын сан гэж юуг хэлэх вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнийг бүрдүүлж буй санг ургамлын сан гэдэг.

-Ургамлыг дотор нь нэн ховор, ховор, элбэг зэргээр ангилдаг байх л даа. Манай оронд хичнээн зүйл ургамал нэн ховорт бүртгэгдсэн байдаг бол?

-Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нь нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамлыг хамааруулдаг. Монгол оронд нэн ховор 133 зүйл дээд ургамал бүртгэгдсэн байдаг.

-Нэн ховор ургамлыг хэрхэн хамгаалдаг вэ?

-Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтад нэн ховор зүйл гэдэгт оруулсан байдаг. Мөн хуулиар тархац, нөөц, биологийг судлах, тархац нутгийг тэлэх, зориудаар үржүүлэх, удмын санг хадгалахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохицуулалтууд хийсэн байдаг.

Түүнчлэн нэн ховор ургамлыг байгалиас түүж ашиглахыг хориглосон. Тэгэхдээ 133 зүйл дээд ургамал тус бүрийн тархац, нөөц, хомсдох шалтгаан өөр өөр байдаг.

-Ер нь нэн ховордож байгаагийн гол шалтгаан нь юу байдаг бол?

-Эрдэмтэн, судлаачдын тогтоосноор ургамлын нэн ховорт тооцогдож буй шалтгаан өөр ч, нийтлэг талаас нь үзвэл ойн түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэх, хөрсний хуурайшилт, цөлжилтөөс байгалийн нөхөн сэргээлт буурах, өндөр уулын хүчтэй үерт хөрсний өнгөн давхарга хуурах, эмийн зориулалтаар замбараагүй бэлтгэж, ашиглах зэрэг шалтгаанууд голлодог.

-Олон ургамал нэн ховор, ховор зүйлд хамаарч байгаа юм байна. Гэхдээ байгалийн ургамлыг ашиглаж л таарна. Зориулалтыг нь хуульд заасан байдаг уу?

-Ургамлын тухай хуульд ахуйн, үйлдвэрлэлийн, судалгаа шинжилгээний зориулалтаар, түүнчлэн бэлчээр, хадлангийн ургамлыг мал тэжээх зориулалтаар ашиглана гээд заасан байдаг л даа.

-Мэдээж ашиглана гэхээр зөвшөөрөл авч таарна. Ховор ургамлыг ашиглая гэвэл хаана хандах вэ?

-Иргэн хүн ховор ургамлыг ахуй, хүнсний болон бусад хэрэгцээндээ ашиглая гэвэл сум, дүүргийн Засаг даргад хандаж зөвшөөрөл авна. Элбэг ургамлыг ашиглах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Байгаль орчны албаны дүгнэлтийг үндэслэж сум, дүүргийн Засаг дарга олгоно.

Харин судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно. Үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх ургамлын дээд хязгаарыг жил бүр төрийн захиргааны төв байгууллага тогтоодог.

-Сүүлийн үед ховор, ховор ургамлыг иргэн хүн, байгууллага тарималжуулдаг болсон байна.

-Тийм шүү. Энэ бол үнэхээр сайн санаачилга. Хөвсгөлийн тайгад ургадаг Их шүүдэргэнэ хэмээх ховор эмийн ургамлыг тарималжуулж, хүмүүсийн эрүүл мэндийн төлөө сайн сэтгэлээр ажиллаж байгаа “Буянт үйлстэн” сангийн тэргүүн Г.Наранчимэг гэдэг эмэгтэйг би мэднэ.

Тэр хүний яриагаар бол ховор ургамлаа нэг хэсэг нь тарималжуулаад, анагаахын чиглэлийнхэн нь эм тангаа хийгээд хөдөлмөрөө хоршиж ажиллавал их тустай юм шиг байгаа юм. Нөгөө өвс ургамлаар өвчин хуучаа эдгээдэг ардын уламжлалт анагаах ухааныг л хөгжүүлнэ гэсэн үг.

Нөгөө талаар ховор ургамлыг тарималжуулна гэдэг бол үнэхээр сайн үйлс. Эргээд тарималжуулснаа тархац нутагт нь нөхөн сэргээж ургуулах боломж, бололцоо бий гэдэг нь эндээс харагдаж байна.

Булангийн хөтөч Др Ч.Базар