Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Цэвээнпүрэв: Байгальд бас хүмүүсийн сэтгэхүйд мод тарьж байна

Ч.Олдох
2014 оны 5 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг
Мэргэжлийн боксын дэлхийн гурван удаагийн аварга, гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв

Мэргэжлийн боксын дэлхийн гурван удаагийн аварга, гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэвийг энэ удаагийн дугаарын зочноор урилаа.

-Мэргэжлийн боксын рингэнд сонирхолтой  тулаан хийж, монголчуудынхаа  чихийг  дэлхийн дэвжээ рүү дэлдийлгэж байдаг аваргыг  чимээгүй болчихоор  хүмүүс гайхаж, эргэлзэж байх шиг. Зодог тайлсан юм биш биз?

- Зодог тайлаагүй. Харин сүүлийн үед  уралдаан, тэмцээнд оролцохоо цөөлсөн. Яагаад гэвэл, тэр болгон боломж олдохгүй байна. Тэгээд ч Баруун Европт ази царайтай, тэр тусмаа монгол хүн зодолдоно гэдэг хэцүү шүү дээ. Үүнийг  би  арваад жил  тэнд асгаруулсан хөлс, өөрийн туршлагаасаа мэдэрсэн.

Надад тулалдах боломж бага олддог. Тэр болгоныг давж  зүтгэсээр  өнөөдөр  43 нас хүрлээ. Одоо  харин Ази руугаа эргэсэн төлөвлөгөөтэй ажиллаж  байна. Залуу тамирчидтай хамтран  ажиллаж, бэлтгэл сургуулилт хийж байгаа.  Өөрийн туршлага,  арга барил, сэтгэлзүйн бэлтгэл, тулааны тактикийг  залуу тамирчдад өвлүүлэх зорилгыг өөртөө  тавьсан.

-Сайн дурын үүднээс өөрийн сурсан, мэдсэнийг өвлүүлье гэж  үү? 

-Тийм.

-Спортын хүрээнийхнийг  анзаарч байхад миний шавь байтал  өөр багш руу явлаа, эсвэл өөр клубт хичээллэлээ гэхчлэн үл ойлголцол гардаг шиг билээ?

-Тухайн тамирчин миний шавь байх албагүй, ямар ч багш дээр хичээллэдэг байсан  хамгийн гол нь хамт бэлтгэл хийж, алдааг нь хэлж өгч, өөрийн сурсан мэдсэнийг хуваалцаж, урам оруулъя гэсэн юм. Би ийм маягаар ажиллаад эхэлчихсэн, хүүхэд, залуус ойлгож хүлээж авч байна.

Ер нь хэн ч байсан хүнээс үг дуулж, мэдлэг олж авч, өөрийгөө хөгжүүлж байвал сайн. Яваандаа  өөрийн боксын  клубыг нээж, монголынхоо тамирчдыг  мэргэжлийн тулааны төрлүүдээр дэлхийн хэмжээнд гаргах бодол бий. Мөн энэ чиглэлээр Мэргэжлийн боксын ордон барих санаачилга гаргаад явж байна.

-Монгол  бөхийн өргөөтэй адил  боксчдын ордонтой болно гэсэн үг үү?

-Одоогоор монголд мэргэжлийн тулаанчдын ордон байтугай олигтой  заал алга. Гэтэл дэлхийг  эзэлж явсан монголчуудын удам тулаанчид байсан. Би монгол цэргийн түүх, тулаанчдын тухай  уншиж судалсан учраас ингэж хэлж байна. Миний ойр дотныхон, намайг тойрсон хүмүүс  бүгд түүхийн ухааны эрдэмтэн судлаачид бий.

Тиймээс энэ чиглэлээр хийх ажил их бий. Бид   залуу үеэ  эрч хүчтэй байлгах ёстой. Энэ бол миний нэг үүрэг гэж боддог. Би Монгол Улсын иргэн болж мэндэлсэн, хөрс шороон дээр нь хөлд орж хүн болсон. Аав, ээж минь намайг өсгөж, ачит багш нар  өдий зэрэгтэй болгож  нэр  алдарт хүргэсэн.

Тэр ачийг яаж хариулах вэ. Тэгвэл надад байгаа, миний чадах зүйл   өсвөр наснаас эхлэн гадаад, дотоодод тулалдаж тэмцэлдсэн  20 гаруй жилийн туршлага  юм. Энэ бүхнээ зааж өвлүүлэх хүсэл надад байна. Намайг гээд, надтай хамтарч ажиллахаар зориод ирсэн залуусыг  эрч хүчтэй бас оюунлаг  болгохын төлөө хичээж зүтгэнэ.

-Ингэхэд та түүх судлаач,  хэд хэдэн ном гаргаснаас үзэхэд бичиж гэмээ нь  сэтгүүлч биднийг ажилгүй болгож мэдэх нэгэн, дээр нь мэргэжлийн  тулаанч гээд  миний олж мэдсэнээр бол олон талын авьяастай. Ном бичиж байна уу?

-Би түүх  сонирхдог. Унших, судлахад  багагүй цаг зарцуулдаг. Бичих  сонирхолтой ч сүүлийн үед  цаг бага байна. Гэхдээ  олон юм руу  тарамдаад байлгүй энэ бүхнээ цэгцэлж, анхаарлаа төвлөрүүлэн  сууж ажиллах  цаг үе надад  ирж байх шиг байна.

Өнөөдөр эргээд харахад  миний амьдрал байнгын бэлтгэл сургуулилт, тулаанаас тулааны хооронд  өнгөрчээ. Тиймээс өөртөө цаг гаргаж, өөрийгөө болоод залуучуудыг хөгжүүлэхийн төлөө ажиллая гэж байгаа юм. Түүнээс гадна монголчуудын анхаарлын гадна орхигдсон  нэг зүйлд анхаарлаа хандуулсан. Тэр бол мод, ногоон байгууламжийг хайрлах, тарьж ургуулах.

Өвгөд дээдсээс бидэнд заяасан, цус хөлсөөрөө хамгаалж ирсэн  газар нутгаа  бид хайрлаж чадахгүй байна. Бид яагаад ой модоо хяргаад байна вэ. Намайг бага байхад  монгол орны газар нутгийн 17 хувь нь ой мод байлаа. Өнөөдөр  найман хувь хүрэхгүй  гэсэн үзүүлэлттэй гарчээ. Мөн Монголын газар нутгийн 80 хувь цөлжсөн гэсэн судалгаа сэтгэл хирдхийлгэж байна. Бид энэ нутагтаа амьдарна, үр хүүхэд маань үлдэнэ, түүнээс цааш  ч амьдрал үргэлжилнэ.

Тэр тухай бодохгүй байж болохгүй. Өнөөдөр Африкийг хар. Бид тэр зам руу маш хурдацтай явж байна. Манайхан Африкаас туршлага авах байтал барууны  хоцрогдсон  зүйлүүдийг оруулж ирж, хууль болгож хэрэгжүүлдэг. Татварын хууль гэхэд л ард түмний нуруун дээр  бууж байна шүү дээ. Энд би асуудлыг улстөржүүлэх гэсэнгүй, гэхдээ манай  хөгжлийн бодлого буруу яваад байна.

-Таны  “Мод таръя” хэмээн уриалж явааг дуулсан. Ой модтой хэдийнээс нөхөрлөв?

-Би хүүхэд байхын уулын оройд авирах, уулаар явж бэлтгэл, сургуулилт хийх дуртай. Улаанбаатар хотын эргэн тойрны уул хадаар гүйж, бэлтгэл хийж явахдаа ой мод, бутыг нь хардаг байлаа. Одоо эргэн  харахад  хотын ойр орчин  харамсалтай дүр зураг харагдаж байна. Үүнд  байгууллагуудын гар сэтгэл яагаад  хүрч ажиллахгүй байна вэ. Тиймээс байгаль орчноо нөхөн  сэргээх, мод, ногоон байгууламжаа хайрлаж хамгаалахад хүүхэд, залуусын оролцоог бий болгоё. Тэр тусмаа энэ ажилд тулааны тамирчдын оролцоо түлхүү байх ёстой.

Энэ  бодлын үүднээс тамирчдынхаа  хамт уул хадаар явж, мод хамгаалж ирсэн. Сүүлийн үед мод тарьж эхэлсэн. Мөн энэ ажилд ханцуй шамлан оролцож байгаа. Мод тарих ажилд Монгол-Германд алдар нэрээ дуурсгасан эрдэмтэн  зохиолч Ч.Галсан гуай, түүний хүү Г.Галтайхүү нартай  хамтарч ажиллаж байна. Мэдээж нэг удаа мод суулгаад орхичиход  ургахгүй.

Хүүхэд шиг асарч, бөөцийлж байж ургуулна.  Би Англид ажиллаж, амьдарч байхдаа  тэнд арав гаруй мянган мод тарьсан туршлага байгаа болохоор, дээр нь эх орноо ойжуулах гэсэн мундаг сэтгэлтэй Ч.Галсан зохиолч, түүний хүү Г.Галтайхүү болон олон сайхан залуус ажиллаж байхад зүгээр хараад сууж болохгүй. Тиймээс  сая мод тарих буянтай  ажилд  нь хамтран оролцож байгаадаа баяртай байгаа.

-Та  түрүүнд эрдэмтэдтэй ойр байдаг болохоор энэ чиглэлд хийх ажил  их бий гэсэн. Тэр тухайгаа тодруулахгүй юу?

-Монголчууд эцэг, өвгөд, эрдэмтэн мэргэдээ дээдэлж ирсэн. Сүүлийн үед энэ уламжлал хаягдчихаж. Баруунд түүхт хаад, агуу эрдэмтдээ асар их хүндэлдэг. Яаж хүндэлж ирэв,  тэр хэмжээгээрээ өнөөдөр  хөгжлийн оргилд явж байна. Гэтэл  төр нь ч, иргэд нь ч  өвгөд дээдэс, багш нар, ахмадуудаа   хүндлэхээ байчихаж.

“Уулын чимэг мод, улсын чимэг эрдэмтэн” гэдэг шүү дээ. Бид эрдэмтэн мэргэдээ  хүндэлж хайрлаж , тэдний суу ухаан,  эрдэм чадлыг  залуу үе маань авч үлдэх ёстой. Цаг, жам хоёр биднийг хүлээхгүй шүү дээ. Тиймээс энэ талаар залуучууд, дүү нартаа байнга хэлж, захидаг юм. Хамгийн чухал нь хүнийг хүндэлж сурах.

Тиймээс нэг талаар баруунд хэвшсэн эрхийн асуудлыг  манайд зарим  талаар ярих нь илүүц. Бид өвгөд дээдсээс үлдээсэн  соёл уламжлалыг дагаж явахад  алдах юм байхгүй. Өнөөдөр бид тааралдсан газраа адис авч байхаар агуу  эрдэмтдээ огт  тоодоггүй. Хүүхэд залуусын зарим нь тэдний хэн нь хэн бэ гэдгийг танихгүй шахам. Нэг үгээр хэлбэл, тэдний хүмүүжил европжиж, ах захаа хүндлэхгүй  байна. Европод  биднийг  “Хөөе хятад аа. Хөгшөөн” гэж угтдаг.

Тэгвэл монголчууд ахмад хүнийг “Хөөе, чи хөгшөөн төгцөг өө” гэдэггүй биз дээ. Тиймээс би  энэ талд анхаарч ажиллаж байгаа. Бидэнтэй бэлтгэл хийж байгаа хүүхэд, залууст тийм зүйл байхгүй.  

Тэд яг нэг дэгийн дор явдаг. Баруунд миний удирдлагад мэргэжлийн боксоор хичээллэж байсан хүүхдүүд ч ялгаагүй. Хүн ёс журамд баригддаг, дэгийн дор хүмүүждэг. Баруунд эцэг эхчүүд нь хүүхдээ боксоор хичээллүүлэхээс илүү  хүмүүжүүлэх гэж авчирч өгөх нь ч цөөнгүй. Лондоны Шаолины сүмд бэлтгэл хийхэд ийм байдал  ажиглагддаг байлаа.  Сонин байгаа биз, Европ Азиас сурч байна гэдэг. Хүүхдийг хүмүүжүүлэх ухаан  Ази Дорно дахины ёс уламжлалд маш гүн гүнзгий шингэсэн байдаг.

-Нийгмийн амьдралаас  юуг  өөрчилж шинэчилмээр байна?

 -Өнөөдөр боловсролын тогтолцоонд, эрүүл мэндийн салбарт  өөрчлөх зүйл их байна. Манайхан нэг л их эм тариа шүтэх юм. Би “Эрүүл мэндийн зөвлөмж” номынхоо хоёр ч цувралыг гаргасан. Хүнд тулаан хийдэг бидэн шиг хүмүүс хоолны  дэглэм барих хэрэгтэй. Олон раунд тулалдахын тулд хүчээ яаж хуваарилах вэ. Тэвчээр яаж гаргах вэ. Хэдий үед нь ямар хүч  гаргах вэ гээд бодох юм их бий. Боксын  тулааныг оюун ухааны өрсөлдөөн гэж үздэг.

Мэргэжлийн тулааны төрлүүд бол эх орны цэргүүд гэсэн үг. Эрч хүчтэй залуучууд бүтээн байгуулагчид байдаг. Боксчид хүн зодож, дээрэм хийж байна гэж дуулдаггүй шүү дээ. Рингэн дээр тулаанч болохоос амьдралд тэд даруухан  байдаг.

-Ингэхэд та  гудамжинд зодолдож байв уу?

-Би  рингнээс өөр газар хүн зодож чадахгүй юм билээ. Нэг сурвалжлагч надаас бас асууж байсан юм “Ээждээ барьсан хамгийн том бэлэг чинь юу вэ” гэж. Олон хүний ээждээ барьсан том бэлгийн тухай  үнэтэй юм авч өгсөн, машин бэлэглэж баярлуулсан тухай би уншиж байсан.

Мэдээж тэр сайхан. Гэхдээ үр хүүхдийн ээждээ барих хамгийн том бэлэг бол өөрийнхөө хэдий сайн явж байгааг харуулах  юм даа. Үүнийг би өөрийнхөө ээжээс  жишээ авч хэлж байгаа юм. Хүү нь гудамжинд зодолдож, танхайрч явбал ээжийн сэтгэл ямар байх билээ. Би бүхний дээр  эцэг эх, багшаа хүндэлж ирсэн.

Эцэг эх бол намайг тэнгэрээс газарт буулгасан ачтан, багш бол намайг газраас тэнгэрт өргөсөн ачтан. Тэгэхээр тун тэнцүүхэн ачтан байгаа биз. Тиймээс би эцэг эхээ, багшаа, эрдэмтэй хүнийг,  ахмадуудаа хүндэлдэг. Хүний ерөнхий зарчим энэ, ийм ч байх ёстой. Дээр нь бие биеэ хайрлах, хүндлэх  маш чухал. Манай залуус энэ талд анхаарч, миний түрүүнд хэлсэн хэт европжсон байдлаас  газар дээр, нутаг дээрээ  бууж ирэх хэрэгтэй. Европт  тэгдэг, Америкт ингэдэг, төдөн оны хууль дээр тэгж байгаа гээд л ярих юм.

УИХ-ын гишүүд хүртэл тэгж хэлдэг. Ингээд баахан европжсон  залуус, америкийг шүтсэн нөхдүүд. Тэр  улсуудын  хуулийг хуулбарлаж, даган дууриаж тэр замаар явахаар татвар авдаг, энэ журмаар ингэдэг гээд байж таарахгүй. Монголд таарсан,  хэдэн үеэрээ уламжилж ирсэн  ёс заншил гэж  бий. Түүнд зохицуулж, энэ газар нутагт  яаж амьдрах вэ  гэдгээ гаргах, түүнийгээ  шийдвэрлэх  ёстой болохоос бусдыг  хий хоосон дууриагаад амжилт олохгүй. 

-Барууны орнууд хөгжлийн оргилд хүрээд зогсохгүй спортоор дэлхийд манайлж байна. Энэ талаар?

-Баруунд  хөгжил, дэвшлийг  нэгдүгээрт тавихын зэрэгцээ  спортыг нэн тэргүүнд авч үздэг. Хичээллэх, бэлтгэл сургуулилт хийхээс эхлээд бүх орчин нөхцлийг бүрдүүлдэг. Англид  хөл бөмбөгийн  нэг жижигхэн тосгон л гэхэд өчнөөн хөл бөмбөгийн талбайтай. Гүйлтийн замууд ч тийм. Фитнесс клубууд нь ч үнэгүй. Тэр байгууламжууд хэний ч өмч биш.  Хэн дуртай нь очиж бэлтгэл хийх, тоглох нээлттэй.

Харин том багуудынх нь  бэлтгэл хийдэг заал, талбай тусдаа, нууц байдалд байдаг. Гэтэл Монголд өнөөдөр хөл бөмбөгийн ганц нэг талбай байгуулагдсан ч бүгд эзэнтэй. Сагс, гар бөмбөгийн талбайнууд төдийгүй машины зогсоол нь эзэнтэй, төлбөр нэхдэг. Энэ юуг харуулж байна вэ, яагаад биеийн тамир, спортоор хичээллэх гэсэн хүүхэд залуусаас төлбөр мөнгө нэхэж байна вэ.

Ганц цаг тоглоход хүүхэд бүрээс мөнгө авч, шулдаг байж таарахгүй. Энэ асуудлыг төр, засгаас анхаарах хэрэгтэй. Хөл, бөмбөгийн үаал талбай байгуулж байгаа нь сайн, гэхдээ хүүхэд залууст түрээсээр ашиглуулж байгаа нь буруу. Тэнд яамны бодлого, зохицуулалт алга.  Монголчууд цөөхөн, дээр нь хүүхэд залуус нь цоглог, эрч хүчтэй, эрүүл байхын тулд биеийн тамир, спортын газрууд хэрэгтэй. Гэтэл мөнгөгүй хүүхдүүд хаачих вэ, хаана тоглох вэ. Иймээс хүүхэд, залуус эрүүл биш, эмнэлэг рүү  гүйж байна.

Тэгвэл,  баруунд спортоор хичээллэх бүх боломж нээлттэй, хүүхэд залуус нь эрүүл чийрэг. Хүн амынх нь наслалт 100 давж, ахмадууд нь  нас 80, 90 гарсан ч цог золбоотой, спортоор хичээллээд гүйж явдаг. Манайд залуус нь боломжгүй байгаа юм чинь ахмадууд хүний тооноос хасагдсан байдалтай байна. Энэ  зөвхөн боловсрол, эрүүл мэндтэй холбоотой юм биш Монголын хувь заяатай холбоотой асуудал.

Эрүүл хүн Монголын баялаг байж, Монгол хүний үнэ цэнэ асар өндөр байх ёстой. Гэтэл өнөөдөр эх орондоо гаднын хэн нэгний өмнө бөхөлзөөд зогсч байгаа нь цөөнгүй. Тэр, энэ гэж гадныхныг гадуурхаж  байгаа юм биш,  энд хэн нь эзэн бэ гэдэг л гол асуудал.  Монголд монгол хүн эзэн юм байгаа биз дээ.

-Энэ бүхэн эцэстээ бодлогын буруу гэж та үзэж байна уу?

-Бодлого нь нэгдмэл биш,  боловсрол, эрүүл мэнд, спорт гээд ийш тийшээ салчихсан. Тэр дунд хэн эзэнгүйдэж байна гэвэл, иргэд, хүүхэд, залуус. Тамирчны багш нь байхгүй бол тэр хаачих вэ. Багшаа хайгаад явна. Тэгвэл өнөөдөр хүүхэд, залуус тэр газрыг, тийм бодлогыг  хайгаад яваад байна шүү дээ.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Манай уншигчид болоод, монголчууддаа хандаж та юу хэлэх вэ?

- Бидэнд эрхэмлэж нандигнах, хайрлаж хамгаалах зүйл маш их бий.  Хүрч болохгүй, онгичиж болохгүй  газар нутаг  гэж байна. “Гурван голын сав газарт бусдыг бүү нутаглуул. Хиад боржигон эмсийн халуун хэвлийг бүү бузартуул” гэсэн  Чингис хааны сургаал байна. Ганц Чингис хаан ингэж айлдаагүй, өмнөх үеийн бүх хаад хэлсэн нь уламжилж дамжиж ирсэн. Бид ч үр хойчдоо дамжуулах ёстой.

Газар нутгаа бусдаар ухуулж, төнхүүлээд баймааргүй байна. Чингис хаан яагаад дайн тулааны өмнө Бурхан Халдун ууланд гарч  гурван өдөр бясалгаж, өвгөд дээдсийн ариун сүнсэнд залбирдаг байсан юм бэ. Энэ шинжлэх ухаанаар үгүйсгэгдэж болох ч бидний өвгөд дээдсийн үеэс  үе дамжиж ирсэн сургууль, дэг жаяг, ёс заншил шүү дээ. Бүгдийг шинжлэх ухаанаар тайлбарлаж, баталж бас болдоггүй. Яагаад гэвэл, Чингис хааны морь цэрэг яагаад хурд, хүчтэй байсныг  өнөө хүртэл бүрэн тайлбарлаж чадаагүй  байна.

Тэгэхээр дахиад хэлье, бидэнд хайрлаж, хамгаалах газар нутаг, эрхэмлэж нандигнах зүйлүүд бий шүү. Энэ бүхнээ уншиж судлаасай, мэдээсэй гэж хэлье. Монголчууд 40 гарсан хүний үгийг илүүтэй анхаарч  сонсдог. Хол явсан хүний үгийг  сонс гэлцдэг. Тэгэхээр миний хувьд хэлэх цаг нь болжээ.

Зураг