Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

116 дугаар сургуулийн захирал хүүхдийн авъяасыг мөлжсөн үү?

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд ганцхан байдаг харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяа, хөгжмийн багш Б.Батболдтой хамтран сурагчдынхаа тоглолтын орлогыг хувьдаа завшсан гэх мэдээлэл нийтэд цацагдаад байгаа.

Учир нь тус мэдээллийг хэвлэлийнхэнд 116 дугаар сургуульд нийгмийн ажилтан байсан н.Жанибек, нярав С.Хотхүү нар энэ сарын 2-нд өгсөн юм.

Тэд хэлэхдээ “Тусгай 116 дугаар сургуулийн захирал, багш хамтран харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тоглолтын орлогыг хувьдаа завшиж, хүүхдүүдийг мөлжиж” байна гэсэн билээ.

Тэгвэл энэхүү мэдээллийг тус сургуулийн багш нар эрс няцааж,  өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Мэдээллийн хуралд сургуулийн захирал С.Энхтуяа оролцоно гэсэн ч тэрбээр ирсэнгүй.

23 хүний бүрэлдэхүүнтэй баг БНСУ-ыг зорьсон бөгөөд нийт зардал 17 сая төгрөг болсон гэв.

Шалтгааныг нь тодруулахад, хөгжмийн багш Б.Батболд “Захирал эмнэлэгт хэвтэхээр оочер захисан байсан. Өнөөдөр оочерных нь дараалал ирсэн тул эмнэлэгтээ хэвтсэн байгаа. Иймд хуралд оролцох боломжгүй боллоо” гэв.

Ингээд сургуулийн 10 гаруй багш нар мэдээлэл хийж, хүүхдийн авъяасыг мөлжсөн хэрэгт яагаад унасанаа тайлбарласан юм.

Тэдний хэлж буйгаар 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шугамаар 116 дугаар сургуулийн сурагч, багш нарт БНСУ-д аялан тоглолт хийх боломж гарсан байна.

Гэхдээ нэг талын зардлаа өөрсдөө гаргах нөхцөлтэй байжээ. Харин БНСУ-д очсоны дараах бүх зарлыг тус улсаас гаргасан аж.

Ингээд сурагч, багш нийлсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй баг БНСУ-ыг зорьсон бөгөөд нийт зардал 17 сая төгрөг болсон байна.

Энэхүү 17 сая төгрөгийг тухайн үед хүүхдүүдтэй хамт явсан долоон багш цалингийн зээл авч, бүрдүүлсэн гэлээ.

Ингээд багш нарын цалингийн зээлийг төлөх үүднээс өнгөрсөн 2012, 2013 онд 116 дугаар сургуулийнхан 10 орчим удаагийн тоглолт зохион байгуулж, дээрх мөнгийг босгосон. Үүнийг н.Жанибек, С.Хотхүү нар буруу ойлгож, нийт багш ажилчдын нэр хүндэд бүдүүлгээр халдлаа хэмээн тус сургуулийн технологийн багш Ц.Дэлгэржаргал мэдэгдлээ.

Харин математикийн багш Г.Бямбасүрэнгийн хэлж буйгаар н.Жанибек нь тус сургуульд зургаан сар ажилласан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Харин нярав С.Хотхүү нь ажил мэргэжлийн шаардлага хангаагүй, удаа дараа алдаа гаргасан тул ажлаас чөлөөлөгдсөн гэнэ. Иймд тэдний хийсэн мэдээлэл 116 дугаар сургуулийн багш нарыг төлөөлөх ямар ч боломжгүй гэж байв.

2008 ОНООС ХОЙШ 50-ИАД БАГШИЙГ ЯМАР Ч ШАЛТГААНГҮЙ ХАЛСАН

Ийнхүү 116 дугаар сургуулийн багш нар мэдээлэл хийж байх үед тус сургуулийн нийгмийн ажилтан байсан гэх н.Жанибек орж ирсэнээр байдлыг нэлээд хурцатгаад авсан.

Тэрбээр хэлэхдээ “Та бүхний явуулж байгаа хууль бус үйлдлийг би нийгмийн ажилтан хүнийхээ хувьд тэсээд сууж чадахгүй. Би үнэнийг л хэлсэн” гэсэн юм.

Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Таныг ямар нэгэн шахалт дарамтаар бус, өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэж 116 дугаар сургуулийн багш нар мэдээлж байна. Энэ үнэн үү?

-Үнэн. Гэхдээ намайг сургуулийн захирал С.Энхтуяа байнга дарамталж, ажлаасаа гар, яв зайл гэж хөөдөг байсан.

-Та хууль бус үйлдэлтэй хэзээ ч нийлэхгүй гэлээ. Яг ямар хууль бус зүйл 116 дугаар сургуульд болоод байна?

-Сургуулийн захирал 2008 оноос хойш 50 гаруй багшийг ажлаас нь ямар ч шалтгаангүй халсан. Энэ тухай мэдээлэл надад нэр устайгаа байгаа. Ер нь С.Энхтуяа захирал хүнтэй маш ёс зүйгүй харьцдаг. Ер нь энэ талаар та бүхэн надаас биш халагдсан тэр ахмад багш нараас асуувал илүү их зүйл хэлээд өгнө.

Мөн энэ сургуулийн ҮЭХороо нийт ажилчдынхаа төлөө бус захиралынхаа талд ажилладаг нь өөрөө маш том хууль зөрчиж байгаа хэрэг гэсэн юм.