УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганы завсарлагаанаар МАН-ын бүлгийн гишүүд захуудаар явж худалдаа эрхлэгчидтэй уулзсан. Тэд эдийн засаг зогсонг байдалд орж, элгээрээ мөлхчихлөө гэдэг зүйлийг хэлж байгаа. Энэ асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?
-Эдийн засгийн үзүүлэлтүүдээ харах хэрэгтэй. Инфляци өссөн, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт зогссон, аж ахуй нэгжүүд нь ажилчдаа цомхотгосон, арилжааны банкууд нь зээлээ зогсоосон, үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом нэмэгдсэн, иргэдийн худалдан авах чадвар буурсан, төгрөгийн ханш суларсан зэрэг нь энэ Засгийн газрын явуулж байгаа алдаатай бодлого.
Ж.Батзандан: Ерөнхий сайдыг үлгэр ярих зуур улс орны байдал улам дордсоор байгаа.
-Гэхдээ Ерөнхий сайд болон эрх баригчид эдийн засаг тэгтлээ доройтоогүй, бүсээ бага зэрэг чангалаад давчихна гэж ярих юм. Хэн нь худлаа яриад байгаа юм бэ?
-Гол нь Засгийн газрыг шахаж, шаардаж, ажлыг нь хийлгэх ёстой. Харамсалтай нь манай Ерөнхий сайд эдийн засаг хямраагүй, улс орны байдал сайн байгаа гэж долоо хоног бүр 30 минутын турш худлаа яриад байна. Ерөнхий сайдыг үлгэр ярих зуур улс орны байдал улам дордсоор байгаа. Цалин хөлс инфляцид дарлуулж, монгол төгрөг гадаад валютын өмнө сөхөрлөө. Худлаа ярьж, өрөөлөөс алдаа хайдгаа болих цаг болсон.
-Эдийн засаг хямраагүй гэж Ерөнхий сайд хэлээд байгаа нь худлаа гэж үү?
-Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд, зах зээлийн судалгаа уур амьсгал худлаа хэлнэ гэж байхгүй л дээ. Онолын хувьд гурван улирал дараалан эдийн засгийн өсөлт огцом буурвал үүнийг хямрал гэж тодорхойлдог.
Би Засгийн газрын судалгааны байгууллагын үгэнд биш, хөндлөнгийн эдийн засагчдын дүгнэлтийг үнэн гэж үздэг. Засгийн газар хуурамч статистик тоо гаргаж, ард түмний тархийг угаадаг байдлаа одоо зогсоож амьдрал хуурамч тоонд биш бодит үнэнд захирагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Уг нь чуулганы завсарлагааны энэ хугацаанд ээлжит бус чуулган зарлаж төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж байсан ч цаг үеийн асуудлаас болоод болиулчихлаа. Тэгэхээр төсвийн тодотголыг хэзээ хийх вэ?
-Хаврын чуулган эхлэхээр Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ хөндлөнгөөс ажиглахад зарим бараа бүтээгдэхүүний үнийг хүчээр бариад байгаа мэт харагдаж байна. Энэ хөтөлбөр ер нь хэрэгтэй юм уу?
-Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор нэг хэсгийг нь санхүүжүүлж дэмжин, нөгөө хэсгийг нь дампууруулж байна. Ер нь Засгийн газар орон сууц бариад, уурхай ажиллуулаад, мөнгө тараагаад байдгаа болих хэрэгтэй.
-“Эдийн засгийн форум 2014” болсон хэдий ч салбарын сайд нь ирээгүйн улмаас эдийн засагчид болон судлаачид үр дүнгүй чууллаа гэж дүгнэж байгаа. Таны хувьд энэ форумын үр дүнг юу гэж харж байгаа вэ. Мөн эндээс юу хүлээж байв?
-Би форумд оролцоогүй. Налайх дүүрэгт иргэд, сонгогчидтой уулзаж, төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хийж бүтээж байгаатай танилцаж санаа оноог нь сонсож орон нутагт ажиллалаа. Ер нь ажил муудахаар хурал, мах муудахаар хуушуур ихэсдэг гэдэг. Энэ олон хурал, чуулганаа болих хэрэгтэй.
-Валютын ханшийн өсөлт манай эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Үүнийг яаж зохицуулах ёстой вэ. Энэ тал дээр Монголбанкийг юу ч хийсэнгүй гэж шүүмжлэх хүн их байна?
-Манайх шиг эдийн засгийн жижиг багтаамжтай орон эрсдэл өндөртэй алхам хийвэл асар их өрөнд орж амархан дампуурна. Монголбанк манай улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, инфляцийг нэг оронтой тоонд барих үүрэгтэй. Энэ үүргээ сайн биелүүлж байна уу гэвэл эргэлзээтэй.
-Тэгэхээр энэ байдлаас хэрхэн гарах вэ?
-Төсвийн зардал, халамжийн бодлогоо эргэн харах хэрэгтэй. Манай төсвийн зарлагын 60 орчим хувь нь захиргааны зардал, халамжийн бодлогод зарцуулагддаг. Захиргааны нүсэр том бүтцээ тэжээхийн тулд эдийн засаг сульдаж байна.
Халамжийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд татвар төлөгчдийн нуруун дээр маш том ачаа үүрүүлж байгаа. Хямрал биднээс улстөрийн намуудын амлалтад хөтлөгдсөн эрүүл бус эдийн засгийн бодлогыг зогсоохыг шаардаж байна.
Эдийн засагт хүндрэл, дарамт учруулдаг төрийн өмчит компаниудыг татан буулгах, нэгтгэх, дахин зохион байгуулах замаар менежментийг нь яаралтай сайжруулах хэрэгтэй байна. Хавтгайрсан халамжийн бодлогыг зорилтот халамжийн бодлого болгож өөрчлөх ёстой.
Хэдхэн ченжүүдийн өмнө сөхөрсөн үндэсний валютаа хамгаалах валютын зохицуулалтын шинэ журамд шилжье, төсвийн цоорхой, төсвийн гадуурх хууль бус зарцуулалтаа зогсоо гэдэг шаардлагыг хүргүүлсэн. Одоогоор ямар ч хариу алга.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!