Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дэлгэрмаа: Битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбайтай болоосой

Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 22
Өдрийн шуудан
ОУХМ Д.Дэлгэрмаа

ОХУ-ын Сочи хотод өнгөрсөн сард өвлийн XXII олимпийн наадам монголчуудыг хагас сарын турш цэнхэр дэлгэцийн өмнө уясан билээ.

Монголын тэшүүрчид өнгөрсөн cap хагасын турш тун завгүй байж, өсвөр үе, насанд хүрэгчдийн УАШТ-д оролцсон. Монголын тэшүүрийн шилдэг тамирчны нэг, ОУХМ Даланбаярын Дэлгэрмаатай ярилцснаа хүргэе.

-Таны тэшүүрийн спорттой холбогдсон түүхээс ярилцлагаа эхэлбэл ямар вэ?

-Баярлалаа. Би тэшүүрийн спортоор 2008 оноос хичээллэсэн, өдгөө долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

-Анх ямар тэмцээнд оролцож байв?

-2008 онд Монголын бүх ард түмний ХII спартакиадад оролцсон. Би Орхон аймгийнхаа нэр дээр оролцож эмэгтэйчүүдийн багийн уралдаанаар хүрэл медаль хүртсэн. Их сандарч байсан шүү. Энэхүү амжилтдаа ихэд урамшиж уг спортоор эрчимтэй хичээллэсэн.

-Таны анхны багш хэн бэ?

-“Хангарьд“клубийн дасгалжуулагч Мөнх-Эрдэнэ.Дараа нь Бөхбат багш дээр хэсэг хичээллээд, хотод ирээд гавьяат тамирчин Л.Цэнд багшийн шавь болсон. Харин 2010 онд шигшээ багт орсноос хойш Э.Энхбаяр багшийн удирдлага дор хичээлэх болсон.

 Манайхаас бусад улс бүр битүү дээвэртэй мөсөн гулгуурийн талбайтай байдаг.

-Танай гэр бүлийнхэн хэрхэн дэмждэг вэ?

-Манай аав, ээж хоёр хоёулаа тамирчин байсан болохоор бүх талаар тусалж дэмждэг. Мөн манай хамаатан Базарсад ахын гэр бүл их дэмждэг. Тэдэндээ “Баярлалаа” гэж хэлмээр байна. Намайг ингэж дэмжээгүй бол би амжилт гаргахгүй байсан.

-Тэшүүрээр хичээллээд шантрах үе гарч байсан уу?

-Гайгүй шүү.

-Дулааны улиралд бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?

-Гүйнэ, дугуй унана. Хуурай газараар дуураймал дасгалууд хийж, дугуйт тэшүүрээр гулгадаг.

-Та Германд саяхан болсон “Kia speed skating”сургалтад урилгаар хоёр cap бэлтгэл хийсэн байх аа?

-Тийм ээ. Орон орны шилдэг тамирчидтай бэлтгэл хийсэн нь тун үр дүнтэй байсан. Сая монголд болсон тэмцээнд үүнийгээ батлан харуулж чадлаа. Германд англи хэлний хичээл заалгаж, хэл амжилт хоёр маань зэрэг ахисан. Тэнд очсондоо их баяртай байгаа.

-“Сочи-2014” өвлийн олимпийн XXII наадмын эрх авах боломж байсан уу?

-Байсан. Тэмцээндээ жаахан оноо дутсанаар биелүүлж чадаагүй. Биднийг хилийн чанадад тэмцээнд оролцоход зардал мөнгөний асуудал хүнд байдаг. Хэдийгээр улсаас тодорхой хэмжээний мөнгө гаргадаг ч гадаадад байнга бэлтгэл хийх боломж, нөхцөл байдаггүй. Эрхийн тэмцээнээс хэд хоногийн өмнө очиж цагийн зөрүүгээ гаргаж чадалгүй уралддаг болохоор олимпийн эрхээ авахад их амаргүй байлаа. Дараагийн тэмцээнд норматив биелүүлсэн ч олимпийн эрх олгох тэмцээн биш байсан нь харамсалтай. Гэхдээ нас залуу байна. Миний хувьд олимпийн эрхийн анхны тэмцээн байсан болохоор цаашдаа улам хичээнэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саяхан өвлийн спортыг хөгжүүлж, битүү дээвэртэй өвлийн ордонтой болгох зарлиг гаргасан.Энэ талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Энэ бол цаг үеэ олсон шийдвэр. Манай тэшүүрчид маш их баярлаж байгаа. Манайхаас бусад улс бүр битүү дээвэртэй мөсөн гулгуурийн талбайтай байдаг. Монголд ийм талбайтай болвол, манай тамирчдын амжилт ахиж, Ази болон бусад орны тамирчид ирж хамтарсан бэлтгэл хийх бүрэн боломжтой болно. Битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбайтай болоосой гэж үнэхээр их хүсч байна.

-Таны хүндэлж биширч явдаг тамирчин?

-Миний хувьд дэлхийн дээд амжилтын эзэн, олимп дэлхийн олон удаагийн аварга Канадын тэшүүрчин Синди Классенийг шүтдэг. Түүн шиг алдартай тамирчин болохыг хүсдэг.

-Таны цаашдын зорилго?

-Өвлийн олимпийн наадамд оролцохыг хүсдэг. Тэшүүрийн спортоо орхисны дараа дасгалжуулагчаар ажиллаж, олон сайхан шавьтай болохыг хусч байна. Мөн мэргэжлээрээ ажиллана.

-Нээрээ ямар мэргэжлээр сурч байгаа вэ?

-“Этүгэн” дээд сургуулийн био анагаах чиглэлээр сурдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Зураг