2007 онд Төрийн өмчийн хороо, ССАЖЯ, “Аса консалтинг” компани хооронд гурвалсан гэрээ байгуулж, Монголын үндэсний циркт менежметийн хувьчлал хийсэн билээ. Ингээд төрийн мэдэлд байсан Үндэсний цирк 2008 онд албан ёсоор “Аса консалтинг” кампанийн мэдэлд шилжиж, АСА цирк нэртэй болсон.
Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшилдээ найдаж, циркийн үйл ажиллагааг дөнгүүр аваад явна гэж үзсэн учир менежментийн хувьчлал хийсэн хэрэг.
Гэтэл өнөөдөр Монголын үндэсний цирк хөгжин дэвжих нь бүү хэл циркийн байр олон нийтийн худалдааны төв, үйлчилгээний газар болж, ажилчдын тоо цөөрч, циркийн ан амьтан, мал алга болсон байна.
Циркийн амьтад алга болсон төдийгүй циркийн барилга түрээсийн байр болсон байна.
Иймд ШӨХТГ-ын улсын байцаагчид өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд АСА циркт шалгалт хийж, үйл ажиллагааг нь хянажээ. Хяналт шалгалтын дүн ямар гарсан талаар өнөөдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр хэлэхдээ “Циркийн үйл ажиллагааг сайжруулах гэж менежментийн хувьчлал хийсэн. Гэтэл сайжруулах нь бүү хэл тарж, бутраад дуусч. Ажилчдын тоо цөөрч, циркийн амьтад алга болсон төдийгүй циркийн барилга түрээсийн байр болсон байна. Тэнд байхгүй юм алга. Машин угаалга, банк, элдэв янзын худалдаа, компьютер тоглоомыг газар гээд хэн дуртай нь түрээс эрхэлдэг газар болсон байна” гэв.
Иймд циркийг хувьчилж авсан “Аса консалтинг” компанид энэ бүх зөрчлөө арилгаж, циркийн хэвийн үйл ажиллагааг сэргээх шаардлага хүргүүлж, шаардлагыг 2015 оны нэгдүгээр сард багтаан биелүүлэх үүрэг өгсөн аж.
“Хэрэв энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол Монголын үндэсний циркийн менежментийн хувьчлалын гэрээг хүчингүйд тооцуулж, цуцлах арга хэмжээ авна” хэмээн ШӨХТГ-ын дарга О.Магнай хэллээ.
"АСА" ЦИРКИЙН ХУВЬЧЛАЛЫН ҮР ДАГАВАР
ХУВЬЧЛАЛААС ӨМНӨХ АСА ЦИРК | ХУВЬЧЛАЛААС ХОЙШХИ АСА ЦИРК |
---|---|
Ажилчдын тоо-136 | Ажилчдын тоо-61 |
Циркийн мал, амьтны тоо-41 | Циркийн мал, амьтны тоо-БАЙХГҮЙ |
Барилга байгууламжийн хэмжээ-4823м2 | Барилга байгууламжийн хэмжээ-4823м2 |
Эзэмшил газрын хэмжээ-35666м2 | Эзэмшил газрын хэмжээ-24269м2 |
ШӨХТГ-аас гаргасан зөрчил арилгуулах тухай шаардлага:
“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЦИРК” ХХК, “РОЯАЛ ПЛАЗА” ХХК-Д
"Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан удирдамжийн дагуу “Аса консалтинг” ХХК /Рояал плаза/-ийн “Аса цирк” /Монголын үндэсний цирк/-ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хийсэн хяналт шалгалтаар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 5/33 тоот дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.7, 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгах талаар дараах арга хэмжээг авч 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг ШААРДАЖ байна.
1. Циркийн үйлчилгээ, үйл ажиллагааг хувьчлан авахаас өмнөх байдалд хүрсэн түвшинг бууруулахгүй байдлаар удирдан зохион байгуулж хэрэглэгчдийг циркийн урлагийн үйлчилгээгээр хангаж ажиллах,
- Циркийг хувьчилж авах үед буюу 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээний 1.7-т заасан тооноос цөөнгүй циркийн урлагийн ажилтан, уран бүтээлчийг байнгийн ажлын байраар хангах,
- Өөрийн орон тооны бус циркийн урлагийн уран бүтээлчдийг циркийн урлагийн бэлтгэл, сургуулилт хийх, үзүүлбэр, тоглолт хийх боломжтой байраар хангахдаа циркийн урлагийн нөхцөлд тохирсон, биелүүлж болох нөхцөлийг тавих,
- Менежментийн АСА багийн Улсын циркийн 2007-2011 онд хөгжүүлэх стратеги ба бизнес төлөвлөгөөнд циркийн тоглолтын тоо хэмжээг жил тутам 64-109 удаа байхаар төлөвлөсний дагуу хийж хэрэглэгч олон нийтэд хүргэх. Ингэхдээ 2014 оныг дуустал циркийн урлагийн тоглолтыг нийт 48-аас доошгүй удаа хэрэглэгч олон нийтэд хүргэсэн байх,
2. Улсын циркийн барилга байгууламж, талбайг зориулалтын дагуу ашиглах,
- Зориулалтын бусаар ашиглаж буй циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар шат дараатай арга хэмжээ авах 5 жилийн төлөвлөгөө боловсруулан ирүүлэх,
- Циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар эхний ээлжинд 2014 оны дотор циркийн барилгын 5 дугаар корпусыг болон гадаа талбайн газрыг зориулалтын дагуу болгон сэргээн засварлах, тохижуулах ажлыг зохион байгуулан зориулалтын дагуу ашиглах,
Дээр дурдсан шаардлагуудын биелэлтийг 2015 оны 1 дүгээр сард багтаан гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж дүгнэх бөгөөд шаардлагын биелэлтийн явцыг мөн тухай бүрт нь шалгахыг анхаарна уу.
Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу циркийг хувьчилан худалдсан гэрээг цуцлаж, төрийн өмчид буцаан авах асуудлыг эрх бүхий байгуулагад тавьж шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхаарна уу" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!