Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Энхбат: Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор найман хүн амиа алдсан

Л. Одончимэг, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 4
Өдрийн шуудан
Зураг зураг
Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор найман хүн амиа алдсан

Cap шинийн баярын өдрүүдэд иргэд автомашинтайгаа хөдөө орон нутаг руу ихээр зорчдог.

Тиймээс хөдөө орон нутгийн замд ачаалал ихэссэн, хурд хэтрүүлсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж зам тээврийн осол ихээр гардаг байна. 

Энэ жилийн cap шинийн баярын өдрүүдэд ч том зам тээврийн осол цөөнгүй гарч, найман хүн харамсалтайгаар амиа алджээ. Энэ талаар ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Энхбатаас тодрууллаа.

-Баярын өдрүүдэд зам тээврийн осол цөөнгүй гарсан мэдээлэл байна. Танай дээр албан ёсны тоо бүртгэл нь ирсэн үү?

-Cap шинийн баярын өдрүүд буюу нэгдүгээр сарын 31-нээс энэ сарын 2-ныг хүртэл зам тээврийн ослын 1104 дуудлага “Шуурхай удирдлагын төв”-ийн утсанд ирсэн.

Үүнээс зам тээврийн ослоос болж 43 хүн гэмтэж, хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхиснаас үүдэн найман хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Баяр болж байгаа учраас гэр бүлээрээ нэг машинд явж байгаад осолд орсон, гэмтсэн харамсалтай тохиолдол ч их байна.

Ер нь баяр болохоор хөдөө орон нутгийн замд осол гарах нь нэмэгддэг. Тиймээс иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

-Гурван өдрийн дотор 1000 гаруй зам тээврийн осол гарсан гэлээ. Ер нь жирийн өдрүүдэд ямар байдаг бол?

-Баяр болохоор хөдөө орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Энэ хэмжээгээр зам тээврийн осол ихэсдэг гэж хэлж болно. Хөдөө орон нутгийн замд гарсан ослоос болж хүний амь эрсдэх нь элбэг байдаг. 1000 гаруй автотээврийн хэрэгсэл осол гаргасан гэдэг нь жирийн өдрүүдийнхээс 50 хувиар нэмэгдсэн гэсэн үг.

-Уг нь cap шинийн өдрүүдээр Замын цагдаагийн газрынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан шүү дээ. Гэвч ослын тоо 50 хувиар нэмэгдсэн гэж байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Манайхан баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг. Ганц Улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутгийн замд ажилладаг. Гэсэн хэдий ч зам тээврийн ослын тоо буурахгүй байна. Энэ нь ганц амын цагдаагаас шалтгаалах зүйл биш л дээ.

Иргэд дор бүрнээ өөрсдийн аюулгүй байдлыг хамгаалж, замын хөдөлгөөндөө болгоомжтой оролцох хэрэгтэй байна. Ингэснээр ганц өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах бус бусдынхыг ч хамгаалж байгаа хэрэг. Тиймээс жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй, хориотой газар гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг анхааруулмаар байна.

Зураг