Уншиж байна ...

Apple компани хүмүүсийг бухимдуулсан сурталчилгаагаа буцаан татлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Apple компани энэ долоо хоногт iPad бүтээгдэхүүнийхээ шинэчилсэн загваруудыг танилцуулсан билээ.

Мягмар гарагт тус компани шинэ iPad Pro бүтээгдэхүүнийхээ видео сурталчилгааг сошиал сүлжээгээр нийтэд цацсан юм.

Гэтэл уг сурталчилгааны агуулга зарим хүмүүст огт таалагдаагүй тул буцааж татахаас өөр аргагүй болжээ.

Сурталчилгаанд өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний оюун ухаан, авьяас билгээр бүтээсэн урлаг соёлын эд зүйлсийг аварга том даралтат машинаар бяцлаад 5 мм-ийн зузаантай ганц iPad Pro төхөөрөмжид багтааж байгааг харуулсан юм. Тухайлбал төрөл бүрийн хөгжмийн зэмсгүүд, зургийн будаг хэрэгсэл, баримал, компьютер тоглоом зэргийг бяцалж байгааг үзүүлсэн байна. 

Төгсгөлд нь “Бүх үеийн хамгийн хүчирхэг, бас хамгийн нимгэн iPad” гэсэн өгүүлбэрийг хэлж байжээ.

Сурталчилгааг цацагдсаны дараа олны танил хүмүүс шүүмжилж эхэлсэн юм.

Тухайлбал Британийн жүжигчин Хью Грант “Цахиурын хөндий хүн төрөлхтний соёлын өвийг устгаж байгааг харууллаа” хэмээн Х хуудсандаа бичжээ.

АНУ-ын кино найруулагч Жастин Бэйтмэн “Apple яагаад урлагийг нухчин дарж байгааг сурталчилгаандаа үзүүлэв? Технологи, хиймэл оюун гэх мэт зүйлс урлаг соёл, нийгмийг бүхэлд нь устгах зорилготой юм уу” гэж бас сошиал хуудсандаа шүүмжлэн бичсэн байна.

Дараа нь Apple компани буруу ойлгогдох сурталчилгаа цацсандаа уучлал гуйжээ.

Компанийн маркетинг хариуцсан дэд захирал Тор Майрен “Хэрэглэгчдийн iPad-аар дамжуулан өөрийгөө илэрхийлэх, санаагаа бодит зүйл болгох олон арга замыг сурталчлах нь бидний зорилго байсан юм. Гэвч энэ санааг илэрхийлэхдээ алдаа гаргасан тул уучлал гуйж байна” гээд сурталчилгааг телевизээр цацах төлөвлөгөөгөө цуцалсныг мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Guardian