Уншиж байна ...

FACTCHECK: Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрийг эвдсэн ЗОРИГ хаанаас гарсан бэ?

ikon.mn
2024 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Товч агуулга:

  • 1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, зураглаач хийсэн тухай огт дурдаагүй.
  • Нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Содбилэг нь Ерөнхий сайдын Ажлын албаны Үг, илтгэлийн хэлтсийн даргын алба хашдаг (байжээ).
  • Өчигдөр байсан түүний тухай мэдээлэл өнөөдөр байхгүй болсон бөгөөд cabinet.gov.mn сайтад хамгийн сүүлд 2024-04-22 10:06:40 цагт өөрчлөлт орсон байна.

С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав.

зураг
 

Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, зураглаач, жолооч хийсэн тухай ямар нэгэн мэдээлэл нэвтрүүлгийн аль ч хэсэгт огт дурдагдсангүй.

Энэ нь эх сурвалж тодорхойгүй буюу олон нийтэд тухайн телевизийн суваг өөрсдөө бэлтгэн хүргэж байгаа мэтээр төөрөгдөл үүсгэж байна.
Нэвтрүүлгийн үеэр зөвхөн оролцогч болон хөтлөгчийн нэрнээс өөр мэдээлэл гарсангүй. Тодруулбал, “Зочин хөтлөгч Ч.Содбилэг” гэсэн текст гарсан юм. Оролцогч “26 жилийн дараа анх удаа ярилцлага өгөхдөө сэтгүүлч биш хүнд өгөхийг хүссэн” гэж тодотгож хэлсэн.

Тэгвэл Ч.Содбилэг нь ямар мэргэжилтэй болохыг бид хайж үзлээ. Түүний талаар News.mn агентлаг 2018.01.09-нд “Шинэ нэр: Залуу түүхч Ч.Содбилэг” гэсэн нийтлэл бэлтгэн түгээж байжээ.

Уг нийтлэлд түүнийг “Монголын их Юань улсын түүх” хэмээх боть номыг Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа бичиж, Монголынхоо түүхч, эрдэмтэн, судлаачдад сайшаагдсан бүтээл туурвиж чадсан залуу түүхч Ч.Содбилэг гэж онцлоод 2017 онд гурав дахь ном болох “Сэнтий түшсэн хатад” номыг бичсэн гэжээ.

Уг номыг m-book номын цахим худалдааны сайтад 2018.09.07-нд нийтэлж байсан байна.

зураг
 

Харин түүний албан тушаалын талаар Tagtaa Publishing компанийн үүсгэн байгуулагч, редактор Б.Баясгалан 2024.04.21-ний 10:26 цагт жиргэснээр олон нийтэд хүргэв.

зураг
 
зураг
 

Уг мэдээллийг бид өнөөдөр 15:30 цагт cabinet.gov.mn сайтаас нягтлахад Ерөнхий сайдын ажлын албаны мэдээлэл дунд Ч.Содбилэг гэсэн нэр байгаагүй юм.

зураг
 

Factcheck:

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлагын талаар тусгажээ.

Үүний

  • 23.3.Өөрийн бүтээсэн болон зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй бүтээлийг дамжуулна.
  • 23.6.Дамжуулж байгаа хөтөлбөр нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байна.
  • 23.7.Мэдээг олон талт эх сурвалжийг ашигласан, үйл явдлыг үнэн, шударга, тэнцвэртэй, хараат бус байхаар мэдээлнэ.
  • 23.8.Мэдээг зар сурталчилгаа, төлбөрт болон захиалгат мэдээ, нэвтрүүлгээс ойлгомжтой байдлаар ялгасан байна гэснээс гадна

24 дүгээр зүйлд Зар сурталчилгаа гэсэн хэсэгт

  • 24.1.Зар сурталчилгааны эхлэл, төгсгөлийг үзэгч, сонсогчид ойлгомжтой байдлаар дуу, дүрсээр илэрхийлнэ.
  • 24.2.Радио, телевизээр дамжуулах аливаа хэлбэрийн зар сурталчилгааны хязгаарлалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат, теле-худалдааны нэвтрүүлгийн талаарх зохицуулалт хийхтэй холбогдсон журмыг Зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавина гэж тусгажээ.

Иймд өргөн нэвтрүүлгүүдийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг хянаж зохицуулдаг эсэх талаар Харилцаа, холбооны зохицуулах газраас тодрууллаа. Гэвч хариуцсан албан тушаалтан нь томилолттой байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна гэдэг тайлбар өгөв.

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагыг ХХЗХ-ны 2016 оны 12 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт, 2016 оны 29 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан мэдээлэл ХХЗХ-ны вэбсайтад нээлттэй байгаа юм.

Уг нөхцөл шаардлагад дараах заалтуудыг тусгасан байна. Үүнд:

  • 7.17. Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгч нь нэвтрүүлгээ урьдчилан гаргасан хөтөлбөр, хуваарийн дагуу, цагийн хуваарийг баримтлан нэвтрүүлэх бөгөөд хуваарьт тусгаагүй нэвтрүүлгийг энэ журмын 7.18-т заасны дагуу урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр дамжуулж болно.
  • 7.18. Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгч нь урьдчилан гаргасан хөтөлбөрөө тухайн 7 хоног эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө ОСДҮЭ-д хүргүүлэх, эсхүл баталсан хөтөлбөрөө тогтмол гаргаж байх цахим хуудсыг мэдэгдэх ба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаж мэдэгдэнэ.
  • 7.19. Хөтөлбөрт өөрчлөлт орох бол урьдчилан зарлаж, мэдэгдэх ба өөрчлөлтийн талаарх мэдээллийг тухайн өөрчлөлт гарахаас 8 цагаас багагүй хугацааны өмнө Зохицуулах хороонд болон ОСДҮЭ-д мэдэгдсэн байна.
  • 7.20. Хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг энэхүү нөхцөл шаарлагын 7.18-д заасан хугацаанд мэдэгдсэн тохиолдолд тухайн ОСДҮЭ нь өөрчлөлтийг холбогдох системд оруулах үүрэгтэй.

Хэрэв эдгээр үүргийг хэрэгжүүлээгүй буюу ерөнхий нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд Зохицуулах хороо нь зөрчлөөс хамааруулан тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан эдийн засгийн хариуцлага хүлээлгэх эсхүл холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах шаардлагатай арга хэмжээг авна гэж заасан байна. Тодруулбал:

  • 15.1.1 зөрчлийг арилгуулах тухай хугацаатай үүрэг даалгавар, шаардлага өгөх
  • 15.1.2 захиргааны хариуцлага хүлээлгэх
  • 15.1.3 захиргааны хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахуулахаар холбогдох
  • хяналтын байгууллагад мэдэгдэх
  • 15.1.4 тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай сануулах
  • 15.1.5 тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх
  • 15.1.6 тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах зохицуулалттай байна.

Factcheck:

Нэвтрүүлгийг олон телевизээр нэгэн өдөр зэрэг түгээж байгаа нь зорилготой буюу пропаганда гэж харж болохуйц байна.

Пропаганда гэдэг нь “Ямар нэг сэдвийн зөвхөн нэг хэсгийг агуулсан мэдээлэл, санаа, үзэл бодол, зургийг хүмүүсийн үзэл бодолд нөлөөлөх зорилгоор цацах, нийтлэх, эсвэл өөр хэлбэрээр тараах” гэж тодорхойлсон байдаг.

 

Ялангуяа, улс төрийн шалтгаан, үзэл бодлыг сурталчлахад ашигладаг хэмээн олон улсад тодорхойлдог.

УИХ-ын сонгууль болох дөхөж байгаа энэ үед улс төрийн нэрт зүтгэлтний амиа алдсан хэргийн сэдэвтэй уг нэвтрүүлгийг Засгийн газарт, Ерөнхий сайдын ажлын албанд удирдах албан тушаал хашиж байсан хүн хөтөлсөн нь анхнаасаа улс төрийн зорилготой гэж харж болохоор байна.

Ашигласан эх сурвалжууд:

 

 

Эх сурвалж: Factcheck.mn