Уншиж байна ...

Монгол орны ихэнх гол мөрний мөс хайлж, нимгэрчээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар монгол орны гол мөрний мөсний үзэгдэл, зузааны мэдээллийг УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтсээс гаргажээ.

Хойд мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан хандлагатай байсан ба эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшнийг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-50 см ахиу байна.

Харин Бэлтэс, Бүгсий голд мөс байрандаа хайлах, мөсөн дээгүүр ус урсах үзэгдэл голлон ажиглагдаж 20 см орчим зузаан мөстэй байна. Хөвсгөл нуур Хатгал тосгон Ханх сум орчимд 100-125 см зузаан мөстэй усан зах үүсжээ.

Хангайн нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойд тамир, Урд тамир зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-50 см нимгэрч, усан зах үүсэж, мөс байрандаа хайлах, мөс харлах, шингэн цөн, харз гүйх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.

Өгий болон Тэрхийн Цагаан нуур 100-105 см зузаан мөстэй байгаа нь дөрөвдүгээр сарын 11-ний өдрийнхөөс 5-15 см нимгэрчээ. Дээрх голуудын усны түвшин өмнөх арав хоногийн дунд хүртэл хоногт 1-2 см буураад хугацааны сүүлээр мөсний үзэгдэл эрчимжсэнээс болж аажим нэмэгдсэн хандлагатай байв. 

Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай, Шивэрт зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш буурсан ерөнхий явцтай байсан ба эдгээр голуудад мөс байрандаа хайлах, мөсөн дээгүүр ус урсах зэрэг хаврын мөсний үзэгдэл голлон ажиглагдаж байна. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 20-70 см ахиу байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд өнгөрсөн хугацааны турш түвшний бууралт ажиглагдсан бөгөөд ус судлалын Орхон-Бат-Өлзийт харуул орчимд болон доош цөнгийн хахаа үүсжээ.

 Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтийн нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз голын дагууд хаврын мөсний үзэгдэл үргэлжилж байгаа бол ус судлалын Онон-Биндэр, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд гол мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн байна. Дээрх голуудад цөнгийн хахаа тавигдсанаас шалтгаалан өнгөрсөн хугацаанд усны түвшний бууралттай үе ажиглагдсан байна.

Төв Азийн гадагш урсацгүй ай сав           

Алтайн нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Бодонч, Долооннуур, Сагсай, Согоог, Чонохарайх, Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буюу хоногт 1-2 см буурсан байна.

Ховд, Буянт, Булган гол мөс байрандаа хайлах үзэгдэлтэй байгаа бол бусад голуудын мөснөөс бүрэн хайлжээ.

Хангайн нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Хүнгүй, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Түй, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Зэгстэй, Таац зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-45 см нимгэрч, 15-85 см зузаан мөстэй болсон ба хайлах, өтгөн, шингэн цөн гүйх үзэгдэл давамгайлжээ.

Увс нуурын савын Хархираа, Намир, Чигж, Баруунтуруун, Түргэн, Тэс, Хариг, Хангилцаг зэрэг голын мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5-20 см нимгэрч, 10-25 см зузаан мөстэй болсон бол Хяргас нуурын мөс бүрэн хайлсан байна. Увс нуур 85 см зузаан мөстэй усан захтай болжээ.

2024 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар манай орны ихэнх гол мөрөнд хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсний улмаас мөсний зузаан нимгэрч, мөс хэврэгшиж эхэлсэн байна. Иймд ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.