Уншиж байна ...
Зураг
Зураг

Оросын стратегийн бөмбөгдөгч онгоц осолдсоны хариуцлагыг Украины тал хүлээв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Оросын армийн алсын зайн стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц Баасан гарагт тус улсын Ставрополь мужийн нутаг дэвсгэрт осолджээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам уг осолд “техникийн доголдол” нөлөөлсөн гэж мэдэгдсэн юм.

Харин Украины зэвсэгт хүчин өөрийнх нь нутаг дэвсгэрт гурав дахь жилдээ үргэлжилж буй дайны хугацаанд анх удаагаа байлдааны ийм чухал том техникийг устгаж чадсанаа мэдэгджээ.

“Анх удаагаа манай агаарын хүчнийхэн тагнуулын албатай хамтран Ту-22М3 алсын зайн стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцыг устгалаа” гэж Украины зэвсэгт хүчний мэдэгдэлд өгүүлсэн байна.

Оросын албаны эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр уг онгоц үүргээ биелүүлээд бааз руугаа буцаж явах замдаа осолдсон гэнэ.

Онгоцонд дөрвөн нисгэгч зорчиж явсны нэг нь амь үрэгдэж, хоёр нь эмнэлэгт хүргэгдэж, дөрөв дэх нь олдохгүй байгааг бас мэдээлжээ.

Сүүл хэсэг нь шатсан онгоц агаарт эргэлдэн унаж байгааг харуулсан дүрс бичлэгүүд сошиал орчинд тарсан байна.

Уг онгоц Днипро, Кривой Рог хотуудад агаарын цохилт өгсний дараа бааз руугаа буцаж явсныг Украины тал баталжээ.

“Энэ онгоц Днипро, Кривой Рог хотуудыг бөмбөгдсөн юм. Бид өөрийн хотууд, ард иргэдийнхээ өшөөг авч чадлаа” гэж Украины агаарын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Илья Евлаш ярьсан байна.

Онгоц осолдсон Ставрополийн хязгаар нь Кавказын хойд талд, Крымийн хойгоос зүүн зүгт оршдог бөгөөд дайны турш Украины нутагт агаараас довтлох ажиллагааны гол түшиц газар болж байсан юм.

Онгоцны осолдсон цэг Крымийн хойгийн зүүн эргээс 400 орчим километр зайтай байжээ.

Нэг бүр нь $40 саяын үнэ өртөгтэй Ty-22М3 нисэх онгоц ОХУ-ын армид 57 ширхэг байдаг тухай Лондонд төвтэй Олон Улсын Стратегийн Судалгааны Хүрээлэн саяхан нийтэлсэн тайландаа мэдээлж байв.

 

Эх сурвалж: Reuters