Уншиж байна ...

Хуйвалдаан зохион байгуулсан шалтгаанаар Бээжингийн марафоны эхний гурван байрын медалийг хураажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Ням гарагт Хятадын нийслэл Бээжин хотод зохион байгуулагдсан хагас марафоны үр дүн эргэлзээтэй болсон тул мөрдөн шалгах ажил эхэлсэн юм.

Тэгвэл энэ мөрдлөгийн үр дүнд уралдааны эхний гурван байр эзэлсэн тамирчдын медалийг хураах шийдвэр гарчээ.

Энэ уралдаанд Хятадын тамирчин Хэ Жие түрүүлсэн юм. Гэхдээ уралдаанд оролцсон Африкийн гурван тамирчин түүнийг санаатай урдаа оруулсан байж болзошгүй гэх сэжиг яригдаж эхэлсэн байна.

Уралдааны дүрс бичлэгээс Кенийн Роберт Кетер, Уилли Мнангат, Этиопын Дежене Хаилу нар барианд орохынхоо өмнөхөн хурдаа удаашруулж, Хэ Жиег урдаа оруулсан нь тодорхой харагдаж байв.

Тэмцээний дараа Мнангат өөрсдийгөө “пэйсмэйкер” (pacemaker) үүрэгтэй буюу Хэгийн амжилтыг дэмжих зорилготой уралдаанд оролцсон гэж хэвлэлд ярьсан юм.

Гэхдээ уралдааныг зохион байгуулагчид Африкийн тамирчдын хэн нь ч “пэйсмэйкер” үүрэгтэй оролцохоо албан ёсоор бүртгүүлээгүй тул Хэ Жиег түрүүлүүлэхээр хуйвалдсан гэж дүгнэжээ.

Баасан гарагт уралдааныг зохион байгуулах хорооноос дээрх дөрвөн тамирчны медаль, цом, шагналын мөнгийг хураасан тухай мэдээлсэн байна.

Энэ дуулианы дараа Хятадын Хөнгөн Атлетикийн Холбоо тус улсад зохион байгуулдаг тэмцээн уралдаануудын дүрэм журмыг сайжруулахад анхаарч ажиллахаа амлажээ.

Хэ Жие нь 2023 оны Ханжоугийн Азийн Наадмын марафон гүйлтийн төрлөөс алтан медаль авсан тамирчин юм. Тэрбээр Хятадын бүтэн марафоны дээд амжилтыг эзэмшдэг.

 

Эх сурвалж: BBC