Уншиж байна ...
Зураг
Зураг

АНУ-ын конгресс Украин, Израильд үзүүлэх тусламжийг батлах ажлыг эхлүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим Украин, Израиль, Тайваньд үзүүлэх тусламжийн $95 тэрбумын багцыг батлах эхний алхмаа Баасан гарагт амжилттай эхлүүллээ.

Уг тусламж олон сарын хугацаанд саатсаны улмаас Украины арми Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэх зэр зэвсгийн нөөцгүй болоод байгаа.

Тусламжийн хуулийн төслийг өмнө нь конгрессын дээд танхим Сенат дэмжсэн ч доод танхим болох төлөөлөгчдийн танхим хэлэлцэлгүй удсан нь Украины тусламжийг үргэлжлүүлэхийг эсэргүүцдэг Бүгд Найрамдах Намын баруун жигүүрийнхний шахалттай холбоотой байв. Хэрвээ уг асуудлыг хэлэлцвэл тэд өөрийн намын спикер Майк Жонсоныг огцруулахаар сүрдүүлж байсан юм.

Жонсон намынхантайгаа сөргөлдөхөөс зайлсхийж, тусламжийн хуулийн төслийг хэлэлцүүлэлгүй хойшлуулсаар байв.

Харин энэ долоо хоногийн Лхагва гарагт тэрбээр байр сууриа өөрчилж, санал хураалт зохион байгуулах болсныг зарлажээ.

Өчигдрийн санал хураалт нь процедурын арга хэмжээ байсан бөгөөд эцсийн санал хураалт зохион байгуулах замыг нээсэн юм.

Эцсийн санал хураалтыг өнөөдөр буюу Бямба гарагт зохион байгуулах товтой байна.

Өчигдөр төлөөлөгчдийн танхимын цөөнх Ардчилсан Намын гишүүд илүү олноор дэмжсэнээр Бүгд Найрамдах намын зарим хэсгийн эсэргүүцлийг давсан юм.

Санал хураалтын дүн 316:94 байснаас дэмжигчдийн 165 нь Ардчилсан Намын гишүүд, 151 нь Бүгд Найрамдах Намын гишүүд байжээ. Эсэргүүцэгчдийн 55 нь Бүгд Найрамдах Намын гишүүд байсан юм.

Өөрөөр хэлбэл төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон оруулсан хуулийн төслөө дэмжүүлэхийн тулд сөрөг хүчний дэмжлэгийг авч чадсан байна.

Бүгд Найрамдах Намын баруун жигүүрийнхэн ийм алхам хийснийх нь төлөө өөрийн намын спикер Майк Жонсоныг огцруулах асуудлыг тавих нь тодорхой боллоо.

Санал хураалтын өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа Жонсон “Би санаа зовохгүй байна. Энэ бол миний ажил. Би сүрдүүлгээс айхгүй” гэж хэлж байжээ.

“Спикер Жонсон манай намын спикер биш болсныг албан ёсоор зарлаж байна!” гэж санал хураалтын дараа Бүгд Найрамдах Намаас Кентаки мужид сонгогдсон сенатор Ранд Пол сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

Гэхдээ Жонсон энэ удаа бас төлөөлөгчдийн танхимын цөөнх болох Ардчилсан Намын гишүүдийн дэмжлэгтэйгээр суудалдаа үлдэх магадлалтай юм.

Хуулийн төсөл эцсийн санал хураалтаар дэмжигдвэл Сенатын танхимд дахин санал хураалт болох ба үүний дараа ерөнхийлөгч Жо Байден баталснаар хүчин төгөлдөр болно.

 

Эх сурвалж: BBC