Уншиж байна ...

Ж.Бат-Эрдэнэ: Энэ жилийн зуд турхан малчдад ТУС хийнэ гэж санаанд орсонгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Энэ жил маш хүнд өвөл, хавар болсныг та бүхэн мэдэж байгаа. Зуд турхан малчдад хүнд тусдаг, 6.3 сая мал хорогдсон. Гэхдээ зуд турхан малчдад тустай байна гэж үнэндээ санаанд орсонгүй. Үндсэндээ зуд турхан малчдад тус хийлээ. 

Мал аж ахуйтай холбоотой асуудалд шинэчлэл хийх ёстой гэж их ярьсан. Жишээлбэл шинэ хөдөө хөтөлбөрийг 2017 оноос хойш хэрэгжүүлээд явж байгаа. 

10 ширхэг өвс бариад малчдад очих биш. Засгийн газар арай ондоо түвшнээс харах, шинэчлэл хийе гэж байгаа юм байна. Малчдад таван га газрыг хоршоолох хэлбэрээр олгох гэж байна. 

Манай аймгийн Сайхан суманд 20 өрх нийлж байгаад хоршоо байгуулсан. Засаг захиргаанаас 100 гаруй га газар өгч, хоршоонд орсон 20 өрх ногоо тариалж амьдралд нь тус дэмтэй байна. 

Хагас эрчимжсэн мал аж ахуйд шилжинэ гэдэг нь бүх малаа хаших асуудал биш. Түүхий эд бэлдэх тогтолцоогоо өөрчлөх ёстой" гэв. 

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хоршоодод дутагдаж буй нэг зүйл бол хөрөнгө оруулалт. Анхан шатанд мал нядалгаа, арьс түүхий эдийн цех, ногоон тэжээл бэлтгэх зүйл дутагдалтай байна. 

Засгийн газар энэ хуулийн төслийг өргөн барьж хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтын зээлийг олгох бодлогыг дэмжиж байгаа. Хоршоололд нэгдсэний үндсэн дээр хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болно. Ингэснээр богино хугацаанд мал аж ахуйн салбарын сэргэлтийг бий болгоно. 

Дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлж буй 10 орчим хувийн нөлөөллийг ойрын арван жилд 30 хувьд хүргэж боломжтой. Энэ хөтөлбөр арга хэмжээг авахгүйгээр мал аж ахуй өөрөөрөө сэргэнэ гэдэг хүлээлт хаана ч байхгүй байна. 

2024 онд арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр 500 орчим тэрбум төгрөг мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр орно. Мал аж ахуйн салбарт нийт 1,571 гаруй хоршоо байгуулагдсан. Эдгээр хоршоонд хөрөнгө оруулалтын эх үүсвэр байхгүй учраас амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа нь бага байна. 

Тиймээс Засгийн газар зээлийн батлан даалтын сан, хэмжээнээс хамаараад 100 хүртэлх хувиар батлан даах зохицуулалтыг өнөөдрийн хуулиар оруулж өгнө" хэмээн ярилаа. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1664482344379899