Уншиж байна ...

Эмэгтэй хүн жирэмслэх бүрдээ хоёроос гурван сараар хөгширдгийг судлаачид тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Жирэмслэлт эмэгтэй хүний биологийн насыг нэмэгдүүлдгийг судлаачид тогтоосноо саяхан мэдээлжээ.

Нью-Йорк хотын Колумбын Их Сургуулийн Нийтийн Эрүүл Мэндийн Мэйлмэн Сургуулийн хэсэг эрдэмтэд 1,735 хүний урт хугацааны эрүүл мэндийн түүхийг тэдний генетикийн мэдээлэлтэй харьцуулан судалсан байна.

Ингэхэд судалгаанд хамрагдсан 825 эмэгтэй жирэмслэх бүрд биологийн нас нь 2-3 сараар нэмэгдэж байгааг тогтоожээ.

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн нийгмийн байдал, тамхины хэрэглээ, генетикийн онцлог, хүрээлэн байгаа орчныг тооцоход ч  дээрх хамаарал хэвээр хадгалагдаж байсан байна.

Харин аав болсон 910 эрэгтэйн биологийн наслалтад ямар нэг өөрчлөлт ажиглагдахгүй байжээ.

Судалгааны тайлан “Proceedings of National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

“Жирэмслэлт нь биологийн хөгшрөлтийг түргэсэгдэг болохыг бид олж тогтоолоо. Залуу, төрөх насны эмэгтэйчүүдэд энэ үйл явц илт ажиглагдаж байна. Бид бас анх удаа эдгээр эмэгтэйчүүдийг урт хугацаанд дагаж судалсан бөгөөд ингэхэд жирэмслэлт бүр эмэгтэйн биологийн наслалтад нөлөөлж буй нь харагдлаа” гэж судалгааг ахалсан Колумбын Наслалтын Төвийн ажилтан Кален Райан ярьжээ.

Тэрбээр цааш нь “Наслалтын үйл явцад жирэмслэлт болон бусад нөхөн үржихүйн үзэгдлүүд хэрхэн нөлөөлдгийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Судалгаанд оролцсон хүмүүсийн хөгшрөлтийн хурд хэдэн арван жилийн дараа эрүүл мэнд, нас баралтад нь хэрхэн нөлөөлөхийг бид мэдэхгүй байна” гэж судалгааныхаа дутагдалтай талыг тайлбарласан байна.

 

Эх сурвалж: The Guardian