Уншиж байна ...

Ж.Чүлтэмсүрэн: Талийгаач онцгой байдлын албанд 20 гаруй жил ажилласан туршлагатай ажилтан байлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдэж тус дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраасан талаар бид мэдээлсэн.

Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдсан юм.

Уг асуудлаар Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ) өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн "Гал гарсан объектын хувьд нийт гурван давхар, дээд давхарт нь худалдаа үйл ажиллагаа эрхэлдэг бол нэг, хоёрдугаар давхарт агуулахын зориулалтаар ашигладаг байгууламж. Агуулахад нь шатамхай эд зүйл олон байсан талаар урьдчилан байдлаар тогтоосон. 

Хамгаалалтын хувцас хэрэгслийн хувьд хангамжаар дутагдсан зүйлгүй. Яг үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид хувцас хэрэглэлээр дутуу байдаг гэсэн нийтийн дунд ташаа ойлголт байдаг. Бүх тоног, хэрэгслээр бүрэн хангагдсан.

Дуудлага аваад манай ажилчид гал хаанаас тархалттай байна гэсэн дүгнэлт хийгээд галыг унтраах байдлаар ажилласан. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 

Нас барсан алба хаагч ямар шалтгаанаар амь эрсэдсэн талаар цагдаагийн байгууллагаас тогтооно. Талийгаач манай байгууллагад 20 гаруй жил ажилласан, ам бүл зургуулаа, таван хүүхэдтэй хүн байсан" гэж ярилаа.

Мөн энэ үеэр сэтгүүлчид талийгаач алба хаагчийг өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгсөн ч удаа дараа хойшлуулсан талаар удирдлагуудаас тодруулахад "Хүний нөөцөөсөө тодруулъя" гэсэн хариулт өглөө.

Түүнчлэн хурлын үеэр ар гэрийнхэн нь талийгаачийг түлэгдлийн улмаас хоёр жил гаруй ажлаа гүйцэтгэж чадаагүйг мэдэгдсэн. Ингэхдээ биеийнх нь 30 гаруй хувь түлэгдсэн гэж албан ёсоор тогтоосон ч үнэндээ 80 гаруй хувийн түлэгдэлтэй байсныг онцолсон юм.

https://www.facebook.com/100064357072177/videos/1686331525227513