Уншиж байна ...

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй урт наслахын тулд бүх юмыг хэтрүүлэхгүй байхыг зөвлөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйн батламжийг өнгөрсөн Пүрэв гарагт Английн 111 настай иргэн Жон Алфред Тиннисвүүд хүлээж авчээ.

Хэдхэн хоногийн өмнө Венесуэлийн иргэн Хуан Висенте Перес 114 насандаа таалал төгссөн тул батламж түүнд шилжсэн юм байна.

Пересийн дараа дэлхийн хоёр дахь хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогдож байсан Японы Гисабүро Сонобе гуравдугаар сарын 31-нд 112 насандаа таалал төгссөн юм.

Пүрэв гарагт Гиннесийн дээд амжилтын номын төлөөлөгчид батламжийг баруун хойд Английн Соутпорт хотын асрамжийн газарт амьдардаг Тиннисвүүдэд гардуулжээ.

Титаник хөлгийг живснээс хэдхэн сарын дараа буюу 1912 оны наймдугаар сарын 26-нд мэндэлсэн Тиннисвүүд дэлхийн хоёр дайныг үзэж, дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан хүн юм.

Нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тэрбээр бүх юмыг хэтрүүлэлгүй, тунг тааруулах өөрийнх нь урт наслалтын нууц байж магадгүйг хэлжээ.

Тиннисвүүд хэзээ ч тамхи татаж байгаагүй, согтууруулах ундаа ховор хэрэглэдэг, хоолны тусгай дэглэм барьдаггүй хүн гэнэ.

Тэрбээр долоо хоногт нэг удаа англичуудын түгээмэл хоол болох фиш энд чипсийг (шарсан загас, төмс) хүртдэг байжээ.

“Архийг хэтрүүлбэл, хоолыг хэтрүүлбэл, алхалтыг хэтрүүлбэл, ер нь юуг ч хэтрүүлбэл эцэстээ чамд өвчин зовлон ирнэ” гэж Тиннисвүүд зөвлөсөн байна.

Гэхдээ тэр урт наслалтыг “Энэ бол цэвэр аз. Хүн өөрийгөө урт наслуулахын тулд ямар нэг зүйл хийж чадахгүй байх” гэж хэлжээ.

Одоогоор дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй болон хүйс харгалзахгүй хамгийн өндөр настай хүний батламжийг Испанийн иргэн 117 настай Мариа Браняс Морера эзэмшиж байна.

 

Эх сурвалж: Associated Press