Уншиж байна ...
Зураг
Зураг

Г.Энхчимэг: Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ ургамал шиг амьдруулахыг хүсэхгүй байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны үүдэнд өнөөдөр жагслаа. 

Эцэг, эхчүүдийн төлөөлөл 
  • "Надад хоол өгөөч гэж бид гуйгаагүй. Зүгээр л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хангахад анхаарч өгөөч"
  • "Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ ургамал шиг амьдруулахыг хүсэхгүй байна"
  • "Хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулах гэж байгаа бол Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй бяцхан үрсээ ойлгох цаг болсон" хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. 

"ХНХ-ын сайд Х.Булгантуяа ямар ч асуудлыг хүлээж авдаггүй, дандаа улс төржиж, амбиц хөөдөг"

Эцэг, эхчүүдийг төлөөлөн иргэн Г.Энхчимэг "Монгол Улсад 11,300 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүний 50 орчим хувь нь хүнд хэлбэрийн бэрхшээлтэй. Тэд нийгмээс тусгаарлагдаж, сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй яваа. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн үйлчилгээ хангалтгүй хэвээр. 

Өнөөдөр эм, эмийн бүтээгдэхүүний хэрэгцээ, оношилгоо нь Монгол Улсад ямар байгаа билээ. Нийгмийн халамжийн тэтгэмж нь 375,000 төгрөг. 

Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагын судалгааг 2,100 гаруй гишүүнчлэлтэй ээж, ааваас авсан. Ингэхэд эм тариа, витамины хэрэглээ, тогтмол эмчилгээ, үйлчилгээ авах шаардлагатай хүнд хэлбэрийн хүүхдүүдэд 1,300,000 төгрөгийн хэрэгцээ байгааг судалгаа харуулж байна.

ХНХ-ын сайд болон салбарын хамт олны хэрэгжүүлж буй ажил доод, дунд шатанд хангалтгүй учир сайжруулах шаардлагатай олон асуудал байна.

Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ дөрвөн хананы дунд ургамал шиг амьдруулахыг хүсэхгүй байна. ХНХ-ын сайд Х.Булгантуяа ямар ч асуудлыг хүлээж авдаггүй, дандаа улс төржиж, амбиц хөөдөг" гэлээ. 

"Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, нийгмийн хамгаалал орхигдсон"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ үеэр холбогдох яаманд хандан дараах шаардлагыг хүргүүлж байгаагаа эцэг, эхчүүдийн төлөөлөл мэдээлсэн юм. 

  1. Халамжийн мөнгө нь амьдралд хүрэлцээгүй. Халамжийн тэтгэмж тухайн хүүхдийн наад захын хэрэгцээг хангадаггүй учир зарим төрлийн халамжийн үйлчилгээг шинээр бий болгох шаардлага тулгарч байна.
  2. Хууль журмын дагуу халамжийн хугацааг сунгадаггүй, хөөцөлдлөгөө ихтэй, хүнд сурталтай, удаашралтай.
  3. Туслах хэрэгсэл хэрэглэгдэхүүн нь хэрэгцээ шаардлага хангадаггүй, хэт өндөр үнэтэй, чанар муутай, сонголт хийх боломжгүй. Төрөөс 100 хувь хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байна.
  4. Хүүхдийн сэргээн засах үйлчилгээ чанар муутай, хүртээмжгүй.
  5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг дэмжих нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай байна.
  6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие ээж, аавуудын нийгмийн хамгааллын бодлого, дэмжлэг хангалтгүй.
  7. Сургуульд сурч хөгжих боломж бололцоо тэгш хангагдаагүй. Тэр дундаа хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын нөхцөл байдал орхигдсон.

Монгол Улсын эс ширхэг болсон бяцхан үрсийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхэд бүр эсэн мэнд хөгжих, тэгш боломжоор хангагдах, нийгмийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авах эрхийг эдлүүлж одоогийн нөхцөлийг сайжруулах талаарх шаардлагуудыг хүргүүлж байгааг иргэн Г.Энхчимэг хэлэв. 

"ХНХЯ-наас улны бодлого хэрэгжүүлэхээ болих хэрэгтэй"

Мөн тэрбээр "Хэрэв хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж, аавууд хорвоогийн мөнх бусыг үзлээ гэж бодъё. Гэтэл өнчин үлдэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн газар Монголд байдаггүй. Энэ мэтчилэн яривал олон асуудал бий. 

Нийгэмшүүлэх үйлчилгээ цогцоороо ХНХЯ-нд байх ёстой. Мөн ээж, аав нарт туслан дэмжих үйлчилгээ чухал.

Бид нар гэртээ хүүхдээ харсаар сэтгэл зүйн өндөр эрсдэлд орчихсон хүмүүс. Гэтэл нийгэм, сэтгэл зүйн тусламж үзүүлэх, хамт олонтой болгох, хөдөлмөрийн чадвар олгох, гэрээсээ орлого олох боломжийг бүрдүүлэх зэргийг яагаад холбогдох яамнаас нь уриалаад хийдэггүй юм бэ.

Үнэхээр улны бодлого хэрэгжүүлж байна. Үүнийгээ болих хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нүдийг хараарай, тэдэнд тулгарч буй бэрхшээлийг сонсоорой"

Иргэн С.Баялагмаа "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө хамгийн сайн ажиллаж байгаа газар бол Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн хамт олон.

Тус төвийн хамт олонтой хамтраад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үзлэгийг дөрөвдүгээр сарын 6-наас дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна.

Та бүхэн тэнд очоод хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нүдийг хараарай, тэдэнд ямар бэрхшээл тулгамдаж буйг сонсоорой" гэв.