Уншиж байна ...

Ж.Цогтбаяр: Зэсийн баяжмалыг худалдаж авах хүсэлт ирүүлээд биржтэй гэрээ байгуулсны дараа талуудын харилцаа эхэлнэ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам(УУХҮЯ)-наас “Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Туушин зочид буудалд өнөөдөр зохион байгуулж байна. 

Энэ үеэр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсанаар төрийн өмчит компаниуд бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалах ёстой болсныг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хэлж байлаа. 

Тэгвэл биржийн арилжааны зарчим, гэрээний стандарт журмын талаар Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Ж.Цогтбаяр дараах илтгэлийг танилцуулсан юм.



Тодруулбал "2023 оны нэгдүгээр сарын 12-ноос нүүрсний арилжаа биржээр хийгдэж эхэлсэн. Энэ оны хоёрдугаар сарын 29-ний байдлаар нийт 18 сая тонн нүүрсийг биржээр дамжуулан арилжаалаад байгаа.

Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 4.4 сая тонн нүүрсийг биржээр дамжуулж борлуулсан мэдээлэл бий. Нийтдээ 1,090 арилжаа явагдсан дүнтэй байна.

Төмрийн хүдрийн тухайд хоёр худалдагч бий. Тэд 80 сая ам.долларын үнэлгээ бүхий 980,000 тонн төмрийн хүдрийг борлуулсан дүр зурагтай байгаа юм. 

БНХАУ, Солонгос, Хонконг, Казахстан зэрэг улсаас нүүрс худалдан авахаар биржид бүртгэгдсэн байна. 

Нүүрсний тухайд таван оролцогч, төмрийн хүдэрт хоёр оролцогчтой байна. Худалдан авагчийн талаас нүүрс, төмрийн хүдэр нийлээд 269 гүйцэтгэх компани бий.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй, итгэмжлэгдсэн дөрвөн лаборатори, 21 агуулах, терминал, 74 тээвэр ложистикийн компани байгаа.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй лаборатори, тээвэр ложистикийн компаниудаар тээвэрлэлт хийж буй. Брокерын дөрвөн компани Санхүүгийн Зохицуулах Хорооноос эрхээ авч, бүртгэл хийлгэжээ" хэмээн зарим мэдээллийг танилцуулав. 

Нүүрсний тухайд хүргэлт зөвхөн Гашуун сухайт боомтоор орж байсан. Харин маргааш нүүрсний цахим арилжааг Ханги-Мандал чиглэлд 218,000 тонн нүүрс борлуулахаар захиалга авсан. 

Бирж маань үнэт цаасны зах зээлийн арилжаа 33 жилийн турш хийж ирсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний тухайд жил гаруйн туршлага бий. Жилийн хугацаанд алдаж оносон зүйлс ч бий. Алдаан дээрээ тулгуурлаад туршлагажсан. Биржийн арилжаа цаг алдалгүй зохимжтой байх боломжийг хангахаар бүх талын ажлыг зохион байгуулж байгаагаа Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Ж.Цогтбаяр нэмж ярилаа. 

"Худалдагч талаас арилжих гэж байгаа бүтээгдэхүүнээ лабораторийн шинжилгээнд хамруулах хэрэгтэй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн тэрбээр "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Монголын хөрөнгийн бирж болон ТУЗ-өөс баталсан долоон журам, заавар хэрэгжиж байгаа.

Мөн Санхүүгийн Зохицуулах Хорооны дөрвөн журам, зааврын хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа хэрэгжиж байна. Худалдагч болон худалдан авагч талаас биржтэй харилцаж байгаа схемийг дурдъя. 

  • Биржид бүртгүүлсэн байх ёстой. Худалдагч бүртгүүлэхдээ уул уурхайн бүтээгдэхүүнийг зах зээлд хэрхэн хүргэх вэ гэх зорилтоо тодорхойлсон байх,
  • Ямар тээвэр зуучийг ашиглан хэдий хугацаанд хүрсэн байх ёстойгоо биржид бүртгүүлсэн байх,
  • Худалдан авагч талаас хүсэлт ирүүлсэн байхыг шаардана. Өөрөөр хэлбэл "Зэсийн баяжмалыг худалдаж авъя" гэсэн хүсэлтийг ирүүлээд биржтэй гэрээ байгуулсны дараа худалдагч, худалдан авагч хоорондын харилцаа эхэлнэ. Бид 100 хувь цахим бүртгэлийн системтэй болсон.
  • Худалдагч талаас арилжих гэж байгаа бүтээгдэхүүнээ лабораторийн шинжилгээнд хамруулах хэрэгтэй. 

Арилжааг худалдагч болон худалдан авагч тал брокероор дамжуулах боломжтой. Гэхдээ өнөөдрийн байдлаар худалдагч, худалдан авагч хоорондоо шууд харилцаа үүсгэж байгаа. Цаашдаа брокероор дамжих чиглэлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос баримталж байна" хэмээв. 

Үргэлжлүүлэн "Худалдан авагч тал бирж дээр гэрээгээ байгуулан бүртгүүлснээр арилжаанд оролцох эрх нээгдэнэ. Ингэснээр биржээс тодорхой кодыг худалдан авагчид өгнө. Худалдан авагчид тухайн кодоороо ороод манай сайт дээр тавигдсан мэдээллүүдтэй танилцах боломжтой болно.

Арилжаа явагдахаас өмнө "дэнчин" гэж зүйлийг байршуулж байгаа. Дэнчинг байршуулахдаа талууд хоёр төрлийн гэрээ байгуулахыг журмаар зохицуулж байгаа.

  • Своп хэлцлийн гэрээний тухайд хөрөнгийн биржийн сайт дээр тавигдсан үнийн дүн таван хувь
  • Форвард хэлцлийн гэрээний хувьд 10 хувийн дэнчинг арилжаа явагдахаас 30 минутын өмнө байршуулсан байх шаардлагатай.

Дэнчинг хөрөнгийн бирж дээр байршуулж байгаа шалтгаан нь аль аль талын зохицуулалт гэрээний хугацаанд хангагдах үүргийг биелүүлэхийн тулд авч үзэж байгаа.

Нийлүүлэлт 100 хувь хүргэгдсэний дараа дэнчинг худалдагч тал рүү шилжүүлэх зохицуулалт хэрэгжиж байна. 

Зэсийг своп гэрээгээр арилжаалахаар төлөвлөж байгаа. Аль болох богино хугацаанд своп гэрээг сунгаж явж байгаа.

Хүрэх цэгийн тухайд Хятадын боомт буюу Эрээн даах нөхцөлтэйгөөр хийхээр тооцож байна" хэмээв. 

Онлайн арилжаанд хэрхэн оролцох юм бэ?

Эхний алхам нь Comex.mse.mn биржийн цахим сайтад бүртгэл үүсгэж, гэрээ байгуулна. Арилжаанд оролцохын тулд дэнчин байршуулж, арилжаанд эрх үүснэ. Хэрэв биржтэй холбоотой ямар нэгэн асуудал гарвал нээлттэйгээр дээрх сайтад гомдлоо илгээх боломжтойг хэлж байлаа.