Уншиж байна ...

М.Батболд: "1984" роман өнөөдөр л жүжиг болж тавигдахгүй бол болохгүй юм шиг санагдсан

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн дэлхий дахиныг шуугиулсан сэтгэлгээний бүтээл болох “1984” романаас сэдэвлэж “Орфей” театрын хамт олон 1984 постдрамын жүжиг тоглохоор болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Жүжиг гуравдугаар сарын 21-ны өдрөөс эхлээд орой бүр 19:00 цагт "Улаанбаатар" зочид буудлын их танхимд тоглогдох юм байна. 

Жүжгийг найруулагч М.Батболд найруулсан ба дүрүүдэд МУГЖ Г.Равдан, МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, МУГЖ Д.Ганцэцэг, М.Мөнхбат Б.Оюунбаатар, П.Оюунчимэг нар тоглох аж.

"Эргэцүүлэн боддог, өөрийнхөөрөө сэтгэдэг хүмүүс эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдэлдэг. Тийм нийгэмд эрх чөлөө оршдог"

Жүжгийн зохиолч, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш Я.Баяраа "Жүжгийн зохиолд сэтгэлзүйн драм төрлийг түлхүү барьсан. Амьдралаа эргэцүүлэн боддог, өөрийнхөөрөө сэтгэдэг хүмүүс эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдэлдэг. Тийм нийгэмд эрх чөлөө оршдог.

Энэхүү зохиол бодож эргэцүүлдэг хүний өмнө дааж давшгүй их бэрхшээл учирлаа ч өөрийнхөөрөө бодож, сэтгэж амьдарсны үнэ юутай ч зүйрлэхийн аргагүй гэх утга санааг агуулсан. Өөрийнхөө үзэл бодол, эрх  чөлөөний төлөө тэмцэж буй бие хүний драмыг бий болгоод байна" гэв. 

"Бодох, мэдрэх, сэтгэх эрх чөлөө нь хайр сэтгэлээс ч үнэ цэнтэй"

Жүжгийн найруулагч  М.Батболд "Энэ роман өнөөдөр л жүжиг болж тавигдахгүй бол болохгүй юм шиг санагдсан. Сонгодог бүтээл цагаа олно гэдэг маш том ач холбогдолтой. Хамгийн хүчтэй төгс төгөлдөр зүйл бол хайр сэтгэл гэж бид ярьдаг. Гэтэл зохиолд хүний төрөлхийн бодох, мэдрэх, сэтгэх эрх чөлөө хайр сэтгэлээс ч үнэ цэнтэй юм гэсэн үзэл санаа хөвөрдөг" гэлээ. 

1984 зохиолын уншигч "Би 1984 онд амьдарч тэр үеийг бие махбодоороо туулсан хүн. 2000-аад он гараад 21 дүгээр зуунд амьдарч гэрэлтэй гэгээтэй болох болов уу гэж бодтол буцаад 1984 рүү гээ явж байгаа мэт энэ цаг үед сэрэмжлүүлэг болгон ийм уран бүтээл хийх гэж байгаад сэтгэлээсээ баярлаж байна" хэмээв. 

Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Төмөрхуяг "Зохиол нэг хүний дарангуйллыг өгүүлж байгаа мэт. Бид ардчиллыг 30 жил байгуулаад байгаа ч үнэн ардчилал нь ямар хэлбэр рүү орж байгаа вэ? Нэг намын тогтолцоо руу орж байгаа юм шиг. Залуу байхдаа би ардчиллыг эгэл жирийнээр л бодож байсан. Гэтэл өнөөдөр ямар байна вэ? Оюун санааг боохоор хүмүүс хоорондоо яаж харилцах вэ?" гэв. 

"1984" романы үзэл санаа, утга агуулгын талаар "Орфей" театрын хамт олон дараах зүйлсийг онцолжээ. 

1984 романаас дэлхийн олонх орнуудын өнөөгийн нийгэмд тод томруун ажиглагддаг. Уг зохиолд тоталитар засаглалын аймшигт урхгийг зөгнөн бичсэн агаад хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлнэ.

Бүтээлд дүрсэлснээр суртал ухуулгын хүчээр тухайн улс иргэдийнхээ амьдрал болон оюун ухамсарт бүрэн хяналт тогтоохоос гадна өөрсдийнхөө бодлогын үүднээс үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох аргыг хэрэгжүүлнэ.

Мөн дэлхий даяар техник технологийн хөгжил давамгайлахын хэрээр бусдыг хянаж цагдах, ард иргэд хувийн мэдээллээ нийгэмд шуудхан ил болгож, өөрсдийгөө мөн цахим эриний хүлээсэнд баглах нь тун ч аюултай үйлдэл мөн болохыг тус бүтээл хүн төрөлхтөнд сануулсаар байгаа юм.

Жорж Оруэллийн "1984" роман бол асуулт, хариулт нь эн тэнцүүхэн жин дардаг бүтээл. Уран бүтээл нэг талаар тухайн нийгэм, цаг үеийнхээ толь байдаг жамтай. 

Энэ бол таны өмнөөс юу бодохыг чинь шийддэг нийгэм. Энд хайрлах хориотой. Эрх чөлөөтэй сэтгэж, хайрлавал та сэтгэхүйн гэмт хэрэгтэн. Хайрлах нь, бодож сэтгэх нь гэмт хэрэг бол харин та сайн дураараа гэмт хэрэгтэн болохыг хүсэх байсан уу? Бидний бүтээсэн ертөнцөд үзэл санааны эрх чөлөөг эрхэмлэсэн, эрхэмлэхийг хүсдэг хэн бүхэн зорчиж болно.

АМЬД ХАЙР, АМЬД МЭДРЭМЖ, АМЬД ТӨСӨӨЛӨЛ, АМЬД ОЮУН УХААН!

Тус театрын хамт олон  өмнө нь Германы сонгодог зохиолч Гетёгийн "ФАУСТ", Оросын суутан Михиал Достоевскийн романаас сэдэвлэсэн "ГЭМ ЗЭМ", Америкийн зохиолч Жон Патрикийн "ОПАЛ", зохиолч С.Жаргалсайханы “ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ” зэрэг жүжгүүдийг найруулагч Мягмарнарангийн Батболдын найруулсаар тайзнаа амилуулж байжээ.