Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дасгал хөдөлгөөн эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд сайн нөлөөлдгийг судалгаа харуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Биеийн тамирын дасгал хөдөлгөөний ач тус эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд өндөр байдгийг шинэ судалгаа харуулжээ.

Их Британийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр 19-64 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс долоо хоногт хэвийн эрчимтэй дасгал 150 минутаас дээш, өндөр эрчимтэй дасгалыг 75 минутаас дээш, хүчний дасгалыг долоо хоногт хоёроос дээш удаа хийвэл биед ач тустай гэж үздэг.

Гэхдээ судалгаануудаас харахад эрчүүдийн дасгал хөдөлгөөнд зарцуулах цаг эмэгтэйчүүдийнхээс илүү өндөр байдаг байна.

Харин өчигдөр “Journal of the American College of Cardiology” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгааны тайланд өгүүлснээр ижил хэмжээтэй дасгал хийхэд нөлөө нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд өндөр байдгийг тогтоожээ.

“Бидний судалгаа эмэгтэйчүүдэд бага дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөөгүй. Харин янз бүрийн шалтгаанаар дасгал хийж чаддаггүй эмэгтэйчүүдэд бага хэмжээгээр хийсэн ч ашиг тус нь өндөр болохыг харуулж байна” гэж судалгааг хамтран гүйцэтгэсэн Циньдаогийн их сургуулийн доктор Хунвэй Жи бичжээ.

  Тэдний баг 1997-2017 онд явуулсан судалгаандаа ямар нэг суурь өвчин эмгэггүй 412,413 хүнийг хамруулсан байна.

2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар тэдний 39,935 нь нас барсны 11,670 нь зүрх судасны өвчнөөр нас барсан байжээ.

Судалгааны туршид оролцогчдын биеийн тамирын дасгал хөдөлгөөний дадал, зуршилтай холбоотой мэдээллийг асуулга бөглүүлэн авч байсан байна.

Мэдээж эрчүүд энэ тал дээр эмэгтэйчүүдээс илүү идэвхтэй байжээ.

Гэхдээ үр дүн талаас нь харахад эмэгтэйчүүдийнх илүү өндөр байсан байна.

Тухайлбал долоо хоногт 140 минут энгийн эрчимтэй дасгалаар хичээллэсэн эмэгтэйчүүдийн цаг бусаар нас барах эрсдэл идэвхгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад 18 хувиар буурч байжээ.

Гэтэл эрэгтэйчүүд ийм үр дүнд хүрэхийн тулд ижил дасгалаар долоо хоногт 300 минут хичээллэх шаардлагатай нь харагдсан байна.

Гэхдээ цаг бусаар нас барах эрсдэлийн бууралт 300 минутаас цааш эрэгтэй, эмэгтэй аль ч тохиолдолд зогсож байжээ.

Өөрөөр хэлбэл долоо хоногт 300 минутаас дээш хугацаагаар хэвийн эрчимтэй дасгалаар хичээллэсэн тохиолдолд ийм эрсдэлийн бууралт эрчүүдийн хувьд 18 хувь, эмэгтэйчүүдийн хувьд 24 хувь хүрээд зогссон байна.

“300 минутын босго бол бидний олж тогтоосон хамгийн өндөр үр өгөөжтэй цэг. Гэхдээ статистик талаасаа хүйсийн ялгаа хадгалагдсаар байна” гэж Хунвэй Жи тайлбарлажээ.

Энэхүү судалгааг оролцогчдын өөрсдийнх нь мэдүүлэгт үндэслэн явуулсан, бас дасгалаас гадуурх үйл ажиллагаатай холбоотой физик хөдөлгөөнийг тооцоогүйг судлаачид тайландаа анхааруулсан байна.

 

Эх сурвалж: The Guardian