Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Биеийн жингээ хасах яагаад үргэлж хэцүү байдаг вэ?

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Орчин үеийн хүмүүсийн хувьд илүүдэл жин эрүүл мэндийн гол асуудал болж, турах шаардлага байнга тулгарч байгаа.

Гэхдээ урт хугацаанд жингээ нэмэхгүй байх маш хэцүү нь олон янзын судалгааны үр дүнгээс харагддаг.

Барагцаалбал жингээ хасаж чадсан хүмүүсийн 80 гаруй хувь нь таван жилийн дотор дахин нэмдэг гэсэн судлаачдын гаргасан тоо байна.

Ийм бүтэлгүйтлийн гол шалтгаан нь эрүүл хооллолт, биеийн дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маягаа болгож чадаагүйгээс болдог.

Жингээ хасах, дахин нэмэхгүй байхад юуг ойлгох шаардлагатай талаар палеоантропологич Даниэл Либерман CNN сувагт ярьжээ.

Тэрбээр энэ асуудлыг хүний эволюц, хувьслын хөгжлийн түүх талаас тайлбарласан нь онцлог болсон байна.

“Бидний бие махбод жингээ хасах биш, харин нэмэх зорилгоор бүтээгдсэн юм” гэж Либерман ярьжээ.

“Бүх амьтдад өөх хэрэгтэй ч хүмүүсийн хувьд онцгой илүү хэрэгцээтэй байхаар хувьсан хөгжсөн байдаг. Тиймээс бид шаардлагатай тохиолдолд хэрэглэх зорилгоор өөх хуримтлуулах биологийн их дарамт дор амьдардаг гэсэн үг. Хүн бол бусад бүх хөхтөн амьтад, тэр ч байтугай бүх хүн дүрст мичнүүдтэй харьцуулахад ер бусын их өөхлөг амьтан” гэж тэр тайлбарласан байна.

“Бидэнд асар их эрчим хүч зарцуулдаг том тархи бий. Энэ нь бидний бодисын солилцооны 20 хувийг эзэлдэг. Хүүхэд төрөхдөө эрчим хүчнийхээ тал хувийг тархиа ажиллуулахад зарцуулдаг. Энэ нь маш их өөх тос шаардана. Тиймээс хүүхэд төрөхдөө тархиа хэвийн ажиллуулахын тулд маш их өөхлөг, тарган байдаг” гэжээ.

Либерман өөх тосны шаардлагыг тайлбарлахдаа “Энэ бол банканд мөнгө хуримтлуулахтай адил. Сайн өөх тос хуримтлуулсан хүмүүс хувьслын түүхэнд амжилттай шалгарч үлдсэн байдаг” гэсэн юм.

Гэвч орчин үеийн хүмүүсийн амьдрах орчин нөхцөл чулуун зэвсгийн үеийнхээс тэс өөр болсон тул хувьслын энэ үйл явцын эсрэг тэмцэх шаардлага тулгарч байгаа ажээ.

“Жин хасах хэцүү байх нь аргагүй. Учир нь бидний бие байгалийн жамаараа жин хасах зориулалтгүй бүтээгдсэнээс тэр. Тиймээс бид жингээ хасахын тулд хоолны дэглэм барьж, бие махбодоо хуурах шаардлагатай болдог. Энэ бол урт удаан үргэлжлэх тэмцэл юм” гэж Либерман ярьж байна.

Ингээд тэр жингээ хасахдаа дараах хүчин зүйлсийг байнга санах ёстойг зөвлөжээ.

 

Өөх тосны хэмжээг хүлээн зөвшөөрөх

Хүн бүр хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгаанд үзүүлдэг шиг гоолиг, туранхай байх албагүй.

Өөх тос хүмүүст онцгой ач холбогдолтой. Туранхай хүнд ч өөхний хэмжээ 15-25 хувь байдаг нь ихэнх хөхтөн амьтдад байдгаас 3-4 дахин их юм. Хүний биед заавал тодорхой хэмжээний өөх тос байх ёстой.

 

Гэхдээ гэдэс хэвлийгээрээ таргалахгүй байх нь чухал

Хэдийгээр хүний бие хувьслын үр дүнд өөх хуримтлуулахаар бүтээгдсэн ч гэдэс хэвлийдээ их хэмжээний хуримтлал үүсэхээр бүтээгдээгүй. Гэдэс хэвлий орчимдоо их өөхтэй байх нь эрүүл мэндийн олон асуудлын эх үүсвэр тул багасгах зайлшгүй шаардлагатай.

 

Бага хэмжээний хэлбэлзэл хэвийн үзэгдэл

Биеийн жин богино хугацаанд цөөн килограммаар өсөх, буурах нь хэвийн үзэгдэл. “Ийм хэлбэлзлийн голлох шалтгаан устай холбоотой байдаг. Хүмүүсийн бие махбод илүүдэл эрчим хүчээ нөөцөлж, дараа нь хэрэгцээтэй үед ашиглах гэх мэтээр байнгын эргэлт, давтамж дор амьдардаг” гэж Либерман тайлбарлажээ.

 

Бие махбод хүний хүслийн эсрэг ажилладаг

Нэгэнт байгалийн шалгарлаар өөх хуримтлуулах зориулалттай бүтээгдсэн хүний бие эсрэгээрээ ажиллах хэцүү.

Жин хасах хамгийн гол арга нь хэрэгцээнээсээ бага эрчим хүчийг гаднаас хоол хүнсээр дамжуулан авах. Үүнийг хоолны дэглэм гэдэг.

Гэхдээ дэглэм барих үеэр өлсгөлөнгийн мэдрэмжийг нэмэгдүүлж, эрчим хүчээ алдахгүйн тулд бодисын солилцоог удаашруулах хариу арга хэмжээг хүний бие авч эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл бие махбод эрчим хүчний хэмнэлтийн горимд орж, гаднаас нэмж авах сэдлийг өдөөдөг.

Тиймээс хоолны дэглэмээр турах нь хувьслын үр дүнд шалгарсан зүй тогтлын эсрэг хийх маш хэцүү тэмцэл болохыг Либерман тайлбарлажээ.

 

Хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөн

Жин хасахад хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний аль нь чухал болох тухай асуудал байнга яригддаг.

“Дасгал хөдөлгөөнөөс илүү хоолны дэглэмээр хүн илүү жин хасдаг. Гэхдээ жингээ буцааж нэмэхгүй байхад дасгал хөдөлгөөн чухал үүрэгтэй. Үүнээс гадна дасгал хөдөлгөөнд бие болон сэтгэцийн эрүүл мэндэд тустай өөр олон ач холбогдол бий” гэж Либерман ярьжээ.

Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн аль аль нь хэрэгтэй, гэхдээ ямар зорилгоор ашиглахаасаа хамаарахыг тэр тайлбарласан байна.

 

Эх сурвалж: CNN