Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Энхбат: Улсын төсөв нийгмийн бүх давхаргад байж болох хамгийн өндөр үр ашгийг өгч байх гэсэн зарчимд суурилах ёстой

ikon.mn
2023 оны 11 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн Дэд захирал Г.Энхбаттай ярилцлаа.

- Сайн байна уу? УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж энэ сарын 15-ны дотор батлах гэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа бэ ?

Миний байр суурь гэхээсээ илүү манай компанийн байр суурь гэвэл зөв байх. Учир нь жил бүр төсөв батлах үеэр улс төрчид болон хэдхэн тооны эдийн засагч нар өөрсдийн байр сууриа илэрхийлдэг. Харин мэргэжлийн байгууллагууд тэр дундаа санхүүгийн институтууд байр сууриа илэрхийлэх цаг нь болсон. Цаашид энэ соёл бусад компаниудад бий болно гэж харж байна. Учир нь жил бүрийн төсөв санхүүгийн зах зээл тэр дундаа хөрөнгийн зах зээлд том зургаараа нөлөө үзүүлдэг. Ирэх жилийн сангийн болон мөнгөний бодлогыг харахад дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө авчрах магадлал тун бага гэж харж байна.

Бидний зүгээс Монгол улсын төсөв бол манай улсын урт хугацааны хөгжлийн бодлого байх ёстой гэж харж байгаа. Энэ бодлого нь улсын хөгжлийг дараагийн шатанд гаргах, иргэн бүрийн амьдралын чанарын дээшлүүлэхийн тулд ямар эх үүсвэрээр ямар хөрөнгө оруулалт хийвэл үр дүнтэй вэ? гэсэн бодлогын баримт бичиг. Өөрөөр хэлбэл улсын хөгжлийн бодлого, алсын хараа нь гадаад, дотоод зах зээл дээр гарч өөрчлөлтийг урьдчилан харж түүнд тохирсон зохицуулалтыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийх асуудал.

- Төсөв бол хөгжлийн бодлого гэж та хэллээ. Үүнийг бага зэрэг дэлгэрүүлж өгч болох уу?

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудыг анзаарвал хөрөнгийн зах зээл нь хөгжсөн, хуримтлал өндөртэй, зах зээл дэх хүүгийн түвшин бага улс орнууд хөгжлөөрөө тэргүүлж байгаа харагддаг. Энэ нь шууд утгаараа жил бүрийн төсөв зээлийн хүү бууруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэх ёстой гэсэн санаа.  Манай зах зээл дэх хүүгийн голч түвшин одоогоор 13 хувь байгаа. Энэ хүүгийн түвшнийг буулгахад хамгийн том хүчин зүйл бол инфляцын хэмжээ юм. Хэрвээ инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байвал хадгаламжийн хүү өндөр, үүнийгээ дагаад зээлийн хүү өндөр хэвээр байна.

Нөгөө талаас төсвийн зардал өсөх буюу сангийн бодлого тэлэх нь зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг нэмэх ба энэ үед мөнгөний бодлого хэрэгжүүлж буй бодлогын хүү буурах нөхцөлгүй болно. Үүнийг дагаад зээлийн олдоц бага, түүний үнэ буюу хүү 2024 онд өндөр хэвээр байхыг илтгэж байгаа юм. Монголбанкнаас хийсэн судалгаагаар төсвийн алдагдал 10 хувиар өсөхөд эдийн засгийн өсөлт 3 нэгж хувиар буурдаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь дээр хэлсэнчлэн зээлийн олдоц, түүний хүү нь манай улсын эдийн засагт хүчтэй нөлөөлдөг гэдгийн баталж байгаа юм. Улс төрчид нэг гараараа зээлийн хүү бууруулна нөгөө гараараа төсвийн зардлаа нэмээд, алдагдлаа өсгөөд байвал бид доороо хий эргээд байх болов уу.

- Төсвийн реформ хийх талаар өнгөрсөн хугацаад бид ярьсаар ирсэн. Энэ тал дээр таны байр суурь ямар байна бэ ?

Төсвийн реформ буюу шинэчлэл хийхдээ ерөнхийдөө 3 хүчин зүйл дээр анхаарвал зохистой гэж шинжээчид хардаг. Үүнд: Бүтээмж, богино хугацааны өрийн цикл буюу дотоод зах зээлийн зээлийн хүрэлцээ, мөн урт хугацааны өрийн цикл буюу улсын өр орно. Эдгээр хүчин зүйлс хэрхэн эдийн засагт нөлөөлж байгаагаас хамаарч аливаа улс төсвөө батлах хэрэгтэй. Энэ гурван хэсгийг дагаж эдийн засагт тус бүрийн зах зээлээр дамжиж бие биедээ нөлөөлнө.

Техникийн хувьд орлого талдаа экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ болон үнийг зөв тооцоход л болоод явчихна. Жишээ нь 2024 онд 60 сая тн нүүрс экспортлохоор хүлээгдэж байгаа ба энэ хэмжээ 2025, 2026 онуудад өсөх эсвэл түүхий эд материал буюу нүүрс, зэсийн ханш өсөж байж бид цааш цаашдын жилүүдэд 2024 онд дассан хэрэгцээгээ хангана. Манай улс дэлхийн нүүрсний ханшинд нөлөөлж чадахгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг буруу таамаглах нь эрсдэлтэй ч эрсдэл авахгүй бол бид урагшлахгүй. 

Харин зардал талдаа яах аргагүй өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй гэж хардаг. Ялангуяа хөрөнгө оруулалт хэсэг дээр. Учир нь жил бүр хийж буй хөрөнгө оруулалт дараа жилээс нь урсгал зардлаа нэмэгдүүлээд явдаг. Бид бүгдийн мэдэж байгаачлан ирэх оны төсөвт 50 орчим сумын төвд 150 орчим тэрбум төгрөгөөр соёлын төв барина гэнэ. Тухайн сумд иргэд үнэхээр соёлын төв нэхээд байгааг асуумаар санагддаг. Миний бодлоор тэдэнд боловсрол эрүүл мэндийн үйлчилгээг л нэн тэргүүний хэрэгцээ гэж бодож байна.

Мөн энэ 150 тэрбум төгрөг эргээд хэзээ анхны хөрөнгө оруулалтаа нөхөх үү гэдэг нь чухал. Аливаа хөрөнгө оруулалт хамгийн багадаа жилд 13 хувийн өгөөж өгөх ёстой гээд Монголбанк зарлачхаад байгаа шүү дээ. Шууд хэлбэрээр зарим нэг төсөл хөтөлбөр мөнгөн хэлбэрээр хөрөнгө оруулалтын өгөөж өгөхгүй байж болох ч бусад хэлбэрээр ирээдүйн зардлыг хэмнэсэн хэлбэрээр энэ өгөөжийг тухайн сумдын иргэд авч байх ёстой. Олон улсын валютын сангаас төсвийн хөрөнгө оруулалтад хийдэг “PIMA” гэх үнэлгээгээр манай улс 2023 онд 14 орчим хувь нь гарсан нь 2016 оноос бага зэрэг нэмэгдсэн хэдий ч сайжруулах ялангуяа төсвийн хуваарилалт дээр илүү анхаарал хандуулах ёстой гэсэн дүгнэлт гарсан байсан нь үүнийг баталж байгаа юм.  

- Төсвийн хөрөнгө оруулалтын талаар та сая дурдлаа. Одоо батлагдах улсын төсвийн хөрөнгө оруулалтад өгөх санал, зөвлөмж байгаа юу?

Тэтгэвэр, халамжийн нэмэгдэл, Малчдын НДШ-ийн 50 хувийг хөнгөлөх, багш ажилтны нэг хүүхдийг сургах, нэг удаагийн мөнгөн урамшуулал гээд төсвийн нийт урсгал зардал 2024 онд 21.3 их наяд хүрэхээр тусгагдсан. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтад 3.3 их наяд төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Боловсролын салбарт хамгийн их буюу 21 хувийг, зам тээврийн салбарт 18 хувь, эрүүл мэнд 7.8 хувь, эрчим хүчний салбарт 6.8 хувийг зарцуулахаар байна.

“МУ-д хамгийн их тулгамдаж буй асуудал буюу хүн амын тал хэсэг нь амьдарч буй нийслэлд агаарын бохирдол, түгжрэл зэрэг асуудлыг шийдсэн арга хэмжээнүүдийг тусгах хэрэгтэй болов уу.

Гэр хорооллын дэд бүтцийг шийдэх, үүний тулд цахилгаан эрчим хүчний салбарт өндөр хөрөнгө оруулалтууд хийгдэх хэрэгтэй гэж эдийн засагчид мөн үзэж байгаа. Эрчим хүчний салбар бол хамгийн чухал салбар. Тиймээс УБ хотын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл хөгжихийн тулд эрчим хүчний станцууд барих, энэ салбарт илүү их ажлууд хэрэгтэй байна. Хамгийн чухал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үйл ажиллагаануудад төсийн хөрөнгө оруулалт төлөвлөгдөх хэрэгтэй байна. Бидэнд уул уурхайн бүтээгдэхүүнээ тултал нь зарах гэсэн ганц л зорилго байгаа мэт харагдаж байна. Урт хугацаандаа бид экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг эдийн засгаа солонгоруулахын тулд хөрөнгө оруулалтаар дамжуулан томоохон бүтээн байгуулалт хийж үйлдвэрүүд бий болгон баялаг бүтээх хэрэгтэй.

- Цаашид УИХ-аас төсөв батлахад юу анхаарах хэрэгтэй вэ ?

Өнгөрсөн хугацаанд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн, өгөөжийг тооцсон дотоод судалгаа олж хараагүй. Төсөл хэрэгжүүлээд үр ашгаа хэзээ яаж өгөх юм бэ? Нийгмийн ямар асуудлыг шийдэж, эдийн засгийн хөгжилд хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ? Гэдгийг л хэмжсэн үр дүнд суурилж, чиглэсэн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Хугацааны хоцрогдолтой ч хамаагүй судалгаа хийж байж хөрөнгө оруулалтын төсвөө баталмаар байгаа юм.

Төсвийн онолоор аливаа төсөв хэд хэдэн зарчимтай байх ёстой. Үүнд:

Нийгмийн бүх давхаргад байж болох хамгийн өндөр үр ашиг өгч байх, төсөв тооцоо судалгаатай байх ёстой буюу үр ашигтай, үр бүтээлтэй байх, төсвийн орлого зардлаасаа илүү байхыг зорих, төсөв нийгмийн ядуу хэсэгт илүү үйлчлэх ёстой гэх мэт зарчмууд дээр суурилах ёстой. Дээрх зарчим манай улсад үйлчилдэг эсэх нь эргэлзээтэй. Ялангуяа сонгуулийн жилүүдэд. Сүүлийн 13 жилийн хугацаанд манай улсын төсвийн алдагдал өссөн дүнгээр 18.6 их наяд төгрөг байсан ба үүний 10 орчим их наяд төгрөг нь 4 сонгууль жилд тохиож байсан байна.

Энэ зөрүү буюу алдагдлыг бид гадаад, дотоод байгууллагаас зээл, бонд хэлбэрээр эх үүсвэр татаж санхүүжүүлж байгаа. Энэ нь эргээд улсын валютын нөөц ханш, зээлийн хүү түүний олдоц цаашлаад санхүү, хөрөнгийн зах зээлд гинжин хэлхээгээр үйлчлээд өнөөдөр долларын ханш 3450 төгрөг байгаа юм. Цаашид алдагдалгүй төсөв батлуулж ажиллах нь нэн тэргүүний зорилго гэж харж байна.

- Төсөв алдагдалтай байх нь эргээд өрийн хэмжээ нэмэгддэг гэж хэллээ. Манай улсын өр сүүлийн жилүүдэд хэр их өссөн бэ? Өрийн дарамт өндөр байгаа юу?

Олон нийтийн дунд өртэй байх буруу гэсэн ойлголт байдаг. Өрийн хэмжээ зохистой , зөв үр ашигтай ашиглаж чадвал аливаа улс орон, аж ахуйн нэгж, хувь хүн өөрийн бизнесээ тэлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах зэрэг маш олон давуу талыг авчирдаг.

Дэлхийд өнөөдөр нэг өдөр зээлийн үйл ажиллагаа зогсоход эдийн засгийн бүх харилцаа зогсох бүтэцтэй болсон.  

Манай улсын хувьд 2023 эхний хагас жилийн байдлаар 33.7 тэрбум ам.долларын өртэй байгаа ба үүнээс засгийн газрын өр 23 хувийг, төв банкны өр 6.4 хувийг, үлдэх хэсгийг хувийн хэвшлийн өр эзэлж байгаа. Нэмж хэлэхэд Засгийн газрын өр 2016 оноос 1.6 дахин өссөн хэдий ч 2020 оноос хойш бага багаар буурч байгааг онцлох хэрэгтэй.

Цаашид хувийн хэвшлийн өрийг дотоод эх үүсвэрээр бүрдүүлэх нь чухал байгаа тул арилжааны банкнуудын эрсдэл даах чадварыг сайжруулах буюу өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлээ дэмжих зэрэг бодлогуудыг тууштай авч хэрэгжүүлэх хэрэгтэй санагддаг.  Япон болон Грек улсуудын өрийн хэмжээ 2015 онд ДНБ-тэй харьцуулахад ижилхэн байсан хэдий ч Грек улс дефолт зарласан нь тус улсын гадаад өрийн хэмжээ Япон улсаас их байсантай холбоотой. Санаа нь бид гадаад өрийн хэмжээг гадаадын хөрөнгө оруулалт болон дотоод өрөөр солих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.