Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ням-Эрдэнэ: Банкуудын олгож буй бүх төрлийн зээлийн шимтгэл үндэслэлтэй эсэхийг шалгана. Энэ бол эхлэл

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-ын дарга С.Ням-эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ШӨХТГ-аас арилжааны банкуудад ипотекийн зээлийн 1%-ийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй буюу “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хохироох худалдааны хууль бус арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий есөн банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Улмаар үр дагаврыг арилгах шаардлага хүргүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд Шүүхээс есдүгээр сарын 11-нд эцэслэн шийдвэрлэсэн билээ.

Арилжааны банкууд аравдугаар сарын 11-н хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх ёстой. Энэ хугацаанд арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үндэслэлгүй авсан ипотекийн зээлийн 1%-ийг иргэдэд хүчээр төлүүлэх шаардлага үүсэж байгаа. 

Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх энэ хугацаанд банкууд иргэдээс авсан нэг хувийн шимтгэлээ буцаан төлсөн тохиолдол мэдээлэл байхгүй байна. Тиймээс хэрэглэгчдийнхээ эрхийг хамгаалахын төлөө манай байгууллага тууштай ажиллана. 

Шүүхийн шийдвэр гарснаас хойш олон нийтийн цахим сүлжээгээр манай байгууллагын нэрийг ашиглан худал мэдээлэл түгээж байна. Иймэрхүү зүйлд маш хянамгай хандах шаардлагатай. 

Банкны үйл ажиллагаанд хяналт тавих манай байгууллагын ажил энэ хүрээд зогсохгүй. Энэ бол эхлэл юм. Банкуудаар олгогдож буй бүх төрлийн зээлийн шимтгэл үндэслэлтэй тогтоож байгаа эсэхэд хяналт шалгалт хийнэ. Яг энэ асуудлаар хэрэглэгчдийн санал гомдол манай байгууллагын 115 дугаарт утсанд ирж байна" хэмээн ярив.