Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Амар: Засгийн газар ипотекийн 6%-ийн зээлийг хүлээж авах чадавхаа бүрдүүлээгүйгээс ойлгомжгүй байдал хэдэн сар үргэлжиллээ

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 9 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ипотекийн зээлийн 6%-ийн зээл олголт зогсонги байдалд орсонтой холбоотой иргэдийн гомдол санал нийгэмд гараад буй. 

Монголын Банкны Холбооны хурлын үеэр өнөөдөр сэтгүүлчид уг асуудлаар Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амараас тодруулсан юм.

Тэрбээр хэлэхдээ "Банкны өөрийн нөхцөлтэй орон сууцны зээлүүд бол хэвийн олгогдож байгаа. Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн 6%-ийн зээлд банкууд хамтран оролцдог. Уг зээлийг гол хариуцагч байгууллага нь төр засаг тул тэр талаас асуух нь дээр болов уу. Гэхдээ өөрийн хэмжээнд хариулт өгье.

Инфляцыг хамгаалах ёстой Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулах нь  зарчмын хувьд буруу тул ипотекийн 6%-ийн зээлийн хөтөлбөрийг хоёр жил ярьсны эцэст 2023 оны зургаадугаар сарын 30-наас эхлэн Засгийн газарт шилжүүлсэн. 

Зургаадугаар сарын 30-нд шилжихэд Засгийн газар талдаа ипотекийн 6%-ын зээлийг хүлээж авах чадавхаа харамсалтай нь бүрдүүлж чадаагүй юм шиг байсан. Засгийн газар талд хүлээж авах механизм, ажиллах хүн нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэж, иргэдийн дунд ойлгомжгүй байдал үргэлжлээд хэдэн сар болчихлоо. Банкны салбар бол 6%-ийн зээлийг 2023 оны эхний хагас жилд олгож явсан. Цаашид ч олгоно. Гэхдээ эх үүсвэрийн хувьд хязгаартай гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ. 

2023 оны долдугаар сарын 1-нээс ипотекийн зээлийг хэрэгжүүлэх, зээлийн эх үүсвэр гаргах ажлыг Засгийн газар иргэдийн өмнө хүлээсэн.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн зургаадугаар сарын дунд үед Барилга хот, байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболдоос тодруулж байхад "Ипотекийн зээлийн хөтөлбөр Засгийн газарт шилжсэнээрээ Засгийн газар эрх мэдлээ ашиглаад, системийн өөрчлөлт оруулахгүй. Хуучин ямар зарчмаар явдаг байсан түүгээрээ л явна. Учир нь одоог хүртэл сайн тогтчихсон системээ нураахыг хүсэхгүй байна" гэж байв.