Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Амар: Банкны хувьцаа эзэмшлийн 20 хувийн хязгаарыг хангах бодит зах зээлийн багтаамж харагдахгүй байна

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 9 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Банкны салбарын тойм” судалгааны 2023 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг Монголын Банкны Холбооноос танилцуулах үеэр банкны IPO-той холбоотой мэдээллийг Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар өглөө.

Банкны салбарын үзүүлэлт эхний хагас жилд тогтвортой, өсөлттэй, салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11% нэмэгдэв.

Тэрбээр хэлэхдээ "Системийн нөлөө бүхий таван банк IPO амжилттай хийж, 447 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх замаар өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн.

Гэхдээ Банкны тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд энэ оны эцэс гэхэд банкууд 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө шинээр татах шаардлагатай. Энэ нь хөрөнгийн биржийн нэг жилийн хувьцааны арилжааны нийт дүнгээс 13 дахин их байна. Иймээс банкны хувьцаа эзэмшлийн 20 хувийн хязгаарыг хангах бодит зах зээлийн багтаамж харагдахгүй байна. 

Хөрөнгийн зах зээлд банкны хувьцаа гарснаас хойш 5-6 сарын дараа хувьцаа унаад байгаа. Энэ нь урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагч дутагдалтай байгааг харуулж буй. Хувь иргэд л хувьцааг нь худалдаж авсан байна гэсэн үг. Гаднын хөрөнгө оруулагчид нийт хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцогчдын ердөө 2-3 хувийг эзэлж байгаа юм. Эдийн засгийн өсөлт, банкны ашигт ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд сайн хэдий ч хувьцааных нь ханш буурч байгаа нь урт хугацааны, мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй байгаагаас шалтгаалж байна" гэлээ.