Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Бумчимэг: Төгрөгийн бодит ханш огцом чангарч, манай улсын бараа бүтээгдэхүүн бусад улстай харьцуулахад үнэтэй болж байна

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 9 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Банкны салбарын тойм” судалгааны 2023 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг Монголын банкны холбооноос өнөөдөр танилцууллаа.

Банкны салбарын үзүүлэлт эхний хагас жилд тогтвортой, өсөлттэй, салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар нэмэгджээ. Иргэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү авсан байна. Уул уурхай болон худалдааны салбарт олгосон зээлийн хэмжээ буурсан бол үйлчилгээний салбарт зээл олголт нэмэгджээ.

Инфляцын өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарсны улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг гүйцэж ирснийг мэдээллийн эхэнд онцлов. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг "Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай гарсан. Оны эхнээс уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын сэргэлт харьцангуй хурдан байсан нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөлжээ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай, бусад салбаруудын өсөлт сул байлаа.

Манай улсын валютын нөөц өнгөрсөн онтой харьцуулахад 23 хувиар өссөн ч, 4-5 сарын импортын хэмжээтэй тэнцэж байгаа нь хангалттай биш юм. Ийм түвшинд төгрөгийн бодит ханш чангарч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна

Төлбөрийн тэнцэл 474 сая ам.доллартой тэнцэх хэмжээний ашигтай гарсан. Экспортын үйл ажиллагаа эрчимжсэн нь төлбөрийн тэнцэл ашигтай гарахад чухал нөлөө үзүүллээ. Нөгөө талдаа импортын барааны үнэ буурч, импортын хэмжээ багассан нь төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлнө.

Төгрөгийн бодит ханш огцом чангарч манай улсын бараа бүтээгдэхүүн бусад улстай харьцуулахад үнэтэй болж байна" хэмээн Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг ярилаа.

"хадгаламжаа ам.доллар болгосон хүмүүс буцаагаад төгрөг болгох нь ашигтай байдал үүссэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Сүүлийн хоёр жилийн хугацаанд валютын ханшийн сулрал, инфляцын өсөлтөөс шалтгаалаад төгрөгийн хадгаламжийн өгөөж муутай байсан. Төгрөгийн харилцах хадгаламж ам.доллар руу шилжиж байсан үйл явц болсон. Хоёрдугаар хагасаас эхлээд төгрөгийн харилцах хадгаламжийн өгөөж долларынхоос давж, гүйцэж ирж буй эерэг дүр зураг харагдаж байгаа. Тэгэхээр хадгаламжаа ам.доллар болгосон хүмүүс буцаагаад төгрөг болгох нь ашигтай байдал үүссэн. Харилцах хадгаламжид хүү тооцож эхэлсэн нь төгрөгийн харилцах нэмэгдэх шалтгаан боллоо.

Эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарахгүй бол БНХАУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлт нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх төлөвтэй

Макро эдийн засгийн орчны цаашдын төлөвийн тухайд Банкны холбооноос хэлэхдээ "Хэрэв цаашид Оюу толгойн гүнийн уурхайн олборлолт, түүхий эдийн бүтээгдэхүүний экспортын урсгал хэвийн явагдвал эдийн засгийн өсөлт үргэлжлэх хүлээлтийг буй болгож байна. Цаашлаад эдийн засгийн бусад салбаруудын сэргэлтийг хурдасгах, эдийн засгийн төрөлжүүлэхэд анхаарлаа хандуулахгүй бол БНХАУ-ын эдийн засагт гарч буй өөрчлөлт нь манай улсын эдийн засгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх төлөвтэй" гэлээ.