Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд олон улсын "GMP" шаардлага хангасан үйлдвэр байгуулж, гэрчилгээгээ гардан авлаа

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын "GMP" стандартад нийцсэн Монголын хамгийн том гоо сайхны үйлдвэрийг "Монос косметик" ХХК ашиглалтад оруулан Англи улсын “INTERTEK” олон улсын байгууллагаар баталгаажуулалт хийлгэн гоо сайхны "GMP" ISO 22716:2007 чанарын сертификатаа Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён П.М.Сингхаас гардан авлаа.

Тус компани гоо сайхны "GMP" стандартын хүрээнд чанарын шаардлага хангасан үйлдвэрээ 2019 оноос эхлэн бүтээн байгуулах ажлыг хийж, 2021 оны есдүгээр сард ашиглалтад оруулжээ.

"GMP" /Good manufacturing practice/ буюу үйлдвэрлэлийн зохистой дадал гэдэг нь түүхий эд, материалаа сонгохоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гар дээр очих процесс нь олон улсын стандартын шаардлагын дагуу хийгдэж байгааг баталгаажуулж байгаа хэлбэр юм. 

Үйлдвэрээ ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн хүчин чадал дөрөв, ажиллах хүч хоёр дахин нэмэгдэж, сард үйлдвэрлэх бүтээгдэхүүний гарцын хэмжээ 3-4 дахин өсжээ. 

"Стандарт шаардлага хангасан манай үйлдвэрт бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлэх боломжтой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын гоо сайхны үйлдвэрлэлийн зохистой дадлын стандарт болох ISO 22716:2007 стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гаднын орнуудад экспортод гаргах боломж бий болсныг тус компанийн гүйцэтгэх захирал Э.Дагвабаасансүрэн онцоллоо. 

Тэрбээр "Дэлхийн стандартад нийцсэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдгийг энэхүү стандарт баталгаажуулсан гэсэн үг. Хамгийн гол нь олон улсад бүтээгдэхүүнээ экспортлох эрх 100 хувь нээгдэж байна.

Мөн олон улсын үйлдвэрлэлийн модель болох OEM, ODM загварын дагуу харилцагчийн захиалгаар гоо сайхны бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээр нь чанарын өндөр түвшинд оюуны өмчийн өндөр хамгаалалт, нууцлалтайгаар үйлдвэрлэх боломжтой болсон.

Энэ зах зээлд түгээмэл ажиглагддаг зүйл нь бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ гаднын бусад улс руу захиалдаг. Тиймээс бид дотоодын гоо сайхны зах зээлд өөрийн брэнд бүтээгдэхүүнийг гаргахыг хүсэж буй бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, дотооддоо эдийн засгийн урсгалаа сайжруулах давуу талыг бий болголоо. 

Манай үйлдвэр дээр бүтээгдэхүүнээ захиалсан тохиолдолд ISO 9001:2015, ISO:140001, ISO 22716:2007 стандартыг хангахын зэрэгцээ экспортод гаргах боломжтой гэсэн үг. Иймд энэ чиглэлээр цаашид хамтарч ажиллахад бидний зүгээс үргэлж нээлттэй" гэв. 

"Монос косметик" компанийн тус үйлдвэрт арьс, үс, гар арчилгааны бүтээгдэхүүний судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн судалгаа болон бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой.

Харин Color cosmetic буюу нүүр будгийн хэрэгслийг гаргах боломжгүй гэнэ.

Гоо сайхны салбарт тэргүүлэгч Солонгос улсын гоо сайхны үйлдвэрүүдийн хөгжлийг тус компанийнхан судалжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 4,428 гаруй үйлдвэрт 56,500 гаруй бизнес эрхлэгч захиалгаа өгч, үйл ажиллагаа явуулдаг байна.

Тиймээс "Монос косметик" ХХК-ийнхан энэ чиглэл рүү үйл ажиллагаагаа өргөжүүлснээр Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжинө гэдгийг гүйцэтгэх захирал Э.Дагвабаасансүрэн нэмж хэллээ. 

Ташрамд дурдахад, 2017 онд Монголын гоо сайхны үйлдвэрлэлийн салбарт шинэчлэл хийж, анх удаа олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, 2020 онд ISO 140001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг Франц улсын AFNOR группээс баталгаажуулан авч байсан бол өнөөдөр Англи улсын интертек компаниас "GMP" стандартын гэрчилгээгээ баталгаажуулж авлаа. 

"Монос косметик дотоодын гоо сайхны зах зээлийн 20-30 хувийг үйлдвэрлэх боломжтой боллоо"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинээр ашиглалтад оруулаад удаагүй байгаа тус үйлдвэрт 15 брэндийн 200 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэхээс илүүтэй чанар, брэнд хөгжүүлэлтээ сайжруулна гэдгийг тус компанийн Маркетингийн албаны дарга Ө.Одонтуул хэлсэн юм. 

Тэрбээр "2018 оноос хойш БНСУ-ын гоо сайхны судалгаа хөгжүүлэлтийн компаниудтай хамтран бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа шинжилгээ, технологи хөгжүүлэлт дээр ажилласан.

Одоогоор 30-аад  нэр төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бөгөөд 2023 онд арьс арчилгааны зах зээлд шинэ өнгө төрхтэй, шинэчилсэн технологи бүхий цогц бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Ингэснээр Солонгос технологиор хөгжүүлсэн Монгол брэнд бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчдээ хүргэх боломжтой болно.

Манай улс дотоодын гоо сайхны бүтээгдэхүүний 90 орчим хувийг импортоор оруулж ирдэг. Бид дотооддоо олон улсын стандартад нийцсэн гоо сайхны үйлдвэрийг ашиглалтад оруулснаар дотоодын үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой болж байгаад баяртай байна.

Өдгөө 33 жилийн түүхт компани нь 1990 онд эм, гоо сайхны "Монос" нэртэй жижиг үйлдвэр байгуулж, "Буга", "Марал" хэмээх тоснуудыг анхлан үйлдвэрлэж, Монголынхоо хэрэглэгчдэд санал болгож байжээ. 

150 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг тус үйлдвэрийн алсын хараа нь импортыг орлох дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монголын гоо сайхны зах зээлийг хөгжүүлэхэд оршиж байна.