Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

О.Цогтгэрэл: Офтэйк гэрээнүүд Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үеэс эхлэлтэй. Ил болгож байгаа гэрээний дийлэнх нь энэ оных

Т.Саран, iKon.mn
2022 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл офтэйк гэрээний асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Есөн гэрээ ил болсон. Дахиад гэрээ гарч ирэх юм байна. Нефть дамжуулах хоолойн, нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ хаана байна вэ? Бүгдээрээ нэг тэрбум ам.доллароор яригдах гэрээ. Офтэйк гэрээ хэзээнээс хийгдэж эхэлсэн бэ гэдэг асуудал бас яригдана.

Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед анхны офтэйк гэрүүнүүд хийгдэж эхэлсэн байна. Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт гэдэг компани дээр тухайн гэрээ хийгдэж, Чалко компаниас зээл авч, нэг тэрбум ам.долларын гэрээг 2011 онд байгуулж эхэлсэн түүхтэй.

Сая ил болж байгаа гэрээнүүдийн дийлэнх нь 2022 оных байна. Ингэж ил болгосноор уг асуудлыг хааш нь чиглүүлэх гээд байгааг та бүхэн анзаарч байгаа байх. 

Эрх баригчдад бид шаардлага хүргүүлнэ. Жагсагчидтай уулзаж, байр суурийг нь сонсох ёстой гэж бүлгийн гишүүд үзлээ. Одоо тулгамдаад байгаа зүйл нь хүний эрхийн асуудал. Гэр бариулах, нийтийн тээврийн тухай юм ярьж байна. Ордны хажууд байгаа Соёлын төв өргөөний хаалгыг нээх хэрэгтэй. Тэнд эмнэлэг, нийтийн бие засах газар нь ажиллаж, жагсаалд дуу хоолойгоо илэрхийлэх байдлаар зохион байгуулалтад орох шаардлагатай. Зөвхөн хүйтнээс гадна жагсагчдын эрхтэй холбоотой асуудал юм. 

Жагсаал болж байгаа газарт сүлжээ унагагч ашиглаж байна. Ингэж иргэдийн мэдэх эрхэд халдаж байна. 

Борлуулалтын гэрээ хаана байна вэ? Бусад төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дээр ямар гэрээ байгаа вэ гэдэг асуудлыг яримаар байна. Уул уурхайн компаниуд иргэдийн хяналтад очих ёстой. Эдгээр шаардлагыг бүлгээс УИХ, Засгийн газарт хүргүүлнэ" хэмээв.