Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Украины далбаатай холбоотой иргэдийн гомдлын дагуу цагдаа нар “Алтан тариа” компанид очиж ажилласан гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг П.Цэнгүүний twitter хаягаас авав

"Алтан тариа" компанийн захирал П.Цэнгүүн үйлдвэрийнхээ барилгад Украин улсын далбааг өлгөснөөс үүдэн цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсан талаар жиргэжээ. 

Тэрбээр "Дайныг эсэргүүцсэнд СХД-ийн цагдаа ирж Украины тугаа буулга гэж шаардлага тавьж буй. Хувийн өмчид халдах гэж буй бол шүүхийн шийдвэрээ аваад ир гэлээ. Монголын төрийн байж буй царай ийм л байна" гэсэн байв. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "102 тоот утсанд "Алтан тариа" компанийн үйлдвэр дотор Украин улсын далбааг өлгөөд хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна гэх дуудлага мэдээлэл өнөөдрийн 12:27 цагт ирсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид газар дээр нь очиж тодруулан ажилласан. Хувийн өмчид халдсан асуудал байхгүй. Тугаа буулга гэсэн шаардлага тавиагүй" гэх хариулт өгөв. 

Харин "Алтан тариа" компаниас болсон явдлын талаар тодруулахад дараах хариултыг өглөө. 

"Алтан тариа" ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Ө.Саруул-Эрдэнэ "Цагдаагийн байгууллагын зүгээс танай компани ямар учраас Украин улсын далбааг мандуулав, буулга гэсэн. Мөн гаднын улсын туг, далбаа мандуулах журмыг зөрчсөн байна гэсэн. 

Гэтэл бид ямар нэгэн хууль, журам зөрчөөгүй. Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ л эдэлсэн. Дайныг эсэргүүцэхийн зэрэгцээ No War урианд нэгдэж байгаагаа илэрхийлж Украины далбааг мандуулсан. 

Тиймээс цагдаа нарын шаардлагыг хүлээж аваагүй. Үнэхээр хууль зөрчсөн гэж байгаа бол шүүхийн албан ёсны шийдвэрээ авчир гэдэг хариултыг цагдаад өгсөн. Бид Украин улсын далбааг буулгахгүй" гэв.