Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын нийт хадгаламжийн 21% нь тэрбум төгрөгөөс дээш дүнтэй байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2020 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар нийт мөнгөний нийлүүлэлтийн 55% буюу 13.4 их наяд төгрөгийг иргэд, ААН-ийн хадгаламж эзэмшиж байна. 

Тухайн хугацаанд шинээр хадгаламж нээлгэсэн иргэдийн тоо 66,466 иргэн, хуулийн этгээд байгаа бол нийт хадгаламж эзэмшигчдийн тоог дараах зургаас харж болно.

 
Эх сурвалж: Монголбанк

Тэгвэл иргэд, ААН-ийн хадгалж буй нийт мөнгөний 21% нь нэг тэрбум төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигчдэд хамаарч байна. Харин 1-10 сая төгрөгийн хадгаламж 15%-д нь байгааг Монголбанкны статистикт дурджээ. 

График. Хадгаламж эзэмшигчдийн бүтэц

2020 оны арванхоёрдугаар сарын сүүлийн байдлаар төгрөгийн хадгаламжийн жилийн дундаж хүү 8.4% байгаа бол иргэдэд олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 15.8%, ААН-үүдэд шинээр олгосон зээлийн дундаж хүү 15.3%-тай байжээ. 

Банкны салбарт реформ хийнэ хэмээн санаачлагчид нь дүгнэж буй Банкны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд буй. Уг хуулийг анх санаачлахдаа энэ мэт өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчдийн мөнгөнд хязгаар тавих талаар мэдээлж байсан. Учир нь банкууд өндөр дүнтэй хадгаламж татахын тулд энгийн хадгаламжаас өндөр хүү санал болгодог нь зээлийн хүүг өсгөх нэг хүчин зүйл болдог хэмээн тайлбарлаж байв. Ийнхүү зохицуулснаар санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж байсан ч хуулийн төсөл боловсруулах явцад уг санаачилга хасагдсан юм.