Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

$104.7 саяын зээл, $48.6 саяын буцалтгүй тусламжийг агаарын бохирдлыг бууруулахад ашиглажээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний аудитын газраас Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/279452789361359/

Аудитаар гарсан зөрчилтэй холбогдуулан Гүйцэтгэх аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Л.Одгэрэл  мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Энэхүү аудитыг гурван чиглэлээр явуулсан. Үүнд,

  1. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны эрх зүйн орчин уялдаатай байсан уу?
  2. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг зөв зохистой төлөвлөж хэрэгжүүлсэн эсэх?
  3. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа үр дүнтэй явагдсан уу?

УИХ-аас 1995 онд Агаарын тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн байдаг. Уг хуулийг 2010, 2012 онд шинэчлэн баталж, таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас 26, Засгийн газраас 24 тогтоол гаргаж байжээ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 1995 оноос хойш гаргасан шийдвэрүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс бохирдлыг бууруулах үйл ажиллагааг оновчтой зохицуулж чадаагүй байна.

Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих Үндэсний хороог Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд хоёр, Ерөнхий сайдын дэргэд хоёр, Байгаль орчны сайдын дэргэд хоёр, Нийслэлийн засаг даргын дэргэд гурван удаа байгуулан ажиллаж буюу байнга харьяалал бүтэц нь солигдлож ирснээс шалтгаалаад хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэн дүгнэж тайлбарлах, хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй нөхцөлд хүргэсэн байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг харвал,

  • Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум
  • Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Мөн гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдлуулагч эх үүсвэрүүдийг тодорхойлон, арга хэмжээний үр дүнг агаарын чанартай харьцуулсан үнэлгээ хийгээгүй байна. Тиймээс агаарын бохирдол дорвитой, илт мэдэгдэхүйц буураагүй байна.

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг юунд хэрэглэснээр нь ангилж үзвэл:

  • Үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулахад 26 хувийг
  • Сайжруулсан зуух үйлдвэрлэх, үнс тээвэрлэх автомашин худалдан авахад 22 хувийг
  • Нам даралтын зууханд шинэчлэл хийхэд 14 хувийг
  • Сайжруулсан түлш болон агуулахын зардалд 10.9 хувийг гэх мэт бусад зардалд зарцуулсан байна.

2008 оноос хойш олон эх үүсвэрийн мөнгөөр агаарын бохирдлыг бууруулах ажлуудыг санхүүжүүлж байсан боловч энэ чиглэлийн ажил хариуцдаг Нийслэлийн холбогдох байгууллагууд үр дүнг нэгтгэн дүгнэдэггүй, тоон мэдээллүүдийг зөрүүтэй гарган ажиллаж иржээ" хэмээн ярилаа.

Аудитаар гарсан зөрчилтэй холбогдуулан зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд болон Хотын даргад зөвлөмж өгч, зарим байгууллага дээр илэрсэн зөрчилтэй холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгааг хэвлэлийн хурлын төгсгөлд мэдэгдлээ.