Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын засгийн газар гадаадад суралцаж байгаа оюутнуудаа буцаж ирэхийг уриалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өрнөдийн орнуудтай харилцаа муудсан шалтгаанаар гадаадад суралцаж байгаа оюутнуудаа буцаж ирэхийг ОХУ-ын засгийн газрын агентлаг уриалжээ.

Хилийн чанадад байгаа иргэддээ анхаарал тавьдаг Россотрудничество засгийн газрын байгууллага дөрөвдүгээр сарын 16-наас “Highly Likely Welcome Back” гэсэн уриатай аян өрнүүлж эхэлсэн байна.

“Highly Likely” гэсэн нэр нь Өрнөдийн удирдагчдын сүүлийн үед хэрэглэж байгаа үгийг элэглэсэн бололтой.

Тухайлбал Британий ерөнхий сайд Тереза Мэй тагнуулын экс ажилтныг хордуулсан хэргийг Оросын эрх баригчид үйлдсэн байх “өндөр магадлалтай” (Highly Likely) гэж хэлж байсан. Мөн Вашингтон саяхан Сирид хийсэн пуужингийн цохилтоо Башар аль Ассад химийн зэвсэг хэрэглэсэн байх “өндөр магадлалтай” гэж зөвтгөж байв. Мөн уг ажиллагаа нь Сирийн химийн зэвсгийн байгууламжуудыг устгасан байх “өндөр магадлалтай” гэж мэдэгджээ.

“Манай иргэдийн суралцаж байгаа улс орнуудад, ялангуяа Европт анти-Орос үзэл эрчимтэй нэмэгдэж байна. Бид ийм сөрөг үзэгдлээс нутаг нэгтнүүдээ хамгаалах үүрэгтэй” гэж Россодтрудничество байгууллагын төлөөлөгч хэвлэлд ярьсан байна.

2014 оны байдлаар хилийн чанадад 60,000 орчим Орос хүн суралцаж байгааг тус улсын Боловсрол, Шинжлэх Ухааны яам мэдээлж байв.

Москвагийн Их сургуулийн бодлого, зохицуулалтын албаны дарга Генри Сардарян өөрийнхөө болон бусад сургуулиудыг гаднаас ирсэн Орос оюутнуудад үргэлжүүлэн суралцах боломж олгоход бэлэн байгааг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty