Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Химийн зэвсгийн нөөцийг хэн, хэрхэн хянадаг вэ?

Э.Мөнхзаяа
2018 оны 3 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг

Их Британийн Солсберид хэрэглэсэн хордуулагч бодисын цаад мөн чанарыг батлахаар олон улсын химийн зэвсгийн шинжээчдийн групп тус улсад хүрэлцэн иржээ. Гэвч орчин үед химийн зэвсгийн хяналтыг ямар байдлаар хийж байна вэ?

Химийн зэвсгийг хориглох байгууллага (ХЗХБ)-ын төлөөлөгчид Солсберигээс хэдхэн километрийн зайд орших, Уилтшир гүнлэгийн Портон-Даун цэргийн лабораторид ирсэн байна. Британийн засаг захиргааны баталж буйгаар Сергей Скрипаль болон түүний охиныг хордуулахад ашигласан бодис нь мэдрэлийн саатал үүсгэгч хорны төрөлд хамаардаг бөгөөд нөөц нь Орост байдаг гэжээ.

Харин ХЗХБ-ын шинжээчдийн групп 1997 онд баталсан, 197 улс нэгдсэн Химийн зэвсгийн конвенцээр тодорхойлж буй олон улсын хяналтын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Уг конвенцэд БНАСАУ, Израиль, Египет л нэгдээгүй юм. Гэвч эдгээр улс олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн конвенцтэй холбоотой зүйлийг дагахаас өөр аргагүй. Гаагт төвтэй ХЗХБ-ын шинжээчид химийн зэвсгийг устгах практик ажил эрхэлдэг. Тэдний ажиглалт дор дэлхий даяар ил болсон химийн зэвсгийн нөөцийн 97 орчим хувийг устгалд оруулжээ. Конвенцэд нэгдсэн орнууд үйлдвэрлэлээс химийн зэвсэг үйлдвэрлэх, хадгалах, хэрэглэхээс татгалзах үүрэг хүлээсэн.

Тэд мөн ХЗХБ-д хортой бодисын нөөц болон тэдгээрийн шинж чанарыг мэдүүлж, хаана үйлдвэрлэж болохыг зааж өгөх үүрэгтэй. Эдгээр мэдээллийг ХЗХБ-ын шинжээчид химийн зэвсгийн нөөц болон тэдгээрийг үйлдвэрлэх газрыг устгах мониторингтоо ашигладаг байна. Хордуулагч бодисыг мэдээлэл хүргүүлснээс хойш 10 жилийн хугацаанд устгаж барагдуулах ёстой.

Ихэнх орон товлосон хугацаандаа амжиж, химийн зэвсгээ устгуулсан байна. Харин ЗХУ-аас химийн зэвсэг өвлөн авсан Орос, АНУ л амжсангүй. Эдгээр улсад устгалын ажиллагаа явуулахад химийн зэвсгийн хэмжээ, нөөц асар их байсан бөгөөд уг ажиллагаа явуулахад өртөг өндөр, техникийн хувьд хүндрэл бэрхшээлтэй тулгарчээ.

ОХУ хэдхэн сарын өмнө 40 мянга орчим тонн химийн зэвсэг устгаж дуусгаснаа зарласан байна. Энэ бол дэлхий дээрх хамгийн том хэмжээний химийн зэвсэг юм. Уг мэдэгдэл ямар нэгэн маргаан үүсгээгүй юм. Учир нь устгалыг ХЗХБ-ын шинжээчдийн оролцоо, хяналт дор хийсэн тул маргаан дэгдэх ямар ч үндэслэлгүй.

Одоогийн байдлаар АНУ химийн зэвсгийн мэдэгдсэн нөөцийнхөө 90 орчим хувийг устгасан бөгөөд 2021-2022 он гэхэд бүрэн устгаж дуусгахаар төлөвлөжээ Уг үйл явц орон нутгийн засаг захиргаанаас зөвшөөрөл авах шаардлагатай холбоотой хүндрэлүүдээс болж сунжирдаг гэнэ.

Тэгвэл “Новичок" хэлбэрийн мэдрэлийн саатал үүсгэгч хордуулагч зэрэг бусад химийн бодисын талаар ямар мэдээлэл байдаг вэ?

Сергей Скрипаль болон түүнийг охиныг хордуулахад хэрэглэсэн гэж Британийн талаас үзэж буй энэ төрлийн бодис нь ХЗХБ-д илгээсэн мэдүүлэгт огт дурдагдаж байгаагүй бөгөөд уг бодис нь химийн найрлагынх нь тухай хангалттай мэдээлэлгүйн улмаас хянагчдын анхааралд өртөж байгаагүй аж. Энэхүү бодисын нарийн нэршил маш чухал нөлөөтэй. Учир нь Конвенцэд нэгдсэн орнуудад химийн уг гарал нь тодорхой нөхцөлд химийн бодисыг өргөн хүрээнд эзэмшихийг зөвшөөрдөг байна.

Конвенцийн дагуу оролцогч орнууд хорт бодисын нөөц эзэмших, түүнчлэн тэдгээрийн өмнөх хэлбэрийг энхийн зорилгоор, тухайлбал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, шинжлэх ухааны судалгаа, анагаах ухаанд ашиглах эрхтэй. Мэдээж энхийн зорилгоор ашиглах хордуулагч бодис, химийн бодисыг хатуу чанд хяналт дор, хязгаарлагдмал хэмжээтэйгээр хадгалахыг зөвшөөрдөг байна. Оролцогч орнууд эдгээр бодисоос нэг тонн хүртэлх хэмжээтэйгээр хадгалах боломжтой бөгөөд үйлдвэрлэх ганц л объекттой байна.

Ихэвчлэн энэхүү объект нь шинжлэх ухааны лаборатори байдаг. Иймэрхүү хязгаарлагдмал нөөцийг хамгаалалтын хувцас, хийн баг, хорны ерөндөг боловсруулахад, мөн эдгээр хорт бодисыг илрүүлэх арга зэрэгт ашиглаж болно. Зөвшөөрөгдсөн нөөцийн хяналт, шалгалтыг ХЗХБ-ын шинжээчид хийхдээ хорт бодисыг миллиграмм хүртэл нарийвчлалтай хэмждэг байна. Аж үйлдвэрт хэрэглэдэг, мөн химийн зэвсэг бүтээхэд ч ашигладаг бусад бодис ч мөн ХЗХБ-ын хяналт дор байдаг.

Үйлдвэрлэлийн хэмжээ, худалдаа, ашиглалт, устгал зэрэг бүх мэдээллийг Конвенцийн оролцогч орнууд цуглуулж, ХЗХБ-д жил бүр өгч байх үүрэгтэй. ХЗХБ эдгээр мэдээллийг тооцоолж, жил бүр аж үйлдвэрийн объектуудад 400 хүртэлх тооны хяналт шалгалтыг гүйцэтгэдэг.

Хэдийгээр “Новичок” хэлбэрийн бодис хяналтын эдгээр арга хэмжээнд багтаагүй, нэг ч улс ХЗХБ-д ийм бодис эзэмшдэг гэж мэдээлээгүй ч уг бодис байдаг тухай 1990-ээд оноос л ил болсон юм. Магадгүй энэ бодисыг ямар нэгэн улсын төрийн лабораторид бага хэмжээгээр үйлдвэрлэдэг байж мэднэ.

Хэрвээ үл мэдэгдэх бодист хордсон тохиолдолд танихын тулд энэхүү хорны тодорхойлолтыг мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой. Энэ ажлыг Британийн химийн зэвсгийн төвд гүйцэтгэж байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Тэгсэн хэрнээ Сергей Скрипаль болон түүний охиныг хордуулсан бодисыг “Новичок” хэлбэрийнх байсан гэж Портон-Даун лабораторийн шинжээчид тодорхойлжээ. Ийм мэдээлэл нь Сергей болон Юлия Скрипаль, түүнчлэн энэ хоронд өртсөн цагдаагийн түрүүч Ник Бейли нарын эмчилгээг сонгоход маш чухал билээ.

Зураг