Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Путинд баяр хүргэж, Америкчуудыг гайхшруулав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Владимир Путинд утсаар баяр хүргэсэн байна.

Вашингтонд айлчилж байгаа Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүтэй уулзсаны дараа тэр энэ тухайгаа сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Трамп бас ойрын хугацаанд Путинтай биечлэн уулзаж, хяналтаас гараад байгаа зэвсэглэлээр хөөцөлдөх явдлын талаар ярилцана гэжээ.

Гэхдээ Трамп Америкийн армийг дэлхийн хамгийн хүчирхэг нь хэвээр байлгана гэдгээ амалсан юм. “Бид дэлхийн ямар ч улсын зэвсэгт хүчнээс илүү хүчирхэг байх байр сууриа хадгалж үлдэнэ. Бидэнтэй эн зэрэгцэхийг ямар ч улс оронд зөвшөөрөхгүй” гэж тэр хэлжээ.

Трамп бас Путинтай уулзахдаа Хойд Солонгос, Украины асуудлаар хэлэлцэнэ гэсэн байна.

АНУ одоогоор жилд $700 тэрбумыг батлан хамгаалах үйлсэд зарцуулж байгаа. Үүний $640 тэрбум орчим нь зэр зэвсэг, хүн хүчинд зориулагдаж байгаа бол $60 тэрбумыг Афганистан, Ирак, Сири дэх байлдааны ажиллагаанд зарцуулдаг.

Трамп Путинд баяр хүргэсэн явдал Америкийн улс төрчид, хэвлэл мэдээллийнхнийг гайхшруулсан хэрэг байлаа. Учир нь Британий газар нутагт экс тагнуулын ажилтны аминд хүрэх оролдлого хийсэнд Өрнөдийн орнууд Москваг буруутгаад байгаа юм. Путины сонгуулийн ялалтад одоогоор өрнөдийн ганц ч орны удирдагч баяр хүргээгүй байна. Голдуу ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд, Хятад, Япон, Хойд Солонгосын удирдагчид түүнд баяр хүргээд байгаа юм.

Бүгд Найрамдах Намын хатуу чиг баримжаатай сенатор Жон Маккайн твиттер хуудсандаа “Ичгүүртэй сонгуульд ялалт байгуулсан дарангуйлагчид чөлөөт ертөнцөөс анх удаа Америкийн ерөнхийлөгч баяр хүргэх ёсгүй. Трамп ингэснээрээ чөлөөтэй сонгох эрхээ эдэлж чадаагүй Оросын иргэдийг доромжилж байна” гэж бичжээ.

Цагаан ордны мэдээллийн цагаар сэтгүүлчид Трампын мэндчилгээний талаар олон асуулт асуусан байна.

“Орост болсон сонгуулийг Цагаан ордон чөлөөт, шударга болсон гэж үзэж байна уу?” гэсэн асуултад хэвлэлийн албаны дарга Сара Сандерс “Бид өөрийн сонгуульд анхаарлаа хандуулж, бусад улсад хэрхэн ажиллахыг заах хэрэггүй” гэж хариулсан байна.

 

Эх сурвалж: Russia Today