Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн II дайны үед живсэн АНУ-ын байлдааны хөлгийг 4 км-ийн гүнээс олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Майкрософт компанийг Билл Гэйтсийн хамт үүсгэн байгуулалцаж байсан тэрбумтан Пол Аллены санхүүжүүлдэг эрлийн баг АНУ-ын тэнгисийн флотын домогт байлдааны хөлгийг Номхон далайн өмнөд хэсгээс олжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед “USS Juneau” хөлгийг Япончууд устган живүүлснээр 600 гаруй хүний амь үрэгдэж байв. Хөлгийн эх биеийг өнгөрсөн Бямба гарагт Соломоны арлуудын ойролцоох усанд 4 км-ийн гүнээс илрүүлжээ.

1942 оны арваннэгдүгээр сард Япончууд хөлөг рүү довтолж живүүлэхэд 687 цэрэг амь үрэгдсэний дотор Айова мужийн Уатерлогоос ирсэн ах дүү таван Сулливан байсан юм.

Сүүлд эдгээр ах дүүсийн дурсгалд зориулж АНУ-ын тэнгисийн хүчний нэгэн хөлгийг нэрээр нь нэрлэсэн байдаг. Америкийн армид ах дүүсийг нэг анги нэгтгэлд алба хаахыг зөвшөөрдөггүй боловч Сулливануудын хүсэлтээр тавууланг нь нэг ангид хуваарилснаар ийнхүү бүгд амиа алдаж байжээ.

Тэднийг Жорж, Фрэнсис, Жозеф, Мэдисон, Альберт Сулливан гэдэг байв.

Далайн ёроолд байгаа хөлгийн үлдэгдлийн дүрс бичлэгийг автомат жолоодлоготой усан доогуур явагч машинаар авсан байна.

USS Juneau хөлөг ашиглалтад ороод ердөө нэг жилийн дараа сүйрсэн юм. 1942 оны далайн тулаан маш богино хугацаанд өрнөж, Япончуудын довтолгооноос ердөө 30 секундын дараа хөлөг хоёр хуваагдаж живсэн байна. Хөлөг дээр байсан хүмүүсээс 115 нь хөвж үлдсэн боловч аврах ажиллагаа олон өдрөөр сунжирсан тул ердөө 10 хүн аврагдсан гэдэг.

Пол Аллены санхүүжүүлсэн багийнхан одоогоор АНУ-ын USS Lexington, USS Indianapolis, USS Wards, USS Astoria, Японы Мусаши, Италийн Artigliere зэрэг дайны үеийн живсэн хөлгүүдийг далайн гүнээс илрүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian