Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сайханбаяр: Хүнээ бэлтгэхээс бид хоцроогүй, харин зэвсэг, техникээр хол хаягдсан

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 3 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг

Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан батлан хамгаалах бодлого, хөгжлийн талаар Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяртай ярилцлаа.

ЗЭВСЭГТ ХҮЧИН МЭРГЭЖЛИЙН, ИРГЭД БЭЛТГЭЛЖИЛТТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Батлан хамгаалах бодлого бол төрийн бодлогын тулгуур, үндэсний аюулгүй байдлын баталгаа.

Аливаа улсын батлан хамгаалах бодлого тодорхой бол улс орон бүрэн бүтэн, гаднаас болон дотроосоо аюулгүйгээр оршин тогтнох нэг үндэс нь болдог. Гагцхүү хэрхэн яаж тодорхойлох вэ гэдэг асуудал хамгийн чухал. Батлан хамгаалах бодлого нь тухайн орны нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, чанар байдал, эдийн засгийн хүчин чадал, нийгмийн төлөв, хандлага, хөгжлийн төвшин, ард түмний үнэт зүйл, хил залгаа болон дэлхийн улсуудын хөгжил зэргээс урган гарч байдаг.

Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь монгол нутагт төрт улс үүссэн үеэс тухайн цаг үедээ нийцэн тодорхойлогдож ирсэн байдаг. Чингис хааны үед болон Монголын Эзэнт гүрний үед төр хамгийн хүчтэй, оновчтой бодлоготой байсан. Төрийн хар хайрцагны бодлогыг /хуулиа/  хаанаасаа эхлээд бүх ард түмэн ягштал дагадаг байж. Тэр ч утгаараа олон түмэн нь хаант төрөө дээдлэн хүндэтгэдэг, улс хотлоороо эмх журам, зохион байгуулалттай, нэгдмэл, хүчирхэг байсан.

Түүхийн үнэт эх сурвалж болсон “Монголын нууц товчоо”-нд улс орныхоо аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлогыг энгийнээр илэрхийлж, газар нутгаа тэлэх, улсаа хүчтэй болгох, цэрэг, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, бэлтгэл гээд бүгдийг багтаасан байдаг.

Богд хаант Монгол Улс байгуулагдсан үеэс батлан хамгаалах бодлого бас нэгэн өвөрмөц чиг хандлагатай болж ирсэн. Энэ үеэс хөрш Орос улсын ивээлд багтах, түнш, холбоотон улсынхаа дэмжлэгтэйгээр аюулгүй байдлаа хангах бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх арга замыг сонгосон.  Харин 1990-ээд оноос Монгол Улс батлан хамгаалах бодлогоо цоо шинээр тодорхойлох түүхэн хэрэгцээ, шаардлага үүссэн. Энэ дагуу УИХ-аас 1994 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал, Цэргийн номлолыг, 1998 онд Төрийн цэргийн бодлогын үндэс хэмээх  цоо шинэ бодлогын баримт бичгийг батлан гаргасан юм.

Эдгээр бодлогын баримт бичгүүдэд Монгол Улс дэлхийн бүх улс орнуудтай улс төр-дипломатын найрсаг, идэвхтэй, нээлттэй, уян хатан, тэнцвэртэй, олон талт  хамтын ажиллагааг явуулж, дэлхийн энх тайвны үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлыг шийдвэрлэх буюу, өөрөөр хэлбэл улс төр-дипломатын аргаар аюулгүй байдлаа хангах бодлогыг тодорхойлсон.

Аливаа дайн түрэмгийлэл, цөмийн зэвсэг, цэргийн эвсэл, холбооноос татгалзсан, гадны цэргийг улс орондоо байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй, гадны түрэмгийлэл улс оронд халдахаас бусад тохиолдолд ямар нэг дайнд татагдан оролцохгүй гэдгээ тодорхойлсон. Мэргэжлийн чиг баримжаатай, цомхон, чадварлаг зэвсэгт хүчинтэй болох зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлсэн. Энэ үеэс Монгол Улсын батлан хамгаалах бодлого тодорхой болсон.

Өнгөрсөн 20-оод жилд “Төрийн цэргийн бодлого”-оор дэвшүүлсэн зорилт үндсэндээ хангагдсан.  Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний 80-аад хувь нь мэргэжлийн болж чадваржсан, бие бүрэлдэхүүний бүтцэд чанарын өөрчлөлт гарсан, дэлхийн энхтайвны үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулж хүндтэй байр суурийг нэгэнт эзэлсэн. Бүтэц, зохион байгуулалтаа шинэчилсэн, сургалт бэлтгэлийн тогтолцоо нь төгөлдөржсөн гээд бодлогын зорилтууд хэрэгжсэн.

Харин Зэвсэгт хүчнийг цомхон байлгана гэдэг өнөө цагт аюулгүй байдлаа хамгаалах оновчтой зорилт, тодорхойлолт биш. Эх орны тусгаар тогтнолд аюул учирлаа гэхэд  Зэвсэгт хүчин газар нутгаа хамгаалах, гадны түрэмгийллийг тогтоох, зогсоох, буцаах тодорхой хүчтэй байх ёстой. Зэвсэгт хүчин мэргэжлийн, чадварлаг, нийт иргэд бэлтгэлжилттэй байх ёстой. Ийм учраас “Төрийн цэргийн бодлогын үндэс”-ийг 2015 онд шинэчилж, “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг УИХ батлан гаргасан бөгөөд энэхүү бодлогоо хуульчилж, батлан хамгаалахын багц хуулиудаа 2016 онд шинэчилсэн юм.

Мөн “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн  стратеги-2030”, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, бодлого, хууль, стратегиа шинээр тодорхойлж хэрэгжүүлж эхлээд байна. Батлан хамгаалах бодлогын дараагийн шатны гол зорилт бол батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бий болгож, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэх явдал болж байна.

БАТЛАН ХАМГААЛАХ ЭРХ АШИГТ ХАМААРАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА МОНГОЛД БАЙХГҮЙ

БЛИЦ 

Төрсөн он: 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

Гадаад хэл: Орос, англи

Боловсрол: Нийслэлийн 10 жилийн 53 дугаар дунд сургууль, Цэргийн нэгдсэн дээд сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 2001-2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын академи, 2012-2014 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академи

Мэргэжил: Улс төр, төрийн захиргаа, оператив-стратеги

Ажилласан байдал:  1989-1990 онд Зэвсэгт хүчний 121 дүгээр ангид салбарын улс төрийн орлогч, 1990-1994 онд Зэвсэгт хүчний 318 дугаар ангид зааварлагч, ангийн захирагчийн орлогч, 1994-1997 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабт офицер, 1997-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабт хэлтсийн дарга, 2000-2004 онд БХЯ-ны ТЗУГ-ын орлогч, хэлтсийн дарга, 2004-2012 онд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014 оноос БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байна.

1989-1990 онд Зэвсэгт хүчний 121 дүгээр ангид салбарын улс төрийн орлогч, 1990-1994 онд Зэвсэгт хүчний 318 дугаар ангид зааварлагч, ангийн захирагчийн орлогч, 1994-1997 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабт офицер, 1997-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабт хэлтсийн дарга, 2000-2004 онд БХЯ-ны ТЗУГ-ын орлогч, хэлтсийн дарга, 2004-2012 онд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014 оноос БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байна.

Төр, захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаанаас батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо бий болдог. Шинээр гаргах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай хууль бол Орон нутгийн хамгаалалтын тухай хууль юм. 2006 онд “Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” батлагдсан байдаг.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд батлагдсан бодлогоо бодит ажил болгох, хуульчлах талаар цэргийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид нэлээд ажиллаж, бусад улс орнуудын орон нутгийн хамгаалалтын тухай асуудлыг ч чамгүй судалсан байдаг юм. Монгол Улс өөрийн онцлогт тохирсон орон нутгийн хамгаалалтын тогтолцоотой байх ёстой.  Орон нутгийн хамгаалалт бол батлан хамгаалах тогтолцооны нэг үндэс.

Энэ ч утгаараа тухайн орон нутгийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, нийт иргэдийн хамтын ажиллагаан дээр орон нутгийн хамгаалалт үндэслэгдэнэ. Тухайлбал, аль нэг аймагт болзошгүй нөхцөл байдал үүслээ гэхэд тухайн аймаг, сум, багт ажиллаж байгаа байгууллага, амьдарч байгаа иргэд юу хийхээ мэддэг, сургагдаж, бэлтгэгдсэн байх шаардлагатай. Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэдийн үүрэг, хариуцлагыг нарийн тусгах ёстой.

Эх орноо хамгаалахад цэргийн алба хаагчдаас гадна иргэдийг бэлтгэх хэрэгтэй. Насанд хүрсэн иргэд хэрэгцээтэй үед ямар үүрэг биелүүлэх вэ гэдгээ мэдсэн байх учиртай. Тухайлбал, энгийн утгаар орон нутагт аливаа аюул, заналхийлэл учирвал хөдөөгийн малчин яах вэ, юу хийх вэ гэдгийг ойлгуулах нь чухал. Аюулыг мэдэрсэн малчин хамгийн түрүүнд орон нутгийн захиргаанд мэдэгдэхээс эхлээд өөрийгөө болон өрөөлийг хамгаалах ямар арга хэмжээ авах юм.

Аж ахуйн нэгж байлаа гэхэд машин, техник, эд хөрөнгөө ашиглуулахаас эхлээд юу хийхээ мэддэг байх, мөн хэрэгцээтэй үед тэр аймаг, сум, багаас цэрэг, галт зэвсэг, техник хэд гарах боломжтой гэдгийг орон нутгийн удирдлагууд мэдэж байх зэрэг энгийн ойлголтоос улс орныг батлан хамгаалах том бодлого урган гарч байгаа юм.  Төрийн удирдлагууд, сайд, шат шатны дарга нар ямар үүрэгтэй байх вэ гэдгээ мэдэж байх учиртай. Батлан хамгаалах бодлого бол дан ганц цэргийн мөрдэс зүүсэн хүмүүсийн ажил биш.

Нийт иргэдийн анхаарч мэдэж байх улс орны хэмжээний асуудал юм. Батлан хамгаалах эрх ашигт хамаарахгүй үйл ажиллагаа Монголд байхгүй. Зам, барилга зэрэг аливаа бүтээн байгуулалтын ажил ч батлан хамгаалах бодлоготой, эрх ашигтай нийцэж байх учиртай. Тухайлбал, нийслэл, хот, суурингуудаас хэдэн зам гарч байна, барилга, байшин нь бусад зориулалтаар ашиглах боломжтой юу гэх мэтчилэн маш өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй. Дэлхийн улс орнууд хот, суурьшмал амьдралаа төлөвлөхдөө батлан хамгаалах эрх ашгаа хамгийн түрүүнд бодолцдог.

ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХИЙЖ БАЙЖ БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГО ХЭРЭГЖИХ БАС НЭГЭН БАТАЛГАА БОЛНО 

Бодлого тодорхой болсон ч бодит байдал дээр улс орноо хамгаалах асуудал өөр. Манай улсын хувьд дайчилгааны бэлтгэгдсэн нөөцийг хүн амтайгаа харьцуулахад боломжийн. 1980-аад оны сүүлээр алба хаасан хугацаат цэрэг болон офицер, ахлагч нарын бүрэлдэхүүн гол цөм нь болж байна. Хүнээ бэлтгэхээс бид хоцроогүй. Харин зэвсэг, техникийн шинэчлэл дэлхийн чиг хандлагаас хол хаягдсан.

Хэдийгээр манай зэвсэглэлд байгаа техник, зэвсэг хэрэгслүүд үүрэг гүйцэтгэх боломжтой хэдий ч орчин үеийн шаардлагыг хангаж чадахгүй. Ялангуяа, Монгол Улсын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, агаарын хүч хэрэгсэлтэй тэмцэх хэрэгсэл, илрүүлэх хяналтын систем үнэхээр хоцрогдсон. Агаарын цэргээс авхуулаад зэвсэг, техникийн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай. Дэлхийд цэргийн технологи, зэвсэг, техникийн шинэчлэлийн өрсөлдөөн явагдаж байна.

Гэтэл манайх хуучин зэвсэг, техниктэйгээ  л байна. Орчин үед маш чадварлаг бүрэлдэхүүнтэй, жижиг бүлгээр, шаардлагатай газраа богино хугацаанд хүчтэй, өндөр цэцтэй зэвсэглэлээр тавьсан зорилгоо хангах болсон байна. Тиймээс зэвсэг, техникийн шинэчлэлийг хийж байж батлан хамгаалах бодлого хэрэгжих бас нэгэн баталгаа болно.

БАЙЛДААНЫ ОНГОЦНЫ НИСЭГЧ, ЗЭВСЭГЛЭЛИЙН ИНЖЕНЕРҮҮДЭД ХЭРЭГЛЭХ ЗЭВСЭГ, ТЕХНИК АЛГА

Эрт үед Монгол Улс сэлэм, жад, нум сумаа хийж байснаас биш орчин үеийн зэвсэг, техник үйлдвэрлэгч орон биш. Бүгдийг гаднаас авч байгаа. Тиймээс зэв­сэг, техникийн шинэчлэлд төрөөс анхаарч, эдийн засаг хүнд байна гээд яваад байх биш шат дараатайгаар төсөв, зардал гаргаж байх ёстой. Дэлхийн улс орнууд нийтээрээ батлан хамгаалах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, батлан хамгаалах чадвар, дархлаандаа ихээхэн анхаарч байна.

Дэлхийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бүх улс орон цэргийн зэвсэг, техникээ эрчимтэй шинэчилж байна. Гэтэл Монгол Улс  зэвсэг, техникийн шинэчлэлд нэг ч төгрөг төсөвлөдөггүй. Бодлого, хуулиудаа хэрэгжүүлэх чагтыг өөрсдөө тавьж байна. Бодлого тодорхой, иргэд нь мэдлэгтэй байлаа гээд хоосон гартай яах вэ. Зэвсэг, техникийн шинэчлэлийг бусад улс орнуудтай харьцуулах боломжгүй.

Манай улс олон оронд цэргийн мэргэжилтнүүдээ бэлтгэж байна. Орчин үеийн байлдааны онгоцны нисгэгчээс авхуулаад, сүүлийн үеийн зэвсэглэлийн инженерүүд бүгд бий. Харамсалтай нь тэд эх орондоо уншихаас өөр хийх зүйл алга. Тэдэнд хэрэглэж, ашиглах зэвсэг, техник, нисэх онгоц байхгүй. Монгол Улс мөнгө төгрөгтэй болохоороо ард түмэнд тараах, бүтээн байгуулалт хийхэд зарцуулахаас биш улс орныхоо батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, зэвсэгт хүчний шинэчлэлд хөрөнгө зарцуулахгүй байна.

Өнөөдөр батлан хамгаалах төсвийн 90 гаруй хувь нь цалин, өдөр тутмын үйл ажиллагааны зардал. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багаа үүрэг гүйцэтгүүлсний нөхөн төлбөрөөс дотоодын зарим асуудлаа шийдвэрлэж байна.

Тухайлбал, 1950, 60-аад оны үед барьж, байгуулсан цэргийн ангиудын барилга, байгууламжуудыг шинэчилж, засварлан, алба хаагчдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг бага багаар шийдвэрлэж байна. Зэвсэг, техникийг шинэчлэх хэрэгцээ шаардлагыг төрийн удирдлагууд ойлгож, мэдэж  байгаа. Гэхдээ бодит ажил болохгүй л байна. Улс орны маань эдийн засгийн байдал ч сайнгүй байна.

Зураг