Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

И.К.Азизов: Санал тоолох төхөөрөмжийг хакердах эсвэл гаднаас холбогдох боломжгүй

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 3 сарын 15
Үндэсний шуудан
Зураг зураг

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичтай ирэх ням гаригт болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцлаа.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн өдөр үлдлээ. Монголд хэчнээн орос хүн байдаг вэ. Яг хэчнээн хүн санал өгөхөөр байна?

-Одоогийн байдлаар Монгол Улсад хоёр мянга гаруй ОХУ-ын иргэн амьдарч байна. Сонгуулийн хорооны тооцоолсноор, Монголд амьдарч буй иргэдийн 1,758 нь сонгуулийн насанд хүрсэн бөгөөд тэдний 1397 нь Улаанбаатар хотод оршин суудаг гэсэн тоо бий.

Танай сониноор дамжуулан Монгол Улсад ажиллаж, амьдарч буй ОХУ-ын иргэд нь гуравдугаар сарын 18-ны өдөр буюу ирэх ням гаригт өглөөний 8.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл сонгуулийн гурван хэсэг дээр өөрийн биеэр очиж саналаа өгөх боломжтой гэдгийг сануулмаар байна. Сонгуулийн хэсгүүд нь Улаанбаатар (ЭСЯ-ны дэргэдэх дунд сургууль дээр) болон Дархан, Эрдэнэт хотуудад ажиллаж байна. Саналаа өгөхийн тулд ОХУ-ын хүчин төгөлдөр дотоод эсвэл гадаад паспорттайгаа ирэхэд хангалттай.

-Манайхаас хэдэн хүн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах вэ?

-Кремлийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнууд бүхий таван хүний төлөөлөл, Сонгуулийн ерөнхий хорооны гурван ажилтан, олон улсын ажиглагчийн журмаар МАН-ын нэг төлөөлөгч Москва хотноо ажиллана. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу дээр дурдсан төлөөлөгчид гадаадын бусад ажиглагчдын хамт сонгуулийн хэсгүүд дээр ажиллах буюу сонгуулийн үр дүнг гаргахад, үр дүнгийн тухай эцсийн баримт бичгүүдийг бүрдүүлэхэд болон сонгогчдын саналыг дахин тоолоход байлцах юм.

-Монгол дахь сонгогчдын ирц хэдэн хувьтай байх бол. Энэ талаар ямар нэгэн судалгаа байгаа юу?

-ОХУ-ын хувьд бол энэ оны Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын ирц урьд урьдын жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байхаар байгаа. Урьдчилсан тооцоогоор нийт сонгогчдын 63-64 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцоно гэсэн судалгаа бий. Харин Бүх Оросын олон нийтийн санал бодлыг тандах төвийн (Всероссийский центр изучения общественного мнения - ВЦИОМ) тооцоолсноор бол ирц 63-67 хувьд хүрэх магадлалтай байна.

Монгол Улсад ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэдийн хувьд харамсалтай нь иймэрхүү судалгаа байхгүй. Гэхдээ өнгөрсөн 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Улаанбаатарт ирц 60 хувь, Дархан, Эрдэнэт хотуудад дунджаар 70 хувь хүрч байсан. Энэ удаагийн сонгуульд ч мөн Монголд амьдарч буй орос иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцох болов уу гэж таамаглаж байна.

-Монгол Улсын хувьд сонгогчдын саналыг автоматжуулсан системээр тоолдог бөгөөд хяналтын шатанд гараар тоолдог. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын саналыг хэрхэн тоолох вэ?

-ОХУ-ын СЕХ-ийн шийдвэрээр энэ сарын 18-ны өдөр болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг цахим санал хураалтын төхөөрөмжөөр тоолохоор болсон. 13 мянга гаруй ийм тоног төхөөрөмжийг ашиглахаар сонгуулийн ихэнх хэсгүүдэд суурилуулсан бөгөөд хакердах эсвэл гаднаас холбогдох ямар ч боломжгүй.

Гэхдээ ямар нэгэн будилаан үүсэж, дахин хянах шаардлага гарвал сонгуулийн саналын хуудсуудыг гар аргаар дахин тоолж болно. Дашрамд сануулахад, ОХУ-ын СЕХ-ын дарга асан В.Е.Чуров танай оронд ирэхдээ Монголд сонгуулийн явцад болон санал тооллогын үеэр шинэ техник технологийг идэвхтэй ашиглаж буйг онцолж байсан удаатай. Монголын зарим туршлагаас бид өөрийн орондоо хэрэгжүүлсэн гэж хэлж болно.

-Вашингтон Кремлийг өнгөрсөн 2016 онд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэж буруутгадаг. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ нөлөөлөх боломжтой юу?

-Аливаа улс оронд улс төрийн сонгууль нь батлагдсан хууль журмын дагуу тус орны хууль сахиулах болон захиргааны байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулагддаг. Түүнчлэн уг ажиллагааг олон улсын болон дотоодын ажиглагчид гярхай хянаж байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тарааж буй элдэв цуурхал, гажуудлаас бид холуур байхыг хичээнэ.

АНУ-ын сонгуульд оролцсон гэх хий хоосон хардлагыг Америкийн тал байнга дэвшүүлж, бараг л амны уншлага болгосон тул тэдний зүгээс манай сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлогыг хийхээр оролдож болзошгүйг үгүйсгэх аргагүй. Тэр байтугай зарим нэг улс орны зүгээс манай дотоодын хэрэг болох сонгуульд хөндлөнгөөс оролцохоор төлөвлөж буй тухай сураг дуулдаад байна.

Иймэрхүү оролдлогоос урьдчилан сэргийлэхийн тулд Москва Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад (ЕАБХАБ) удирдлагад хандан Мониторингийн тусгай албаны ажилчдыг сонгуулийн явцыг байнга ажиглана уу хэмээн санал тавьсан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний хэлснээр “Бид өөрийн гэсэн зарчимтай. Уг зарчмынхаа дагуу манай улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг үл тэвчинэ. Түүнчлэн бид бусдын дотоод хэрэгт оролцдоггүй. Энэ бол бидний зарчим”

-Урьдчилсан санал асуулгын дүнгээр ОХУ-ын сонгогчдын 70 орчим хувь нь одоогийн Ерөнхийлөгч Владимир Путинийг дэмжихээ илэрхийлсэн. Урьдчилсан санал асуулга хэр бодитой байдаг бол?

-Энэ нь Бүх Оросын олон нийтийн санал бодлыг тандах төвөөс явуулсан олон нийтийн санал асуулгын үр дүнгийн үндсэн дээр гаргаж ирсэн тоо бөгөөд уг төв нь Орост нийгмийн, улс төрийн болон зах зээлийн судалгааны ажил явуулдаг манай орны анхдагч буюу хамгийн нэр хүндтэй судалгааны байгууллагуудын нэг юм. Уг байгууллагаас хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээр В.В.Путинд нийт сонгогчдын 69 хувь нь саналаа өгөхөд бэлэн гэсэн бол П.Н.Грудининд долоо, B.В.Жириновскийд тав, КА.Собчакт хоёр, Г.А.Явлинский, Б.Ю.Титов, C.Н.Бабурин болон М.А.Сурайкинд тус тус нэг хүрэхгүй хувь саналаа өгнө гэжээ.

Харин “Олон нийтийн санал бодлын сан” төрийн бус байгууллагын энэ сарын 11-нд явуулсан санал асуулгын дүнгээр В.В.Путиний рейтинг 64.9 хувь, П.Н.Грудининых 6.7, В.В.Жириновскийнх 6.2, харин бусад нэр дэвшигчдийн рейтинг нэг хувь хүрэхгүй байна. Эдгээр таамаглал хэр үнэн болохыг хэдхэн хоногийн дараа харъя даа.

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгчөөр гурван удаа сонгогдсон. Хэрэв энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал дөрөв дэх удаагаа ОХУ-ын Төрийн тэргүүний албан тушаалыг хашна. Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд ОХУ болон Монголын хамтын ажиллагаанд ямар нааштай өөрчлөлт гарсан бэ?

-В.В.Путин Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Орос, Монголын харилцаа өндөр төвшинд хүрч, халуун дулаан уур амьсгал сэргэсэн гэдгийг итгэлтэй хэлж чадна. Тэрбээр Монгол Улсад 2000 онд буюу төрийн тэргүүнээр дөнгөж сонгогдсоныхоо дараа, 2009 онд ОХУ-ын Ерөнхий сайдын хувиар, 2014 онд дахин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар Халхын голын байлдааны хамтын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэхээр, нийт гурван удаа ирж байсан.

Манай хоёр орны хооронд өндөр дээд төвшний яриа хэлэлцээ олон удаа амжилттай зохион байгуулагдсаар байна. Зөвхөн өнгөрсөн 2017 онд л гэхэд В.В.Путин өнгөрсөн оны зургаадугаар сард шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хоёр удаа уулзсан. Тэд эхний удаа өнгөрсөн наймдугаар сард Будапешт хотноо уулзсан бол хоёр дахь удаагаа есдүгээр сард болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзсан.

Монгол Улсын Ерөнхий сайд жил болгон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор болон манай орны холбогдох өндөр албан тушаалтнуудтай ажил хэргийн хүрээнд яриа хэлэлцээ хийхээр ОХУ-д айлчилдаг. Энэ онд ч гэсэн Монголын төлөөлөгчид Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах ОУЭЗЧУ-д оролцоно гэж найдаж байна. Түүнчлэн манай хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа маш идэвхтэй сайн хөгжиж байгаа. Үүнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын гавьяа зүтгэл их бий.

Өнгөрсөн 2017 оны байдлаар Орос, Монголын гадаад худалдааны эргэлт чамлалтгүй сайн өссөн. 2016 оныхтой харьцуулахад худалдааны эргэлт 46.9 хувиар өсөж 1368.1 сая ам. долларт хүрснээс ОХУ-ын экспорт 1326.9 сая ам. долларт хүрч, 48.1 хувиар өссөн бол Монголын импорт 41.2 сая ам. доллар хүрч 14.8 хувиар өссөн. Ерөнхийдөө ОХУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын ажлын ачаалал эрс нэмэгдсэн. Буриад Улс, Эрхүүгийн муж, Алтайн болон Өвөр байгалийн хязгаар гээд хил орчмын бүсүүдийн хамтын ажиллагаа нь хоёр орны хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг болоод байна.

Эрчим хүч, төмөр зам, хөдөө аж ахуйн салбар дахь болон дэд бүтцийн шинэчлэлийн хүрээн дэх хамтын ажиллагаа эрчимжиж, цэргийн болон техникийн салбар дахь хамтын холбоо улам бэхэжсээр байна. Манай хоёр орны хууль сахиулах болон хүчний байгууллагууд харилцан уялдаатай ажилладаг. Ялангуяа хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаа жилээс жилд есөн нэмэгдэж байгааг онцлох нь зүйтэй болов уу.

Мөн монголын иргэдэд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хамгийн олныг олгодог. Нэг хүнд ногдох квотоор бол энэ үзүүлэлт нь дэлхийн бусад оронтой харьцуулахад хамаагүй өндөр байгаа юм. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд 500 монгол оюутан ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны шугамаар суралцахаар болсон. Манай оронд жилдээ нийт 3,000 орчим монгол иргэн суралцдагаас талаас илүү хувь нь Засгийн газрын тэтгэлгээр сурдаг.

Энэ бүхэн нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины үйл ажиллагаатай шууд холбоотой. Би хоёр орны хамтын ажиллагааны ирээдүйг өөдрөгөөр төсөөлдөг. Энэ оноос хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл хэрэгжиж эхлэхээр байгаа юм. Тухайлбал, машин үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах болон урьд өмнө нь хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй агаарын хөлөг угсрах төсөл хэрэгжиж эхэлнэ гэсэн хүлээлттэй байгаа.

Зураг