Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

SOS: ХҮҮХДҮҮД ҮХЛИЙН АЮУЛТ PM2.5 -ын хүлцэх хэмжээнээс 161 ДАХИН БОХИР агаараар амьсгалж байгаа нь НОТЛОГДЛОО

Ч.Болортуяа
2018 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Агаарын бохирдол Улаанбаатар хотод их байгаатай холбоотойгоор 0-15 насны хүүхдүүдийн дунд амьсгалын тогтолцооны өвчлөл тэргүүлэх шалтгаануудын нэг болж байна. О.Чимэдсүрэн нарын 2014 онд судалснаар Улаанбаатар хотод 0-5 насны хүүхдүүдийн дундах амьсгалын доод замын цочмог халдварын нас баралтын 33 хувь нь PM2.5 тоосонцрын бохирдлоос шалтгаалдаг гэжээ. 

Улаанбаатар хотод агаарын бохирдлын:

  • 80%-ийг нь нүүрсээр галлаж халаадаг айл өрх, барилгын халаалтын зуух, 
  • 10%-ийг нь автомашин, 
  • 5-6%-ийг нь дулааны цахилгаан станцууд, 
  • 4%-ийг хатуу хучилтгүй зам, талбайгаас ялгардаг байна. 

Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээгээр:

  • PM2.5 тоосонцрын бохирдол 2017 оны 12-р сард 203 мкг/м3, 
  • хүхэрлэг хий 209 мкг/м3, 
  • азотын давхар исэл 159 мкг/м3 хэмжигдсэн нь хүн амын эрүүл мэндэд аюулгүй түвшин буюу хүлцэх хэмжээнээс 3-4 дахин их байна.  

Гэвч Ж.В.Черрие нарын судалснаар тоосны суурин хэмжилтийн дүн нь хувь хүний амьсгалын түвшинд тодорхойлсон хэмжилтийн дүнгээс дунджаар 3 дахин бага байдаг нь суурин хэмжилтийн дүн хувь хүний өртөлтийг бүрэн тодорхойлж чаддаггүйг баталжээ. 

Тиймээс ч хувь хүн тус бүрийн агаарын бохирдолд хэрхэн өртөж байгаа судалгаа зайлшгүй хэрэгцээтэй байгааг өмнөх судалгааны дүгнэлтүүдэд дурдсан байна. 

Энэхүү үндэслэлээр Улаанбаатар хотод амьдардаг 0-14 насны 406,572 хүүхдүүдийг төлөөлүүлэн Баянзүрх дүүргийн 6-р хороо, Чингэлтэй дүүргийн 10-р хорооны 9-12 насны сургуульд сурдаг 100 хүүхдийг зориудаар сонгож агаарын бохирдолд ГЭРТЭЭ, СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ, ГУДАМЖ ТАЛБАЙД хэрхэн өртөж байгааг АНХ УДАА судалсан судалгааны дүнг тоймлон танилцуулж байна. 

Судалгаанд хамрагдагчид Улаанбаатар хотод оршин суудаг, 8-12 настай байх, Хичээлдээ явах/харихдаа явган алхаж ирдэг, Сургууль болон гэр хооронд зайн 2 км-ээс багагүй гэсэн үзүүлэлтүүдээр судалгаанд хамруулсан хүүхдүүдийг сонгожээ.


НЭГ.  ТАНЫ ХҮҮХЭД УЛААНБААТАР ХОТЫН ХААНА Ч АМЬДАРСАН ЯЛГААГҮЙ ХОРДОЖ БАЙНА

 
Гэрэл зургийг MPA.mn

Хэмжилтийн ерөнхий дүнг агаарын чанарын MNS 4585 стандартын хоногийн дундаж хүлцэх хэмжээтэй харьцуулахад:

  1. PM2.5 тоосонцрын концентраци 5.6,
  2. Азотын давхар ислийн өртөлт 6,
  3. Хүхэрлэг хийн өртөлт 13.1 дахин их байна.

Харин ДЭМБ-ийн зөвлөмж хэмжээтэй харьцуулахад:

  1. PM2.5 тоосонцрын хэмжилтийн дүн 11,
  2. Азотын хийн хэмжээ 7.5,
  3. Хүхэрлэг хийн хэмжээ 32.5 дахин их байна.
 

Нарийн ширхэгт тоосонцор PM2.5

Хичээлдээ явах, гэртээ харих үед буюу гадаад орчинд хүүхдүүд PM2.5 тоосонцрын бохирдол (450 мкг/м3)-д өртөх байдал хүлцэх хэмжээнээс 9 дахин их хэтэрч өртөж байна. Энэ нь УБ-ын агаарын чанарын 7 хоног (2017.12.18-21)-ийн хэмжилтийн дундаж дүнг (203 мкг/м3)-ээс 2.2 дахин өндөр байна.

Хоногийн дундаж PM2.5 тоосонцрын өртөлт БЗД-ийн 6-р хороо (орон сууц)-ны хүүхдүүдийнх 254 мкг/м3, ЧД-ийн 10-р хороо (гэрээ хороолол)-ны хүүхдүүдийнх 374 мкг/м3 хэмжигдэв. Судалгаанд хамрагдсан хүүхдүүд хоногт хамгийн багадаа хүлцэх хэмжээнээс 2, хамгийн ихдээ 55 дахин хэтэрсэн PM2.5 тоосонцорт өртөж байна.
Хоногийн дундаж өртөлтийг тооцохын тулд 22 цагийн турш гэр, сургууль, сургуульд явах үед хийсэн хэмжилтийн дүнг ашиглав.

Азотын давхар исэл

Хоногт өртдөг азотын давхар исэлийн дундаж хэмжээг хэмжилт хийсэн өдрөөр нь харьцуулахад 2017 оны 12-р сарын 18-ны өдөр хамгийн их тодорхойлогдов. Тухайн өдөр хүлцэх хэмжээнээс 15.1 дахин их азотын давхар исэл хэмжигдэв. Бусад өдрүүдэд хүлцэх хэмжээнээс 13 дахин хэтэрсэн байна.

Азотын давхар ислийн хоногийн дундаж өртөлт БЗД-ийн хүүхдүүдэд 361 мкг/м3 байсан нь ЧД-ийнхээс 66 мкг/м3 -аар их байна. БЗД-ийн хүүхдүүдэд 7.2, ЧД-ийн хүүхдүүдэд 5.9 дахин их хэмжигдэв. Хэмжилтийн хамгийн бага утга 151 мкг/м3 хүлцэх хэмжээнээс 3, хамгийн их утга (1392 мкг/м3) 28 дахин хэтэрсэн байлаа.
Судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 50% нь 263-358 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 5.2-7.2 дахин их азотын хийгээр амьсгалж байлаа.

Хүхэрлэг хий

2017 оны 12-р сарын 18-ны өдөр хамгийн их буюу хүлцэх хэмжээнээс 15.1 дахин их хүхэрлэг хий хэмжигдэв. Бусад өдөрт хүлцэх хэмжээнээс 5.9-7.1 дахин хэтэрсэн. Хүүхдүүдийн хоногт өртдөг PM2.5 тоосонцрын хэмжээ нэмэгдэхэд хүхэрлэг хийн өртөлтийн түвшин даган нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа.

Хүхэрлэгийн хийн хоногийн дундаж өртөлт БЗД-ийн хүүхдүүдэд 704 мкг/м3 хэмжигдсэн нь ЧД-ийнхээс 39 мкг/м3 -аар их байна.

Өртөлтийн түвшнийг хүлцэх хэмжээтэй харьцуулахад БЗД-ийн хүүхдүүдэд 14, ЧД-ийн хүүхдүүдэд 13 дахин их байв.
Хүхэрлэг хийн хэмжилтийн хамгийн бага утга (524 мкг/м3) хүлцэх хэмжээнээс 10.5, хамгийн их утга (1152 мкг/м3) 23 дахин их байна.


ХОЁР.  115 -161 ДАХИН ИХ

 

Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүд хоногт өртдөг нарийн ширхэгт тоосонцрын бохирдлын хэмжээ эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хүлцэх хэмжээнээс дунджаар 5.6 дахин их байна. 

Хүүхдүүд өглөө, оройн цагаар хичээлдээ явах, гэртээ харих үеэр хүлцэх хэмжээнээс 9, сургууль дээрээ 3.3, гэртээ 2 дахин хэтэрсэн тоосонцрын бохирдолд өртөж байна.  

Сургуулийн орчин: 

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 60% нь өглөө, 40% нь өдрийн ээлжинд хичээллэдэг. Дээрх хоёр сургуульд дотоод орчны агаар цэвэршүүлдэг шүүлтүүр хэрэглэдэггүй гэж багш нар нь хариулжээ. 

Сургууль дээрээ хичээллэхэд хүүхдүүд дунджаар 4 цагийг хоногт зарцуулдаг. Энэ үед буюу сургууль дээрээ хүүхдүүд 167 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 3.3 дахин хэтэрсэн тоосонцрын бохирдолд өртөж байгаа нь тодорхойлогджээ. 

Гудамж талбай: 

Хүүхдүүд хичээлдээ явах болон харихдаа буюу гадаад орчны агаарын бохирдолд хамгийн ихээр өртдөг болохыг судалгааны дүн баталж байна.

Хичээлдээ явах, гэртээ харих үед хүүхдүүд PM2.5 тоосонцрын бохирдол (450 мкг/м3)-д өртөх байдал дотоод орчныхоос 3.4 дахин их байна. 

Гадаад орчны агаарын бохирдолдолд өртөлт нь хүлцэх хэмжээнээс 9  дахин их хэтэрч өртөж байна. Хүүхдүүдийн гадаад орчинд байх үедээ өртөж буй PM2.5 тоосонцрын өртөлт УБ-ын агаарын чанарын 7 хоног (2017.12.18-21)-ийн хэмжилтийн дундаж дүнг (203 мкг/м3)-ээс 2.2 дахин өндөр байна.

Хүүхдүүд хичээлдээ явах, гэртээ харихад өдөрт дунджаар 36 минутыг зарцуулж байлаа. Энэ үед хүүхдүүд дунджаар 450 мкг/м3 (голч утга) PM2.5 тоосонцорт өртөж байгаа нь хүлцэх хэмжээнээс 34 дахин их байна.

Үүнийг гэр, сургуулийн байрлалаар нь харьцуулахад БЗД-ийн 6 хорооны хүүхдүүдийн өртөлт (952 мкг/м3) ЧД-ийн 10 хорооны хүүхдүүдийнхээс (285 мкг/м3) 3.3 дахин их байгааг тодорхойлов. 

Хэмжилтийн хугацаанд хүүхдүүд гадаад орчинд буюу хичээлд явах үедээ хүлцэх хэмжээнээс 1.4-161 дахин хэтэрсэн PM2.5 тоосонцорт өртөж байгаа нь тодорхойлогдов.

Тодруулбал, Хэмжилтийн дүнг хүүхдүүд хичээлдээ явах, харих цагаар нь харьцуулахад оройны 17-18 цагт хүлцэх хэмжээнээс 11 дахин их буюу хамгийн өндөр бохирдолд өртөж байгаа нь хэмжигдлээ (голч утга 554 мкг/м3, дундаж 1841 мкг/м3).  

Энэ үеэр хамгийн багадаа хүлцэх хэмжээнээс 1.4, хамгийн ихдээ 115 дахин хэтэрсэн PM2.5 тоосонцорт хүүхдүүд өртөж байжээ. 

Өглөөний 7-8 цагийн үед хичээлдээ явах замдаа хүүхдүүд 511 мкг/м3(голч утга), өдрийн 11-13 цагийн үед 369 мкг/м3 (голч утга) PM2.5 тоосонцорт өртөж байна. Эдгээр дүнг хүлцэх хэмжээтэй харьцуулахад өглөөгүүр 10 дахин, өдөр 7.4 дахин хэтэрч байсан байна. 

Өглөөний ээлжийн сурагчид сургууль дээрээ хүлцэх хэмжээнээс дунджаар 4.7, өдрийн ээлжийнх 3.2 дахин их тоосонцорт өртөж байна.

Гэртээ: 

Хүүхдүүд гэртээ хоногт дунджаар 19 цагийг өнгөрүүлэх үедээ 97 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 2.2 дахин хэтэрсэн PM2.5 тоосонцорт өртөж байна. 

Дотоод орчин дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ зуухтай монгол гэр болон төвийн халаалалттай орон сууцанд амьдардаг айлуудын хооронд ямар ялгаа гарсныг доор үзүүлэв.

Мөн хүүхдүүдийн өдөрт ~4 цагийг өнгөрөөдөг сургуулийн орчинд PM2.5 ямар үзүүлэлттэй гарсныг харцгаая.

Сууцны төрлөөр

PM2.5 Монгол гэрт хамгийн их (122 мкг/м3) байгаа бол гэр хорооллын байшинтай айлуудынх ойролцоо буюу 118 мкг/м3.

Орон сууцанд амьдардаг айлын дотоод орчны агаарт 73 мкг/м3 PM2.5 тоосонцор хэмжигдлээ.

Сууцны халаалтын төрлөөр

Дотоод орчинд дахь PM2.5 тоосны бохирдлыг сууцны халаалтын төрлөөр нь харьцуулахад

- Зуухтай айлуудад 118 мкг/м3,
- Цахилгаан болон төвийн халаалттай (орон сууц) айлуудад 73 мкг/м3 хэмжигдэв.

Сургуулийн орчинд

Сургуулийн дотоод орчны PM2.5 тоосонцрын бохирдол хичээлийн ээлжээс хамааран ялгаатай байна.

Өглөөний ээлж дунджаар 234 мкг/м3 (голч утга) хэмжигдсэн нь өдрийн ээлжийнхээс 2 дахин их байна.


ГУРАВ.  ХҮҮХДҮҮДИЙН 81% НЬ МАСК ЗҮҮДЭГГҮЙ

 

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 91% нь гэртээ агаар цэвэршүүлэгчгүй, 81% нь агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор маск зүүж хэрэглэдэггүй гэж хариулав. 

Гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэггүй айлуудын:

  • 34% нь худалдан авахад үнэтэй,
  • 20% сонголт хийж мэдэхгүй,
  • 11% цахилгаан ашиглалтын төлбөр нэмэгдэнэ,
  • 10% дотоод орчны агаарын бохирдлыг бууруулна гэдэгт итгэдэггүй учир агаар цэвэршүүлэгч хэрэглэдэггүй гэж хариулжээ. 

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 81% нь маск хэрэглэхгүй байна. Маск зүүж хэрэглэх нь агаарын бохирдлоос хамгаална гэж боддог уу гэсэн асуултад судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхийн 65% нь тийм, 18% нь үгүй гэж хариулсан байна. Мөн 17% мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ. 

Гэсэн хэдий ч маск агаарын бохирдлоос хамгаална гэж хариулсан эцэг, эхчүүдийн зөвхөн 22% нь хүүхдүүдээ маск хэрэглүүлж байна. Маск агаарын бохирдлоос хамгаалахгүй болон мэдэхгүй гэж хариулсан эцэг, эхчүүдийн дийлэнх хувь (88%, 82%) нь хүүхдүүддээ маск хэрэглүүлэхгүй байна.

Маск хэрэглэдэг хүүхдүүдээс хамгийн олон нь буюу 47% нь PM2.5 тоосонцор шүүх зориулалтын агаар гаргах хавхлага бүхий маск хэрэглэж байна. Мөн хүүхдүүдийн 37% нь хавхлагатай, хавхлагагүй үйлдвэрийн зориулалтын тоосноос хамгаалах маск зүүж хэрэглэдэг гэж хариулав. Хүүхдийн цөөн  хувь (16%) нь нь PM2.5 тоосонцор шүүх хавхлагагүй, 42% нь бусад төрлийн маск зүүж хэрэглэж байна. Хүүхдүүдийн хэрэглэдэг маскны төрлийг тодорхойлохдоо эцэг, эхийн өгсөн хариултуудыг давхардсан байдлаар нь тооцов.

Хүүхдүүддээ маск хэрэглүүлдэггүй эцэг, эхчүүдээс  ямар шалтгаантайг нь асуухад хүүхэд маань хэрэглэж хэвшээгүй гэж хариулсан нь хамгийн олон (29) байлаа. Үүний дараагаар 24 эцэг эх маск худалдан авахдаа сонголтоо зөв хийж мэдэхгүй, 10 нь маск үнэтэй, зав муутай учир худалдан авч амжаагүй гэж хариулав. Мөн 7 эцэг, эх хүүхдэд тохирсон маск олдохгүй гэж хариулсан бол 11 нь маск агаарын бохирдлоос хамгаалж чадахгүй гэж хариулжээ.

 

 

 

 
Агаараас сорьц цуглуулахад хэрэглэсэн багаж хэрэгслүүд

СУДАЛГААГ:

Японы Мицубиши Корпорацийн санхүүгийн дэмжлэгээр Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо, АШУҮИС-ийн НЭМС-ийн Хөдөлмөр, Орчны эрүүл ахуйн лаборатори, Ногоон титэм байгаль орчны шинжилгээний лаборатори хамтран "УЛААНБААТАР ХОТОД АМЬДАРДАГ ХҮҮХДҮҮД АГААРЫН БОХИРДОЛД ӨРТӨХ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛСОН СУДАЛГАА" -г хийжээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.