Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан Б.Хурцын нэр төрд халдсан гэв

Б.Билгүүн, Өглөөний сонин
2018 оны 2 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас уучлалт гуйхаар боллоо. Учир нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцсэн юм.

Эргэн сануулахад, Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцын БНСУ-д Элчин сайдаар томилох эсэхийг УИХ-аар хэлэлцэх үед УИХ-ын Нээлттэй сонсгол явуулах санаачилга гаргаж буйгаа мэдэгдсэн. Ж.Батзандан “УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах учиртай.

Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг ягштал хангуулахын төлөө УИХ-ын гишүүн ажиллах ёстой. Миний хувьд Б.Хурцтай өш хонзон, маргаан, сонирхлын зөрчил байхгүй. Намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой маш олон өргөдөл ирж байсан. Заримаас дурдвал, Дамирангийн Энхбатыг гадны орноос хууль бусаар унтуулах тариа хийж авчран, шоронд зургаан cap хорьсон бүлэглэлийн гишүүн, төлөөлөгч бол Б.Хурц. Бүтэн нэг жил Монголын шоронд хоригдсон Д.Энхбат цагаадаж гарсан ч зургаан сарын дараа нас барсан.

Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Европын холбоо, Англи, Германы хууль шүүхийн байгууллагууд Б.Хурцыг одоо хүртэл шалгаж байна. Үүнийхээ төлөө Б.Хурц Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой гэж боддог. Д.Энхбатын гэр бүлийнхний зүгээс хортой тариагаар тарьсаар байгаад амь насыг нь хохироосон гэх өргөдлийг УИХ-д ирүүлдэг.

Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, улс төрийн захиалгатай аллага байна гэж үзээд, Монгол Улсын гурван иргэнд ял өгөөд явуулсан. Гэтэл одоо болтол захиалагч нь олдохгүй байна. Энэ асуудлаар би ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой олон удаа уулзсан. С.Зоригийн амь насыг хороосон хэргийг УИХ-аар ярьж, захиалагч нь хэн бэ гэдгийг тодорхой болгохгүй бол гурван хүнийг хилсээр шийтгэчихлээ. ТЕГ-ын дарга энэ хүмүүсийг шийтгэснийхээ төлөө генерал цол хүртсэн.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц. Уг хувийг Засгийн газар дангаараа авах бүрэн боломжтой байсан. Гэтэл нууцаар худалдах ажлыг ТЕГ-ын дарга Б.Хурц, тухайн үед Б.Хурцыг томилсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар зохион байгуулсан.

Намайг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад өөртэй нь хамт ажиллаж байсан албан тушаалтныг хилс хэрэгт хийсэн талаар хохирогчийн эхнэрээс өргөдөл ирж байсан. Энэ өргөдлийг өнөөдрийг хүртэл УИХ хэлэлцэхгүй дарж байгаа. Ер нь УИХ-ын олон гишүүд, бизнесменүүд Б.Хурц, түүний бүлэглэлээс маш их айдаг, айдастай байдгийг би ойлгож байна. Алийн болгон Б.Хурцаас айж амьдрах юм бэ. ТЕГ-ын нэрийг барьсан Б.Хурцад бизнес, газар, лиценз, тендерээ дээрэмдүүлсэн хүмүүс одоо УИХ-д өргөдлөө өгөх хэрэгтэй" гэсэн юм.

Харин нөгөө талаас Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийг нь гүтгэж, нэр хүнд, алдар нэрийг нь гутаасан гэх үндэслэлээр шүүхэд өгөөд байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзандан анх мэдээлэл тараасан арга замаараа уучлал гуйх гэнэ. Өөрөөр хэлбэл тэрбээр хэвлэлийн бага хурал зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчноор гүтгэсэн хэрэгтээ албан ёсоор уучлал гуйх ёстой юм.

Монголд ихэнхдээ УИХ-ын гишүүдийг ямар нэг хэрэгт гүтгэсэн тохиолдол гарч хууль, хяналтын байгууллагаар шалгуулдаг бол энэ удаад эсрэгээ Иргэний хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн бусдыг гүтгэсэн гэж үзлээ.

Зураг