“Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн “Бизнес инкубатор төв”-д мэдээллийн технологийн чиглэлийн мэргэшүүлэх сургалтуудыг амжилттай дүүргэсэн Г.Ганболд, А.Төрболд, Б.Баярбат, Ж.Бэгзсүрэн, Ц.Шинэбат нар 2018 оны анхны элсэгчээр сонгогдлоо.
“Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-тай хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж, амжилттай суралцсан залуучуудыг “Бизнес инкубатор төв”-дөө элсүүлэн дадлагажуулж, мэргэшүүлэн, бизнесээ эхлүүлэх боломжоор ханган ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Бизнес инкубатор төвд хамрагдсан аж ахуйн нэгж, баг тус бүрт сард 440,000 төгрөгийн тэтгэлэгийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА” болон төслийн хэрэгжүүлэгч “Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төвөөс олгож байгаа юм. Энэ сараас манай “Бизнес инкубатор төв”-ийн тэтгэлэгт хамрагдаж байгаа залуучууд нийлбэр дүнгээрээ сар бүр 3,960,000 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авах болно.
Мөн нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн дэргэдэх мэдээллийн технологийн “Эм Кэй Ай Ти” /МКIT/ сургалтын төвийн мэргэжлийн ангийг “A” үнэлгээтэй төгссөн залуучууд “Бизнес инкубатор төв”-д шууд элсэж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтойг дурдахад таатай байна. Мэдээллийн технологи бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал юм. Бид хамтдаа мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжлийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
“Бизнес инкубатор” төв нь мэдээллийн технологийн салбарын дэвшилтэт технологид суурилсан шинэлэг санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесээ эхэлж байгаа компаниудын үйл ажиллагааг тогтворжуулж, өсгөн бойжуулах зорилгоор байгуулагдсан бөгөөд өнгөрсөн онд элссэн 11 иргэнээс дөрвөн залуугийн дадлагажих хугацаа дуусаагүй байгаа бол зургаан залуу ажлын байраар хангагджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!