Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

XVII жарны “Тийн унжлагат" хэмээх шороон НОХОЙ жилийн өнгө

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
 

Энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-ны өдөр тохионо. Арвандолдугаар жарны “Тийн унжлагат" хэмээх шороон /шар/ нохой жилийн өнгийг Гандантэгчинлэн хийдийн зурхайч Д.Цогтбаатараас тодрууллаа.


- “Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн төлөвийг тайлбарлан хэлж өгнө үү?

-Ургаж буй жил нь самгардиар “Виламва”, төвдөөр “Тийн унжлагат”, нангиадын хэлээр “Вү сүй” хэмээх шороон нохой жил агаад, энэ жилд “Хулгай дээрэм олширон, олсон эд малыг ноён нь аван, эд тариа үнэгүй болно” хэмээн сударт өгүүлжээ.

Энэ жил хур тунадас бага, газрын шим өгөөж сайн, ургац, үр тариа, ногооны гарц дунд, хүнсний хангамж сайн, үймээн самуун, хямрал тэмцэл дунд байна. Мөн энэ үед ган ихтэй болно.

“Шороон үхэр”-ийн зурлагыг дүрсэлбэл: толгой, бие нь шар; эвэр, чих, сүүл, омруу, туурай нь улаан; ходоод, дөрвөн шийр, ногт нь ногоон; хөх цулбууртай, амаа ангайгаад, сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь: Ногоон царайтай, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөгөө баруун чихнийхээ урдуур унжуулсан, цагаан дээлтэй, улаан бүстэй, хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, унгасаар томсон бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадалтай идэр залуу, үхрийнхээ өмнө яаравчлан гүйж явна" гэж дүрслэгдсэн байна.
 

 Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал:

  • Залууст (дунд суудалтан) сайн, нялхаст (түмэн олон) дунд, өвгөд хөгшдөд (өндөр дээд суудалтан) муу ажээ. Их хүмүүн, ард иргэд цөм амар амгалан тайван болой. Ажил үйлс бүхэн бүтэмжтэй, үр ач дэлгэрэх, буян хурж эд агуурс дэлгэрэх эрхэм сайн.
  • Хууль цаазын хэрэгжилт сайжирах ч, хямрал, тэмцэл их болох нигууртай. Хот балгас, зарим газарт галын аюул, мөндөр цахилгаан буух гэмтэй. Үе мөч, хүзүү, зарим газарт халуун чанарын хижиг, хавдар, боом өвчин гарна.
  • Нохой жил хуурай гандуу, салхи ихтэй, хур тунадас бага. Зун, намрын улиралд газрын шим арвижин үр тариа, төмс, нарийн ногоо, цэцэг навч, үр жимс боловсрон ургац элбэгшиж урт намар болно.
  • Малд сайн, хүнд дунд зэрэг жил байна.