Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Бадамсамбуу: Бүдүүлэг “ХҮН СҮРЭГ” эзэнт гүрэн байгуулдаггүй юм

ikon.mn
2018 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Г.Бадамсамбуу сэтгүүлч, судлаач

- Монголын түүх, өвөрмөц соёлоороо хэт хөөргөж омогшдог хүмүүс заримдаа тод сонсдох болж. Нөгөө талаасаа баруунд боловсрол эзэмшсэн залуус Монголын өнөөгийн байдлыг шүүмжлэн тохуурхаж, түүх соёлоо үгүйсгэх хандлага бас харагддаг. “Дэлхий нэг гэр бүл” байх ёстой гэх даяаршлын энэ үед бид өв соёлоо хэрхэн хадгалан авч үлдэх ёстой вэ?

- Үнэндээ бол Монгол ба бусад цусны ялгаа гэж үгүй, хүмүүс бүгд нэг төрөл зүйлийн амьтад. Харин соёлын ялгаа гэж бий.

Энэ нь ихэнхдээ нийгмийн антропологийн байдлаар ялгардаг гэсэн үг. Удамшлын хүчин зүйл бол харьцангуй бага ялгаа юм. Тиймээс зарим Монголчууд өөрийгөө бусдаас дээгүүр тавьж, бусдаас гайхамшигтай угсаатан гэж хөөрцөглөх нь ч буруу. Бид бол угсаатны хувьд ч, улс орны хувьд ч байдаг л нэг улс. “Монгол цус” гэж ирээд л туйлшрах нь заримдаа ажиглагдах юм.

Үндэсний үзэлгүй улс орон гэж байхгүй л дээ, харин үндсэрхэг хэрцгий үзэл бол буруу хандлага. Үндэсний үзэл, даяаршлын үнэт зүйлсийг зохицонгуй өөртөө шингээж, тэдгээрийн давуу чанаруудыг зүй зохистойгоор ашиглаж чадсан улс орон гэж бий. Эд баялаг, шинжлэх ухаан технологийн давуу талыг амжуулж, үндэсний зүйлсээ ч дээдэлж буй жишээнд Япон, Саудын Арабыг тооцсон судалгаа бий.

Даяаршилд хэт хөөрцөглөөд өөрийгөө эрчимтэй гээж алдаж буй орнуудад Өмнөд Солонгос, Тайван, Сингапурыг оруулсан нь бас байна. Тэгэхээр уламжлал, шинэчлэлийг хослуулж чадах нь сүрхий үндэстний шинж бололтой. Түүнээс биш даяаршилд хөл алдаж бусдыг сохроор шүтээд өөрсдийгөө үгүйсгэх, голж чамлах нь нэг талаасаа юм үзээгүйн шинж.

Бидэнд “айлын хүүхэд”-ээс илүү нь ч бий, дутуу тал ч байгаа Өнөөдөр Монгол маань уламжлал, шинэчлэлийн зөрчил сорилтод тулгараад байгаа. Ийм л цаг үед бид амьдарч байна. Монголоо гэх үзэл, даяаршлыг дээдлэх итгэл хоёр далдуур мөргөлдсөөр байгаа. Монголчуудыг угаас бүдүүлэг харанхуй нүүдэлчид “юу ч үгүй амьтад” гэж төсөөлдөг суурин иргэншлийн дээрэнгүй үзлийг дэмжигчид манайд ч бий. Тиймээс тэд даяаршлыг аврал гэж эндүүрдэг. Угтаа бол даяаршил нь зохицон аж төрөхүйн энгийн л үйл явц юм. Бид үндсэрхэж туйлшраад сүйд болоод байх, даяаршсан хүн болох гэж онгироод байхын аль нь ч оновчтой юм биш.

Ер нь боловсролтой хүн бол уламжлал, шинэчлэлийг хослуулах, зүй зохисыг танин мэдэх, түүнд нийцсэн шийдлүүдийг олж, хөгжлийг түүчээлэх учиртай. Барууны алдартай сургуульд суралцаж шилдэг онол, мэдлэг эзэмшсэн ч гэлээ шилжилтийн үедээ яваа бүх, зүйл нь сорилтод орсон манай улсад тэр сурсан онол, мэдлэгээ яаж ашиглах вэ гэдэг нь л хамгийн чухал ур чадвар юм.

ХЭСЭГ БОЛХИ НҮҮДЭЛЧДИЙН АЗ ГЭНЭТ ШОВОЙГООД XIII ЗУУНД НЭГ УЛСЫГ САНААНДГҮЙ БАЙГУУЛЧИХСАН ЮМ БИШ...

 

- Та үндэсний өв, соёлын дархлаа юунд оршдог гэж үздэг вэ?

- Монгол гайхалтай орон. Олон сайн зүйл бий. Энэ цөөн хүн амын хэл соёлын дархлаа нь нэлээд хүчтэй, бие даасан иргэншлийн уг шинжтэй.

Дэлхийд ийм улс ховор. Үндэсний хэв маяг, суурь чанар, ёслол цэнгэл нь ч нэлээд өөр. Ижил төс, орлуулагдах байдлаараа бүс нутагтаа илт ялгарна. Тэгсэн хирнээ нийтлэг соёлоос цэрвэдэггүй, заримыг шингээх хирнээ өөрийнхөөрөө үлддэг байж. Бас манай ахас ихэс, нялхсыг хүндлэх, асрах заншил нь ахуй, ёс суртахууны гол хэмжүүр байв, хүнлэг тусч, шударга сэтгэл Монгол хүний уг чанар байлаа... гэх мэтээр ярьж болно. Биесээ хүндлэх, хүнлэг байх энэ сайн хэвшлүүд өдрөөс өдөрт алдагдах болсон нь эмзэглүүштэй. Бүр аав, ээжээ хүндлэхгүй, хүний эрх ярьж заалддаг үрс олширч байх шиг. Өөрчлөгдөж байна.

Шулуухан хэлэхэд соёлын эрлийзжил саармагшил ихэссэнээр бид үнэт зүйлээр бус зөвхөн эрх ашгаар харьцдаг гэр бүлүүдтэй болно. Энэ мэтээр нийгэмдхэврэгшил, элдэв бүтэхгүй ээдрээ, үл ойлголцол, явцуу итгэл үнэмшил арвижна. Ёс суртахууны үнэлэмж буурснаар зөвхөн эрх ашгаар харьцдаг цэвдэг соёл давамгайлна. Төр улсад ч эрх ашгийн бүлэглэлүүдийн эрэмгий түрэмгий шинж илрэх болсон нь энэ бүхний үр дагавар байхыг үгүйсгэхгүй.

- Зөвхөн эрх ашгаар харьцагсад олшрох тусам түүх соёлоо үгүйсгээд байх шиг...

-Тийм шүү. Түүх соёл нь өдөр тутмын хэрэглээ биш. Тиймээс амьдралд огт хэрэггүй, хий хоосон зүйл шиг заримд нь бодогддог байх. Гэвч угтаа түүх соёлын мэдлэг бол боловсролын нэг гол хэмжүүр юм. Боловсролтой хүн бүр нийгэм-соёлын уг үндсийг өөрт шаардагдах хирээр мэдэж авах шаардлагатай. Улс орнууд уламжлал, түүхэн мэдээлэлд үндэслэж статусаа тогтоодог.

Ингэж одоогийн улс орнууд ч түүх соёлд үндэслэсэн байхад “түүх бол юу ч биш” гэж хэлж зүрхэлнэ гэдэг бол боловсролгүй бүдүүлгийн жишээ. Ийм харанхуй байдлаараа Монголын түүх соёлыг үгүйсгэдэг биз. Бүдүүлэг “хүн сүрэг” эзэнт гүрэн байгуулдаггүй. Хэсэг болхи нүүдэлчдийн аз гэнэт шовойгоод XIII зуунд нэг улсыг санамсаргүй байгуулчихсан юм шиг хялбар төсөөлөл бол инээдтэй зүйл.

Олон орны эрдэмтэд, шилдгүүд Монголын эзэнт гүрнийг ямар нэг хэмжээгээр судалжээ. Тэд монголчууд тогтолцоот төрийг тогтоож, засаглалын онцгой хэлбэр, засаг захиргааны бүтэц, хууль цааз, худалдаа арилжаа, эрдэм мэдлэгт амжилт олсон төдийгүй “дэлхийн түүхийн үзэгдэл” болсон эзэнт гүрэн гэдэг. Ийм түүхийг монгол хүн бүтээжээ.

Зүгээр нэг эмх замбараагүй арьс хөдөс нөмөрсөн малчид, цусанд цангаж илд далайсан дээрэмчид “Эзэнт улс” -ыг бүтээж чадахгүй, тийм түүх дэлхийн хаа ч байхгүй. Харин монголчуудын дунд тодорхой бодлого, оюун санаа, ёс суртахуун байсан учраас л аугаа эзэнт гүрэн бүтээгджээ. Монголын үндэс бол их түүх. Үүнд л монгол хүний ирээдүйн хөгжил, урам дэмийн түлхэлт, алдаа оноо бий. Бүгд түүх мэдэх албагүй. Гэвч түүх сонирхох нь таны боловсролд тустай.

УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛИЙГ ХОСЛУУЛДАГ БИЗНЕСИЙН ШИНЭ СОЁЛ БИЙ БОЛЖЭЭ

 

- Эзэнт гүрнийг эмхлэн байгуулж, удирдах үйлсэд Чингис хаанаас гадна эрдэмтэн, мэргэд үүрэг гүйцэтгэсэн сэжмийг та сая дурдлаа. Одоо хойч үеийнхэн маань түүхээ бараг мэдэхгүй байх шиг. Тэгвэл орчин цагт техник технологийн хөгжлийг тэргүүнд тавиад түүх соёлоо таниулах ажил хойш тавигдаад байна уу?

- Түүх соёлоо судлах, түгээх эрдэмтдийн ажлууд чамгүй хийгдэж байгаа. Үүнийг залуус хүүхдүүдэд хялбаршуулан хүргэх нь хоцорч байж магадгүй. Өнөө цагийн хэрэглээ, технологиор дамжуулж түүх соёлыг сануулах, эерэг ой санамж сэргээх үйлдлүүд хэрэгтэй. Саяхан зурагтаар нэг талархууштай санаа олж харлаа.

“Эрдэмт монгол” нэртэй цэнэглэгч карт юм байна. Эртний Монгол эрдэмтдийн хөргийг сэргээж зурсан донжтой. Цагаан сараар бэлгийн карт нэгэндээ өгөхдөө бэлгэдэл бүхий, түүхээ сануулсан зүйл өгөх юм байна. Хувийн компаниуд мөнгө ашиг, технологи хөөцөлдөхөөс өөр чадваргүй, тэд ашиг олж буй нийгмийнхээ үнэт зүйлд санаа тавьж чаддаггүй гэж боддог маань худлаа юм байна.

Юнителорчин үеийн технологийн компани атлаа түүх соёлдоо элэгсэг ханддагийн жишээ нь энэ “Эрдэмт Монгол” бэлгийн карт юм. Ярилцлагын эхэн хэсэгт хэлээд байсан уламжлал, шинэчлэл хоёрын хослол манай зарим бизнесийн компаниуд дээр илэрч эхлээд байна. Энэ нь өөрөөбизнесийн шинэ соёл, нийгмийн хариуцлагын хэлбэр боллоо.

700 жилийн тэртээ Монголд эрдэмт мэргэд байсныг залууст сануулж байна. Эртний эрдэмтэд Монголын төр, нийгэм, соёл иргэншлийг засалцаж явсныг Шихихутаг, Тататунга, Болд Чинсан, Чойжи-Одсэр нарын түүхт хүмүүсээр Юнител компани сануулсан байгаа юм. “Эртний улсаа байгуулахад эрдэмт хүмүүс ч бас төрийн ёсоо гардаж явсан юм байна шүү” гэдгийг олон түмэнд сануулсан, таниулж буй нь маш ихэд олзуурхууштай.

Ер нь энэ мэтээр тухайн үндэстний соёлын үнэт зүйлсийг нь залууст сануулах нь чухал. Тэгээд ч “Нууц товчоо”-г зохиож явсан ард түмэн яаж харанхуй зэрлэгүүд байх билээ. Нийгэм нь бүдүүлэг байсан ч оюун ухааны чадвар байсаар байдгийн үлгэр энэ юм.

- Түүхэнд нэрээ тамгалсан эдгээрийн эрдэмтдийн гавьяаг товчхон сонирхуулахгүй юу?

- Тататунгаа бол төрийг засах бичиг соёлыг цогцлоож цэгцэлсэн хүн юм. Түүнээс өмнө монголчууд бичиг үсэгтэй байсан гэдэг онол бий. Гэвч түүнийг Монголын бичгийг төгөлдөржүүлж, төр улсын соёл болгож боловсруулсан анхны хүн гэдэг. Мөн хаан хөвгүүдэд төр засах мэдлэг заажээ.

1196 онд одоогийн Дорнод аймгийн хойхно Нарт шүтээн гэдэг газар Чингис хаан Татарыг цохиод дагаар оруулахдаа нэгэн тансаг хувцастай хүүг олсон байдаг. Өэлүн эхийн долоо дахь хүү болсон Шихихутаг хожим Монголын төрийн мэргэн түшмэл болсон. Хууль цааз, төрийн сан хөмрөг хариуцдаг байв. Тататунгаа, Шихихутуг хоёрыг нууц товчоог бичилцсэн хүмүүс гэж эрдэмтэд таамаг дэвшүүлдэг.

Болд Чинсан бол Монгол төрийн сайд байсан хүн. Монголчуудын эрдэм мэдлэг түгээн дэлгэрүүлсэн ажлыг яаж хийж байсны нэг жишээг түүнээс харж болно. Болд Чинсан нь Хубилай хааны жанжин, төрийн зөвлөх байв. Мөн “Судрын чуулган”-ы гол зөвлөхөөр ажилласан түүхч хүн. Эл бүтээл нь монголчуудын үүсэл гарлаас эхлээд Ил хаант улсын Газан хааныг хүртэлх түүхийг хамруулсан дэлхийн түүхийн судалгааны чухал эх сурвалж юм. Дэлхийн түүхийг Херодот, Сыма Чиан нараас 1000 гаруй жилийн хойно бичихэд Рашид аддин-д Болд чинсан голлон зөвлөсөн тухай бичигдэж үлджээ.

Чойжи Одсэрийн тухайд мөн л Хубилай хааны төрд зөвлөж байсан алдартай эрдэмтдийн нэг юм. Тэрбээр Монгол бичгийн дүрмийг зохиосон хүн. Зүрхэн тольт гээд 800 жилийн өмнө Монгол хэл бичгийг цэгцлэх том ажлыг хийсэн. Тэрбээр эртний Энэтхэгийн гүн ухаантан Шантидэвагийн "Бодичарияаватар" буюу "Бодь мөрийн явдалд орохуй" зохиолыг 1305 онд Монгол хэлээр орчуулж, тайлбарыг нь бичсэн. Чойжи Одсэр XIII зууны Монголын утга зохиолын хэл соёлыг төлөвшүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн.

Тэрээр хэл шинжээч, орчуулагч төдийгүй тухайн үеийнхээ уран зохиолын олон төрөл зүйлээр шүлэг дуулал, цадиг зохиол бичдэг авьяас билэгт хүмүүн байжээ. Одоогийн Монгол бичгийн үндсэн дүрмийг Чойжи-одсэр зохиосон нь бидэнд өвлөгдөж үлдээд байгаа юм.

- Ярилцсанд баярлалаа таны ажилд амжилт хүсье

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.