Өнгөрсөн Лхагва гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд С.Чинзориг сайд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийж буй болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан.
Уг танилцуулгад дурдагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголбанк, арилжааны банкуудын хооронд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.
Санамж бичигт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Жавхлан нар гарын үсэг зурлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "2017 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 381.8 мянган тэтгэвэр авагч арилжааны арван банкаар дамжуулан тэтгэврээ авч байгаа юм. Тэдний 52.2 хувь нь ХААН, 39.6 хувь нь Төрийн банкаар үлдсэн 8.2 хувь нь бусад арилжааны банкаар дамжуулан тэтгэврээ авч байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар арилжааны 10 банкнаас 230.8 мянган тэтгэвэр авагч 680.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар авчээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийгмийн даатгалын байгууллагад ирж байгаа өргөдөл, санал хүсэлтийн дийлэнх нь тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулах, тэтгэврийн тодорхой хувьд зээл олгох зэрэг байдаг.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх үүднээс ХААН банк, Төрийн банктай хамтран ажиллаж зургаан cap хүртэл хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг сарын 1.25, жилийн 15 хувиар тогтоон өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсэн боловч тэтгэвэр авагчдын ердөө 8.1 хувь нь жилийн 15 хувийн хүүтэй зээл авч бусад нь урт хугацаатай 18 хувийн хүүтэй зээлийг илүүд үзсэн байна.
Ингэхдээ сарын тэтгэврийн 70 хувьд нь зээл олгож, үлдэх 30 хувийг тэтгэвэр авагч cap бүр авахаар болж байгаа нь ахмад настан тодорхой орлоготой байх нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг хэмээн үзэж Харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан байна.
Монголбанкны хувьд тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг арилжааны бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэврийн тодорхой хувьд зээл олгох асуудлыг шийдвэрлэж мөрдүүлэхийн хамт тэтгэврийн зээлийн зориулалтаар арилжааны банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийг тогтоохгүй байх талаар судалж шийдвэрлэх үүргийг хүлээж буй юм.
Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар ХААН болон Төрийн банк тэтгэвэр барьцаалсан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн үйлчилгээг тэтгэвэр авагчдад түргэн шуурхай хүргэх, зээл авсан иргэдийн мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагатай cap бүр солилцохоор боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!