Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Отгондалай: 2020 он хүртэл надад хоёр том боломж байна. Эцсийг нь хүртэл ашиглана

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 3
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ оны анхны “Хоймор" булангийнхаа зочноор олимп, дэлхийн хүрэл медальт, гавьяат тамирчин Доржнямбуугийн Отгондалайг урьж ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олимп, дэлхийн медальтны эгнээнд багтахаас гадна “Бөртэ Чоно’’-ын шилдэг эрэгтэй тамирчин болсон амжилтаар арвин он жилүүд өнгөрчээ.

Бид 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд уулзсан. Тэрбээр энэ өдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд Д.Отгондалай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртэж байсан юм.

-Та бид хоёрын уулзаж байгаа энэ өдөр (2017.12.28) яах аргагүй сайхан өдөр юм. Таны гавьяат болсны нэг жилийн ой шүү дээ?

-Тийм байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрчээ. Олимпоос медаль хүртээд, түүнийг маань төр засаг үнэлж гавьяат тамирчин хэмээх өндөр цол хэргэм хүртээж байсан нь саяхан мэт санагдаж байна. Гэтэл хэдийнээ нэг жил өнгөрсөн байх юм. Би ч зорьсондоо хүрч олимпын медалиа дэлхийн аваргынхтай хослууллаа. Гэхдээ одоо дахиад нэг олимп, дэлхийн аварга байгаа. Медалийн өнгөө өөрчилнө гэж бодоод бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байна. 

-Нэгэнт ийм өдөр ярилцаж байгаа юм чинь жилийн өмнөх энэ мөчийг эргээд нэг дурсвал сайхан шүү дээ. Хэр их баярлаж байв?

-Би 28-нд шагналаа авсан. Над руу шагнал гардуулахын яг өмнөх орой нь буюу арванхоёрдугаар сарын 27-нд хэлсэн. Орой гэртээ сууж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаад “Танд Монгол Улсын гавьяат тамирчин” цол олгохоор болсон. Тиймээс товлосон цагт бэлэн байгаарай” гэсэн. Ингээд л би гэдэг хүн чинь баярладаг юм байгаа биз дээ. Гэр бүлийнхэн маань хамт байсан болохоор баярт мөчөө тэдэнтэйгээ хуваалцсан.

Тэр дороо утсаа шүүрч аваад “Маргааш гавьяат болох нь байна шүү” гэдгээ хамаатан садан, боксын багийнхан, найз нөхөд, Дорнодод байгаа багш руугаа мэдэгдсэн дээ. Тийм мэдээ сонссон хүн чинь өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг юм байна лээ. Баяртай мэдээ сонссон хүний нойр хүрэхгүй ээ. Шөнөжин гэгэлзэж хонолоо. Элдвийн юм бодоод л... “Маргааш яах бол. Сандарч болохгүй. Надаас өөр хэн хэн байгаа бол” гэх мэт олон зүйл толгойд эргэлдэж байгаа юм чинь.

-Сандарсан уу?

-Сандралгүй яах вэ. Тэр бол рефлексээрээ л болдог юм билээ. Өөрийн эрхгүй сандарч байгаа юм. Гараад ирсэн чинь гэр бүл, хамт олон, найз нөхөд, Хилийн цэргийнхэн гээд бүгд л дуу шуутай угтаж авсан. Яг тэр хэсэгхэн хугацаанд нисэж байгаа мэт сэтгэгдэл төрж билээ. Олон жилийн хөдөлмөр, багшийн минь зүтгэл талаар өнгөрөөгүйд тэр үед л хамгийн их баярласан даа.

-Ер нь та 2016 оны олимпоос хойш сүүлийн хоёр шинэ жилд хамгийн завгүй, урилга заллага ихтэй зочдын нэг байсан байх аа?

-Тэр ч тийм шүү. Хүн урьж байхад татгалзаад байж болохгүй биз дээ. Хаа хамаагүй хөндлөнгийн хүн биднийг урихгүй. Тамирчин бидэнтэй ямар нэгэн байдлаар холбоотой, биднийг тусалж дэмждэг, ивээн тэтгэдэг тийм л хүмүүс урьж байгаа. Тийм болохоор татгалзах зүрх хүрдэггүй. Цаг заваа тохируулаад аль болох очихыг боддог. Нэг ёсондоо тэр хүмүүс бидэнд, надад хүндэтгэл үзүүлж буй нэг хэлбэр шүү дээ. Өөрийг нь хүндэтгэж байхад татгалзаад байдаг хүн байхгүй л болов уу.

-Энэ жил та хэчнээн шинэ жилийн баярын арга хэмжээнд зочноор оролцов?

-Тав. Харьцангуй цөөхөн арга хэмжээнд оролцсон. Зайлшгүй оролцох ёстой гэсэн баярууддаа л очсон.

2020 онд ямар ч амжилт үзүүлсэн бай зодгоо тайлна.

-Танай гэр бүлийн хувьд шинэ жилийг хэр өргөн хүрээнд тэмдэглэдэг вэ?

-Бусдын л адил. Ширээ дүүрэн амттан, оргилуун дарс, амтат хоол тэргүүтнээ бэлтгэнэ. Ирсэн зочин гийчнээ сэтгэл дундуур буцааж болохгүй. Ер нь манайхан чинь шинэ жилийг их өргөн хүрээнд тэмдэглэдэг болсон байна. Жилийн жилд л өргөжиж байгаа юм. Гэр бүлийн баяр гэдэг утгаараа тэр юм болов уу. Найзууд маань гэр бүлээрээ ирнэ. Ах, дүү нар ирнэ. Ер нь шинэ жилээр зочин ихтэй. Уг нь жил бүр Дорнод аймагт ах дүү, хамаатан саднаараа цуглаж шинэ оныг угтдаг байсан. Харин энэ удаа чадсангүй. Хотод найз нөхөдтэйгөө угтлаа. Шинэ жил хүмүүст их зөв энерги өгдөг гоё баяр шүү дээ. Тэр утгаараа энэ баярт дуртай.

-Тамирчид томоохон баяруудаар гадаадад тэмцээн уралдаан, эсвэл хамтарсан бэлтгэлтэй байж таардаг. Таны хувьд шинэ жилээ гадаадад өнгөрүүлж байсан тохиолдол байна уу?

-Бараг үгүй байх. Шинэ жилийг гэрийнхэнтэйгээ баярлахыг хичээдэг. Ер нь тэгээд ч оны дараахан улсын аварга болдог болохоор дотооддоо л бэлтгэлээ хийгээд таардаг. Тэгээд бэлтгэлээ тараад гэрийнхэнтэйгээ баярлана. Харин цагаан сараар ихэвчлэн гадаадад тэмцээнтэй байж таардаг юм.

АЗИйН НААДМЫН ХОШОй АВАРГА БОЛОХ ЗОРИЛГОТОй

-Улсын аварга гэснээс энэ жил улсын аварга болохгүй юм билээ. Та 2017 оны төгсгөлд болсон шилдэг наймын халз тэмцээнд яагаад оролцсонгүй вэ?

-Олон шалтгаан бий. Залуу тамирчдад боломж олгохыг хүссэн. Бас бага зэргийн гэмтэл байлаа. Түүнийгээ бүрэн гүйцэд эдгээж байж тэмцээнд оролцох хэрэгтэй гэж шийдсэн юм. Тэмцээнийг үзэгчийн суудлаас үзсэн. Манай залуусын чадвар үнэхээр өөр түвшинд хүрсэн байна лээ. Бас Мөөгий /гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ/ ахаараа бахархаж суулаа.

Хэзээний л Мөнх-Эрдэнэ шүү дээ. Залуу тамирчдаас огт дутахгүй маш өндөр формтой байсан. Тэгээд түрүүллээ. Олон жилийн турш формоо хадгалж, жингээ барина гэдэг хэцүү. Хэдийгээр Мөөгий ах хэсэг хугацаанд тэмцээнд оролцоогүй ч бэлтгэлээ байнга хийж байсан юм билээ. Тэр хүний цохилтын хүч, хурд огт саараагүй байгааг харахад бахархах сэтгэл төрсөн шүү.

 
Гэрэл зургийг mpa.mn

-Энэ жилийн хувьд хамгийн том тэмцээн Азийн наадам юм байна. Та оролцох уу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ жилийн хамгийн чухал, хамгийн том тэмцээнд заавал оролцоно. Азийн наадмын хошой аварга болбол гоё биз дээ. 2014 онд Азийн наадмын аварга болж байхдаа өөртөө “2015, 2017 оны дэлхийн аварга, 2016 оны олимпын наадмаас медаль авна” гэсэн зорилго өвөртөлж байлаа. 2015 оны дэлхийн аваргад шагналт V байр эзэлсэн. Үнэндээ луйвардуулчихсан юм. Гэхдээ энэ тухай яриад байх дургүй.

Ер нь би гурван дэлхийн аваргад шүүгчдийн булхайгаас болж луйвардуулсан хүн шүү дээ. Даанч энэ тухай ярихаар ялагдсан хүн шалтаг хайж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх гээд байдаг. Манайхан ялалтыг ойлгоно уу гэхээс ялагдлыг бараг ойлгодоггүй. Ялагдсан гэвэл тэгээд янз бүрээр хэлнэ. Яллаа гэвэл тэнгэрт тултал магтана. Тэдний хэлж буй магтаал биднийг нэг хэсэгтээ л газарт буулгахгүй шүү дээ.

-Тэр ч тийм шүү. Манайханд спортын хөгжөөн дэмжигчийн бус шагнал дагасан зан илт байгаад байдаг юм?

-Амжилт үзүүлэхгүй бол монголчууд маань юу гэж ярих бол гээд л тэмцээний өмнө давхар давхар юм бодно. Энэ нь нэг талаараа сэтгэлзүйн дарамт болж байгаа юм. Гэхдээ одоо бол бид харьцангуй өөр болсон. Сэтгэлзүйн бэлтгэл өмнөхөөсөө тодорхой хэмжээгээр ахисан. Өмнө нь бол навс унадаг байлаа шүү дээ, манай тамирчдын сэтгэлзүй. Зөвхөн бокс гэлтгүй бусад спорт ч яг адилхан. Тамирчин хүнд ялалт, ялагдал ээлжилдэг. Үүнийг харин манайхан ойлгодоггүй юм.

-Азийн наадмын аварга болно гэдэгтээ та итгэлтэй байгаа уу?

-Хүн өөртөө итгэлтэй байж л зорилгоо биелүүлнэ. Итгэлгүй хүн зорилгоо биелүүлж чадахгүй. Тийм болохоор өөртөө итгэлтэй байлгүй яах вэ. Тэгээд ч 2016, 2017 онд олимп, дэлхийн аваргаас авсан медаль, төр засгаас өгсөн гавьяа шагнал, спортод дуртай ард түмний минь өгсөн үнэлэмж, хайр халамж надад энэ их итгэлийг өгч байгаа юм. Хошой аварга болохын төлөө бэлтгэлээ чамбай хийнэ дээ. Олон түмний итгэлийг алдаж болохгүй том даалгавар надад байна шүү дээ.

-Азийн наадмаас өөр тэмцээн уралдаан гэвэл?

-Химийн цомоос эхлээд томоохон олон улсын хэд хэдэн тэмцээн бий. Тэр бүгдэд оролцох болов уу. Гэхдээ энэ бүх шийдвэрийг би ганцаараа гаргахгүй. Баг хамт олноороо ярилцана, дасгалжуулагч нартайгаа ярилцаж байж шийддэг зүйл.

-Тамирчин хүн жингээ удаан хадгална гэдэг амар биш. Ямар ч тэмцээний өмнө заавал жин хасаж таардаг. Та хамгийн ихдээ хэдэн кг хасаж байв?

-Өнгөрсөн жилийн улсын аваргаар хамгийн их жин хассан. 10 гаруй кг-ийг хасаж байж жиндээ орсон. Тамирчин болж төрснийх энэ бүхнийг даван туулах л ёстой. Үр дүн нь сайн сайхнаар гарч ирж байгаа юм.

Тамирчин хүнд ялалт, ялагдал ээлжилдэг. Үүнийг харин манайхан ойлгодоггүй юм.

-Цэндээтэй финалд тулалддаг мөн үү?

-Тэгвэл яах вэ. Хүнд тулаан хийсэн шүү. Ядаж байхад мөргөлдөөд хөмсгөө задалчхаж байгаа юм. Гэхдээ мундаг ирээдүйтэй дүүдээ ялагдсандаа огт харамсдаггүй. Тэр хүн урам авч байгаа байхгүй юу.

-Нэг хэсэг 2017 оны дэлхийн аваргад оролцсоны дараа зодог тайлах тийшээ ханддаг юм билүү гэж та ярьж байсан. Гэтэл одоо таны бодол өөрчлөгджээ. 2020 хүртэл зүтгэхээр шийдсэн үү?

-Тийм ээ. 2020 он хүртэл зүтгэнэ. 2020 онд ямар ч амжилт үзүүлсэн бай зодгоо тайлна. Тэгээд дараагийнхаа зорилгын төлөө хичээнэ дээ.

-2020 онд хүртэл сонирхогчийн бокстоо үлдэх шийдвэрээ яг хэзээ гаргав?

-Ер нь бол энэ тухай бодоод л байсан. Та ч зах зухаас нь мэдэж байсан байх. Тэгээд 2017 оны дэлхийн аваргаас хүрэл медаль авсныхаа дараа “шууд ингээд зодог тайлчхаж болохгүй юм байна” гэж бодсон. Дахин нэг дэлхийн аварга, бас олимп намайг хүлээж байна. Боломж ч байгаа гэдгийг ойлгосон. Шийдвэрийг би ганцаараа гаргаагүй. Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багшаасаа эхлээд олон хүнтэй ярилцсаны үндсэн дээр 2020 он хүртэл бокстоо үлдье гэж шийдсэн юм.

-Дараагийн зорилго UFC юу?

-Тийм. UFC-д тулалдах анхны монгол хүн нь болохыг хүсдэг. Тэр болтол өөрийгөө сайн бэлтгэнэ.

-Таныг олон хүн олимп, дэлхийн аваргаас медаль авчихлаа. Одоо болиод шууд мэргэжлийн бокст хүч үзэж болдоггүй юм болов уу гэж ярьж байхыг сонссон?

-Би ч олон хүнээс сонссон. Надад хэлж байсан удаа ч бий. Гэхдээ цаг болохоор аяндаа болох байлгүй дээ. Нэг их яарахгүй л байна.

МИНИй ХАНЬ МАШИНАА БАРИАД ӨӨРӨӨ ТӨРӨХ ЭМНЭЛЭГ ДЭЭР ОЧИЖ ТӨРЖ БАйСАН ШҮҮ ДЭЭ

 
Гэрэл зургийг mpa.mn

-Хэрвээ UFC-д орвол эхнэр тань дургүйцэх болов уу?

-Харин ээ. Гайгүй дэмжих байх гэж бодож байгаа. Миний хань намайг маш сайн ойлгодог. Тэмцээнтэй өдөр манай хүн тоглолтын өмнө надаас илүү сандарч догдолдог. Жин хасаад, хялайчихсан хэвтэж байхад “Миний хань ядаж аяга шөл уучихгүй юм уу” гэнэ. Надтай хамт хоосон хонож, надтай хамт шаналах үе түүнд минь зөндөө л байсан. Тэр бүхнийг харахаар өөрийн эрхгүй урам зориг, хүч тамир ордог. Ер нь тамирчин хүний ар гэрийн дэмжлэг, нөлөө тухайн тамирчинд асар их нөлөөлдөг.

-Хоёр, гурван жилийн өмнө та нэг сонинд ярилцлага өгөхдөө “Миний эхнэр өөрөө машинаа барьж яваад төрчихсөн” гэж ярьсан байсан. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-Тийм ээ. Тэр үед эхнэр маань гэртээ ганцаараа байсан тул өөрөө машинаа бариад, амаржих газарт очиж төрсөн юм. Хажууд нь хүн байгаагүй учраас аргагүй эрхэнд тэгсэн байх. Эмнэлгийн гадаа машинаа тавиад, ганцаараа дотогшоо орж амаржсан гэдэг. Тэгэхэд л эмэгтэй хүн ямар их тэвчээр, ухаанаар энэ амьдралыг авч явдаг юм бэ гэж бодоод, эхнэрээрээ бахархах, өрөвдөх зэрэгцсэн дээ. Асар их тэвчээр биз. Тийм зүйл сонссон ямар ч эр хүний нүднээс нулимс гарахгүй байхын аргагүй. Хүний нутагт өөрийн эрхгүй баяр, гунигийн нулимс зэрэг унагаж байлаа.

-Таны гэргийгээр бахархахгүй байхын арга алга. Та ч азтай юм?

-Тийм байгаа биз.

-Та бага охиноо төрөхөд хаана тэмцээнтэй явж байсан юм бэ?

-Кубад болдог том тэмцээн. Жүдогоор яривал “Их дуулга” юм уу даа. Боксын бараг бүхий л шилдгүүд цугладаг юм. Аав нь Кубад, ээж нь өөрөө явж ирээд төрөөд л. Миний бага охин ингэж л хорвоод хүн болсон. Өрөвдөх шиг болсон. Намайг ойлгодог тулдаа л тэсвэрлэж өдий зэрэгт хүргэсэн биз. Би чинь тэмцээн, эсвэл цугларалтад гарах бол “явлаа” гэж хэлээд л хувцсаа аваад гардаг. Ар гэрийн бүх асуудлыг миний хань зохицуулж байгаа юм. Ардаа санаа зовох асуудалгүй болохоор тайван тэмцээндээ оролцоод ирнэ, гаргах амжилт нь ч арай өөр.

-Охид аавдаа илүү талтай байдаг гэдэг. Танай охид ч адилхан байна уу?

-Тэр үнэн. Манай том охин аав амьтай. Бэлтгэлд явахаар араас ээжийнхээ утсаар залгаад, “Аав аа, хурдан ирээрэй” л гээд байдаг юм.

-Та ер нь их сүрхий ярьдаг болсон байна шүү?

-/Инээв/. Ярилцлага өгөөд ирэхээр сурчихдаг юм байна. Хүнд хэлэх гэснээ зөв ойлгуулж чадна гэдэг нэг төрлийн чадвар, урлаг бололтой. Хүн хэлэх гэснээ бүтэн хэлж байж л тухайн хүнд өөрийгөө бүрэн ойлгуулна биз дээ.

-Тэгэлгүй яах вэ. Ярианы баялаг муутай хүн бас олон байна, манай тамирчид дунд?

-Тэр хүн хүнээсээ л шалтгаалдаг байх. Миний хийх үйлдэл хүртэл хараат болсон

-Та бид хоёр илэн далангүй ярилцаж байгаа учраас бүх талаараа нээлттэй асуухад буруу зүйл байхгүй болов уу.

2014 онд Азийн наадмын аварга боллоо. Я г тэр үеэс Д.Отгондалайг хүмүүс илүү их мэддэг болсон. 2015 оны дэлхийн аваргад медалийн төлөө тоглоод ялагдсан. 2016 онд хүссэн медальдаа хүрсэн. Тэр бол олимп. Улмаар 2017 онд дэлхийн медальтан боллоо. энэ бол таны медалийн төлөөх гурав дахь удаагийн дайралт. Хүн бүр одоо таныг хаана ч очсон мэддэг болж, мэндэлдэг болж. Таны амьдралын хэмнэл энэ мөчөөс нэлээд өөрчлөгдсөн биз?

-Тэгэлгүй яах вэ. Бүх зүйл тэс өөр болж байна. Би өмнөх шиг ээ хүссэнээ хийдэг Отгондалай биш болсон. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн гэдэг утгаараа таны хэлсэн шиг хэлэх үг, хийх үйлдэл хүртэл аяндаа хараат болдог юм байна. Олон хүнд, боксынхоо залуу тамирчдад, хойч үедээ зөв үлгэр дууриал болох ёстой гэдгээ маш сайн мэдэрч яваа. Миний ээж, хайртай хань минь ч үүнийг надад хэлдэг. Олны талархал, хүндлэлийг хүлээж явна гэдэг хэцүү. Тийм ч амар биш.

Жаахан л буруу үйлдэл гаргавал надад итгэл хүлээлгэсэн тэр олон хүн гомдоно, харамсана, итгэл алдарна. Тэр утгаараа хариуцлага асар өндөр болдог юм байна гэдгийг мэдэрсэн. Тийм болохоор хаана ч явсан биеэ зөв авч явах ёстой. Энэ бүхэн миний амьдралын хэмнэлийн том өөрчлөлт юм даа. Мэдээж хүн л болсон хойно хааяа найз нөхөдтэйгөө, хамт олонтойгоо баярлаж хөөрөх, наргих цэнгэх үе гаралгүй яах вэ. Гэхдээ тэр үед өөрийгөө хянаж чадаж байвал тэр хамгийн зөв алхам юм. Спортын хүмүүжил, алдар нэрд хүрэхийн өөрчлөлт гэдэгт энэ л байх.

-Тэгвэл таны ахуй амьдралд энэ олон нэр хүнд, гавьяа шагнал хэр өөрчлөлт авчрав. Нэг ёсондоо таны амьдрал өмнөхөөсөө дээшилсэн үү?

-Мэдээж тийм. Өөрчлөлт орсон. Би өмнө н ь эхнэр, хүүхэдтэйгээ хашаа байшинд амьдарч байлаа. Түрээсийн байранд хүртэл байсан. Энэ бүхэнд ар гэртээ санаа зовох нь энгийн л асуудал. Би тэмцээнд яваад өгдөг. Ард үлдэж байгаа хань ижил, үр хүүхэд маань яаж байгаа бол гэдгээс эхлээд санаа зовох зүйл мундахгүй их байсан. Үүнийгээ би хэнээс ч нуудаггүй. Харин олон жилийн бэлтгэл сургуулилт хөдөлмөрийнхөө үр шимээр тохилог дулаан байр, унах унаатай болсон.

Ар гэртээ санаа зовох зүйлгүй боллоо. Энэ бол том өөрчлөлт. Ард түмэн, спортод хайртай бизнесменүүд, төрийн байгууллагууд надад итгэл хүлээлгэж, дэмжсэний үр шим. Хүн хөдөлмөрлөж чадвал хүссэнээ авдаг гэж ээж минь дандаа хэлдэг. Яг л тэр ёсоор явж байна. Дахин хэлэхэд хүмүүс надад итгэл хүлээлгэсэн. Түүнийг нь би даах ёстой. Амжилтаараа ачийг нь хариулах үүрэгтэй. Миний чадах зүйл энэ.

-Тантай анх танилцаж байхад нэлээд нээлттэй, бас сэтгэл хөдлөл ихтэйг тань анзаарсан. Сэтгэл хөдлөлөө дээд цэгт нь тултал гаргаж байсан үеэ дурсвал?

-Хамгийн анх аав болох тэр мөч. Зөндөө их уйлсан. Том охиноо хараад, гар дээрээ тавихад өөрийн эрхгүй нулимс гардаг юм билээ. Тэр бол хамгийн дээд цэгийн мэдрэмж байсан. Дараа нь олимпоос медаль авсан. Гэхдээ мөнгөн медалиа луйвардуулсандаа үнэхээр их гомдож уйлсан. Энэ хоёрыг л дээд цэг гэж нэрлэе дээ.

-Ингэхэд Дорнодын “Талын бүргэд” клубээр овоглож улсын аваргад оролцдог байсан 10-аад тооны хүү байсан. Тэднээс нутагтаа үлдсэн хүн байна уу?

-Бараг бүгд байгаа шүү. Олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү, Н.Шинэбаяр бид гурав хотод бий. Бусад нь нутагтаа ажиллаж, амьдарч байгаа. Бид ер нь байнга холбоотой байдаг юм. Дорнодоос хот руу, эсвэл хөрш улсын нутагт тэмцээнд оролцох гэж явахдаа их хөглөдөг байсан даа. Танай сонины “Андууд” булангийн зочноор Идэрхүү, Шинэбаяр хоёр найзтайгаа уригдахдаа хөгтэй явдал их ярьсан биз.

-Боксоор хичээллэж байгаа тамирчдын олонх нь биеэ хамгаалах зорилгоор энэ спортод орсон байдаг. Харин та?

-Цэвэр сонирхлоороо. Манай Дорнодод боксын секц хичээллэж эхлэхэд бараг ангиараа шахам очиж байлаа. Тэгээд л хамгийн сүүлд үлдсэн нь би. Эхэндээ хоббигоороо хичээллэдэг байсан бол анхны медалиа авснаас хойш амьдралын зорилгоо болгосон юм. Боксоор хичээллэж эхэлснээ ээждээ дуулгатал “Буруу зүйлд ашиглав аа” гэсэн. Ингээд л тууштай хичээллэх болсон. Уг нь бол ээжийг дургүй байх болов уу гэж бодож дотроо жаахан эмээсэн тал бий. Яагаад гэвэл багадаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор тэр. Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэж тамирчид их ярьдаг. Тэр чинь үнэн байхгүй. Хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай учраас дээд зэргийн хүмүүжил сууна.

-Та бид хоёрын ярилцлага шинэ оны дараа гарна. Тиймээс он гарангуут хийх хамгийн эхний төлөвлөгөөт ажлыг тань сонирхож болох уу?

-Бэлтгэл. Дөнгөж он гарангуут шинэ оны анхны өдөр бэлтгэл хийх сайхан шүү дээ. Маш их эрч хүч, энерги авдаг юм. Бүх зүйл тэгээс эхэлж байна гэсэн үг. /сурв: Д.Отгондалай гавьяаттай шинэ оны анхны өдөр утсаар холбогдов. Та бэлтгэлдээ орсон уу гэж асуухад Дөнгөж бэлтгэлээ орж ирлээ. Өглөө гүйх сайхан байна. Шинэ оны анхны өдөр гадаа дулаахан байна. Өглөөний гүйлт хийсэн. Үнэхээр гоё байна/ гэв.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Шинэ он дөнгөж эхэлж байгаа учраас танд ерөөлийн үгийг үлдээе. Хамт олондоо мэндчилгээ дэвшүүлэх гээд бодож суугаа байлгүй?

-Тэгэлгүй яах вэ. Маш их баярлалаа. Намайг өнөөдрийг хүртэл тусалж дэмжиж ирсэн Дорнод аймгийнхан, нутгийн удирдлагууд, нутгийн зөвлөл, мөн Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, “АПУ” хувьцаат компани, Боксын холбоо, Үндэсний шигшээ баг, Биеийн тамир, спортын газар, Монголын үндэсний олимпын хороо, БСШУСЯ-ны хамт олон болон найз нөхөд, ах дүү, хамаатан садандаа маш их баярлаж явдаг шүү.

Мэдээж миний амьдралын гэрэл гэгээ болсон сайхан хань, үр хүүхэд, төрүүлж өсгөсөн ижийдээ шинэ оны мэнд хүргээд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та нарынхаа төлөө би үргэлж зүтгэсээр байх болно. Мөн ард түмэндээ, танай сонины нийт уншигчдад шинэ оны мэнд хүргэе. Шинэ ондоо ажил бүтээлээр дүүрэн, эрүүл энх, аз жаргалаар бялхаж амьдраарай гэж ерөөмөөр байна.

Зураг