Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Засгийн газар татвар нэмэх шийдвэрийг эргэн харах уу?

С.Бадрал, iKon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ХХОАТ, НДШ-ийг шатлалтайгаар нэмэгдүүлэхээр болсон билээ. 1.5 саяас дээш цалинтай дундаж давхаргын төлөөлөл энэ шийдвэрийг эсэргүүцэж олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж буй. 

Энэхүү шийдвэр нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ОУВС-гийн хөтөлбөр тохирохдоо гаргаж, албажиж байсан шийдвэр. Тухайн үед Б.Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд татвар нэмэх шаардлагатай болсон гэж мэдэгдэж байсан билээ.

Хөтөлбөрт орох үеийг бодвол Монголын эдийн засгийн өсөлт 4 хувьд хүрч сайжраад байгаа. Тиймээс иргэдийн татварыг нэмэх шийдвэр цуцлагдаж магадгүй юм. Учир нь одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2017 оны дөрөвдүгээр сард болсон УИХ-ын чуулганы үеэр "580 сая ам.долларын төлбөр төлөх нь тулсан учир олигтой юм тохироогүй хөтөлбөр оруулж ирсэнд харамсалтай байна. Уг нь 8 сараас нөхцөл байдал өөр байх үед арай өөр хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой байсан болов уу.

Үүнд ойлгомжгүй зүйлс байна. Яагаад 2017 онд эдийн засаг унана гэж та нар тооцож байгаа юм бэ. Том төслүүд явахгүй юм уу. Гол зах зээл рүү гардаг төмөр зам яагаад явахгүй байгаа юм, яагаад өмч хувьчлалуудыг зогсооно гэж ярьж байгаа юм бэ. Татвар нэмнэ, том төслүүд хөдөлгөхгүй, төмөр зам барихгүй гэнэ. ОУВС та нарыг ингэ гэж тохирсон юм уу?" хэмээн нэлээн шүүмжилж байв. 

Тиймээс шинэ Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй тогтворжиж, сэргэх хандлагатай байгаа энэ үед иргэдийн татварыг нэмэх шийдвэрийг эргэж харж магадгүй юм.