Энэ удаагийн “Гэргий” булангийн зочин Гала” хамтлагийн гишүүн Ану буюу Чулуунбаатарын Уранхолбоо. Тэрбээр тун удахгүй дөрөв дэх охиноо өлгийдөн авч одонтой ээжүүдийг түүчээлэх гэж байна. Уншигч та түүний ертөнцөд түр саатна уу.
-Юуны өмнө ярилцах урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Өнөө, маргаашгүй амаржих хэр нь ярилцлага өгөөд сууж байгаад уншигчдынхаа өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье?
-Танай сонины “Гэргий" буланд уригдаж ярилцаж байгаадаа баяртай байна. “Үндэсний шуудан" сониныг сонгон уншдаг уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд 2013 оноос хойш бараг жил дараалан дөрөв дэх удаагаа амаржих гэж байна. Шинэ хүн маань өнөө, маргаашгүй мэндэлнэ. Маш их догдолж байна.
Хүүхдийг би ямар ч сонголтгүй, эмэгтэй хүнд өгч байгаа бурхны том бэлэг гэж боддог. Хүн ер нь амьдралдаа хүнээр дутдаг. Тухайлбал, хүний хайр халамж, хүний дулаан сэтгэлээр дутдаг. Тийм ч учраас хүүхдүүд маань бие биеийнхээ өмөг түшиг нь болж хамтдаа бүхнийг хийдэг, ойр дотно байгаасай гэж хүсдэг.
Тэр хүсэл маань биелж байна. Олон сайхан охидуудтай боллоо. Охинтой хүн жаргадаг гэдэг. Ер нь хүнээр хүн хийнэ гэдэг хэцүү л дээ. Тэр жижигхэн амьтны өдөр тутамд анхаарах нь чухал. Тэр тусмаа манай улсад нялх хүүхдийг өсгөнө гэдэг том асуудал болсон. Өвлийн улиралд агаарын бохирдол маш их байна. Өдөр тутам хүүхдээ агаар салхинд гаргаж чадахгүй. Ямар нэгэн өвчин туслаа гэхэд нярайн өвчний эдгэрэх явц удаан байдаг зэрэг хүндрэл бол байдаг шүү.
-Орчин үед гоё сайхан бие галбираа авч үлдэхийн тулд олон хүүхэд төрүүлэх нь ховор болсон. Хүмүүс таныг олон хүүхэдтэй болно гэж төсөөлж байгаагүй байх аа. Таны амьдралын төлөвлөгөөнд олон хүүхэд байсан уу, эсвэл бурхны бэлэг юм болов уу?
-Хүмүүсийн дунд таны хэлдэг шиг ийм яриа ажиглагддаг. Аливаа юм харагдаж байгаа шигээ байдаггүй. Өнгөц харагдаж байгаа төрх байдлаар хүнийг дүгнэх нь утгагүй. Миний хувьд тухайн хүнийг гаднаас нь дүгнэж энэ нэг ийм л хүн гэж дүгнэхээс эмээдэг. Шүүмжлэхээс бол бүр санаа зовдог. Яагаад гэхээр бүх зүйл цаг хугацаатай. Тухайн хүн дотоод мөн чанараа олсон, олоогүй, цаг нь болсон, болоогүй байна.
Иймд хэн нэг хүнийг дур мэдэн шүүмжлэх, харагдах байдлаар нь дүгнэх эрх бидэнд байхгүй. Миний хувьд хүмүүст харагдах байдлаасаа юм уу, хүмүүсийн ярьдаг ярианаас өөр байх. Хэн нэгэнд таалагдах гэж ярьж байгаа юм биш. Миний амьдрал ийм хувь зохиолтой, ийм л байх ёстой байсан гэдгийг эмэгтэй хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхэд төрүүлнэ гэдэг сайхан зүйл. Эмэгтэй хүнд оногддог хувь заяаны бэлэг. Олон хүүхэдтэй болох тусам, бодож санах, зовних зүйл ихтэй юм шиг боловч цаагуураа тэр болгон аз жаргал байдаг. Бурхны номыг уншиж байхад санал зөрөлдөх зүйл нэлээд байдаг.
-Тухайлбал?
-Олон хүүхэд төрүүлнэ гэдэг үйлийн үр гэж тайлбарласан байдаг. Би түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Үйлийн үр нь дотроо сайн үйлийн үр, муу үйлийн үр гэж хоёр төрөл байгаа. Сайн үйлийн үр гэж буян заяагаар үр хүүхэдтэй болох юм бол хүн илүү сэтгэл ханамжтай амьдрах боломжтой. Жишээлбэл, нэг хоёр хүүхэд төрүүлээд дахиж хүүхэд төрүүлэхгүй гэх тохиолдол байдаг. Би ч гэсэн тэдний адил тэгж болох л байсан. Тэднийг огт буруутгахгүй, хүн бүрийн сонголт өөр шүү дээ. Миний хувьд бурхны өгсөн бэлгийг буцааж чадахгүй. Би багаасаа л хүүхдэд хайртай байсан. Угаасаа энэ миний хувь тавилан.
Хүнд гоё харагдах гэж, янз бүрийн зүйл сонсох гэж биш өөртөө болон хань ижил, гэр бүлдээ тав тухтайгаар амьдарч байгаа жирийн эмэгтэй. Тийм учраас энэ нь хэлбэр төдий зүйл биш. Бусдын хэл аманд хариулт өгч байгаа амьдрал ч биш. Яг л өөрийнхөөрөө, хувь тавилангийн зургаар амьдарч байна. Гэхдээ бурхны зурсан зургийг тодорхой хэмжээгээр чиглүүлнэ. Миний бодлоор ийм л амьдрал надад заяасан.
-Та эхээс олуулаа юу?
-Би өөрөө гурван охинтой айлын дундах хүүхэд. Ихэр хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байсан. Гэхдээ манай нөхрийн болон манай удамд ихрийн удам байхгүй. Тийм болохоор ихэр хүүхэд төрүүлэх боломжгүй юм байна гэж боддог байсан. Энэ ярианы тайлал нэг, хоёр сарын дараа тайлагдах байх. Бодол санаагаараа амьдралаа илүү их удирддаг, чиглүүлдэг юм шиг бурхнаас бичигдсэн тавилан гэж байхгүй. Байлаа гэхэд өнгө аясыг нь өөрчилж илүү үнэр анхилам гоё сайхан болгох боломж бидэнд байгаа. Эмэгтэйчүүд бид өөрсдөө энергийн хүчтэй хүмүүс шүү дээ.
-Хийсвэр хагалгаагаар жил дараалан төрөх боломжтой юу. Уг нь гурван жилийн зайтай төрөх ёстой гэдэг. Эмч нар нь хэрхэн хүлээн авсан вэ?
-Хийсвэр хагалгаагаар олон удаа төрөхийг шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрдөггүй. Маш том эрсдэл, эмэгтэй хүн дахиж төрөхгүй байх магадлалтай. Ийм том эрсдэлд эмэгтэй хүнийг оруулдаг. Энэ удаад эмч нар надад маш их анхааруулсан. Гурван жил дараалан төрсөн учраас эрсдэлтэй, Монголд төрөх боломжгүй гэсэн. Эмч нар “Чи өөрөө шийд. Төрөх боломжгүй учраас бараг дараагийн шатны арга хэмжээг ав” гэж миний сэтгэлийг их эмзэглүүлсэн.
Би гэхдээ хүүхдээ төрүүлэх шийдвэрийг гаргасан. Манай гэрийнхэн болон хадмууд маань “Чамайг л бодож байна, миний охинд хэцүү биш үү” гэж байсан. Хэдий миний биед эрсдэлтэй ч би өнөөдөр даван туулж байна. Би хүүхдээ төрүүлмээр байна, яагаад би хичээж болохгүй гэж бодсон. Эмч нарын хэлж байгаагаар 4-5 сартай болж хэвтрийн дэглэм сахиж босох боломжгүй болно гэж байсан. Гэтэл өнөөдөр төрөх сүүлийн cap хүртлээ, төрөх өдрөө хүртэл явж байна. Энэ болгон миний бодол санааны хүч, хувь заяаны бэлэг, зөв амьдарсны хариу гэж бодож байгаа. "Гала" хамтлагийн жаахан охин байх үеэс янз бүрээр хэлэгдэж ирсэн. Тухайн үеийн ярьж байсан зүйлийн 80 гаруй хувь нь худлаа байсан.
Гэхдээ би нэг ч удаа ямар хэцүү юм бэ, яах ёстой юм бэ, яах ёстой юм бол гэж бодож байгаагүй. Намайг ингэж элдвээр хэллээ гээд ийм болохгүй. Чи зөв замаараа явах ёстой гэдгийг өөртөө байнга хэлж, өөрийгөө зоригжуулдаг байсан. Энэ бүхний хариу үйлдэл амьдрал дээр минь ирж байгаа гэж бодож байна. Ирээдүйн амьдралаараа энэ бүхнийг харуулна гэдэг байсан тэр хүсэл маань өнөөдөр биеллээ олсон.
-Орчин үед олны танил хүмүүс гадаадад очиж амаржих болсон. Таны хувьд эх орондоо амаржиж байгаа нь утга учиртай байх?
-Гэр бүлийнхэн, эргэн тойрныхон маань гадаадад тэр тусмаа Солонгост очиж төрөхгүй юм уу гэж асуудаг, гадаадад төрөөч гэж санал болгодог. Би их гэрсэг хүн л дээ. Хэд хоног л гэрээсээ хүүхдүүдээсээ холдоход хэцүү байдаг юм. Элэг зүрх эмтэрч, хүүхдүүдэд ямар нэгэн зүйл болоход мэдэрдэг.
Муу юм бодох дургүй хэдий ч ханиад хүрлээ гэхэд мэдэрдэг байх жишээтэй. Тийм учраас охидуудаасаа хол байна гэхээр төсөөлөгдөхгүй байдаг. Хэрвээ Солонгост амаржъя гэвэл амаржихаас сарын өмнө очиж эмнэлгийн хяналтад орох ёстой. Мөн төрсний дараа сарын хугацаанд эмнэлгийн хяналтад байдаг юм билээ. Тооцоолохоор хоёр cap гаруй хугацааг Солонгост зарцуулна. Мөн төрсний дараах арчилгаа маш сайхан хийгдэнэ. Хүүхдийг авч яваад бүхий л арчилгааг хийж, би бараг хүүхдэдээ хүрэхгүй, буудалд амарч байгаа юм шиг байх боломжтой юм билээ. Гэхдээ миний хувьд хүүхдүүдтэйгээ, гэр бүлийнхэнтэй байж тэдэнтэйгээ байвал илүү их аз жаргалтай байх учраас өөрийнхөө сонголтыг хийсэн.
-Сүүлийн үед агаарын бохирдол урагт маш муугаар нөлөөлж байгаа талаар мэргэжилтнүүд зөвлөж байна. Таны хувьд утааны үеэр хүүхдээ төрүүлэх гэж байна. Утаанаас өөрийгөө болон ургаа хэрхэн хамгаалж байна вэ?
-Миний хувьд “Чин ачлал” эмнэлгээр хоёр жил гаруй хугацаанд үйлчлүүлж байна. Энэ эмнэлгээр хүчилтөрөгчийн азонтай тарилга хийлгэж байгаа. Азон өөрөө хүчилтөрөгчийг нэмэгдүүлсэн үр дүн үзүүлдэг учраас сүүлийн хоёр төрөлтөн дээр шаардлагатай байсан. Гурав дахь охин маань өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард төрсөн. Ойрхон төрж байгаа гэдэг утгаараа өөртөө тамир тэнхээ оруулах үүднээс тарилга хийлгэсэн.
Маш сайн үр дүнтэй байнa. Ямар ч байсан ургийг сайн дэмжиж хүчилтөрөгчөөр хангаж өгч байгаа нь мэдэгдсэн. Ураг өөрөө хүчилтөрөгч дутагдах юм бол маш хэцүү байдалд ордог. Хүчилтөрөгчийн гүн дутагдалтай хүүхэд тархины даралттай төрдөг. Ер нь хүүхэд эхээс гараад эрүүл байх ёстой. Эрүүл хүүхэд хурдан бойждог. Энэ удаад миний төрөх хугацаа хэтэрсэн хэдий ч гүрийгээд явж байна. Хэвлийдээ нэг хоног ч болов байхад хүүхдэд маань л хэрэгтэй. Түүнээс биш миний хамгийн дуртай баяр бол шинэ жилийн баяр. Баярын үеэр энд тэндгүй баярын арга хэмжээнд оролцоод явдаг хүн. Баяр наадмаас илүү чухал, баяр баясгалантай зүйлийг хэвлийдээ тээж явна.
-Хүүхэд хэдий бурхны бэлэг гэдэг ч жил дараалан амаржиж тэднийг өсгөнө гэдэг амаргүй ажил. Таныг нөхөр тань хэр халамжилдаг вэ. Нэлээн халамжилж асардаг гэж сонссон юм байна?
-Манай нөхөр маш халамжтай. Баяр баясгалан халамж гэдэг зүйлийг сайн өгч чадаж байгаа учраас би зоригтой байгаа байх. Дээрээс нь хүүхдүүдээ маш сайн асарч халамжилдаг. Манай хүн айлын ганц хүү. Би анх бодохдоо нэлээн эрх танхи байх, хүүхэд өсгөх тал дээр бараг мэдлэг байхгүй гэж дүгнэдэг байсан. Өөрөө хүүхдэд дуртай биш гэж ярьдаг байсан. Тэгээд л бид хоёр хамт амьдарч эхлэхэд хүүхдийн талаар маш их ярьдаг болсон.
Явцын дунд хүүхэд хүсэн хүлээсэн хүн болох нь мэдрэгдсэн. Дараа нь хүүхэдтэй болохоор хүүхдэд ямар их хайртайг нь мэдэрсэн. Хоёр дахь хүүхэд төрсний дараа бүр нөхөр маань огт өөр хүн болсон. Би харахдаа өөрчлөгдөж байгаа юм биш, тэр хүний дотор байсан хүн нь нээгдэж байна гэж ойлгосон. Надаас ч илүү зөөлөн, уян хүн гэдгийг өдөр бүр мэдрэх юм. Би хоёр дахь хүүхэд дээрээ бантан хийж үзээгүй. Нөхөр маань бантан хийх, надад хоол унд бэлдэх асарч тойглох ажлыг даадаг.
Би болохоор хүүхдэд болон өөрт шаардлагатай витамин, шинэлэг зүйлд анхаарч байхад аав нь өдөр тутмын арчилгааг хийх жишээтэй. Мэдээж эмэгтэй хүнд хань ижил маш чухал. Ганцаараа эмэгтэй хүн бүхнийг нуруун дээрээ үүрч явна гэдэг хэцүү шүүдээ. Тийм болохоор үргэлж л ханьдаа баярлалаа гэж хэлдэг. Энэ завшааныг ашиглаад баярлалаа гэж хэлмээр байна.
-Хүн бүр л гал голомтоо залгуулах хүүтэй болохыг хүсдэг. Та ч гэсэн хүсдэг байх?
-Одоо хэсэг хугацаанд өөрийнхөө биед анхаарал хандуулна. Үүнээс гадна давхар хүүхдүүдийнхээ ирээдүйд анхаарна. Том охин маань удахгүй сургуульд орно. Ийм учраас сургуульд орох бэлтгэлийг базааж хичээл сурлагад нь анхаарах байх. Ойр ойрхон төрөхөөр нэг бүрчлэн анхаарч чадахгүй байна. Ерөнхийдөө хүмүүжилд нь анхаарч, хэрэгцээт зүйлсийг бүрдүүлэх арчилгаа хийж байна. Бид эх орныхоо ирээдүйн лидерүүдийг бэлтгэхийн тулд оюун санааны хувьд бэлдэж, боловсруулж одооноос хүмүүжилд нь анхаарах шаардлагатай. Тиймээс охиныгоо сургуульд орохын өмнөх бэлтгэлийг сайн хийнэ. Ямартай ч ойрын 5-8 жилдээ төрөхгүй гэсэн бодолтой байна. Гэхдээ бас хэлж мэдэхгүй байна төлөвлөхөд хэцүү юм. Бусад эмэгтэйчүүдийг харахад нэг төрчихвөл арав гаруй жил төрөхгүй байна. Эдгээр хүмүүсийн жишгээс суралцах зүйл юу байна тэр бүхнийг судална.
-Охидууд болохоор нэлээн ганган дэгжин байх. Охидоосоо өөрийгөө олж хардаг уу?
-Миний гурван охин гурвуулаа өөр өөр зан араншинтай, өөр өөрийн онцлогтой охид болж байгааг өдөр ирэх тусам харах юм. Том охиныгоо тээж байхдаа урлаг соёлоосоо дөнгөж хөндийрч байсан. Гоёж гооддог, гоо сайхандаа анхаардаг байсан. Том охин маань гоо зүйн асар өндөр мэдрэмжтэй, өөрийгөө цаг тутамд гоё байлгахыг хүсдэг. Харилцааны соёл дээр уян хатан, хүний эв дүйг олдог.
Харин дунд охиноо тээж байхад нөхөр маань яг сургуулиа төгсөж байсан. Тэр үед маш их аз жаргалтай гоо сайхан, урлаг уран сайхан гэхээсээ илүүтэй амьдрал руугаа нэвтэрч орсон үе байсан. Охиныгоо харахад их гэрсэг, амьдралд хайртай охин байдаг.
Харин бага охин дээрээ нэлээн эмээж байсан. Яагаад гэвэл ойрхон төрчихлөө, энэ хүүхэд сульдаа төрчих вий дээ хэмээн маш их эмээсэн. Тэгэхэд бага маань хамгийн адтай нь хоёр эгчээсээ юугаар ч дутахгүй. Ер нь охидууд өрсөлдөөн их гаргадаг гэдгийг мэдсэн. Тухайлбал бие, биетэйгээ өрсөлдөж юм сурдаг, хоол идэхдээ хүртэл өрсөлддөг их сонин. Хүүхдийн хувьд аав, ээж хоёр нь гол харах толь учраас бид хоорондоо зөв харилцахыг хичээдэг.
Ажил төрөл дээр гарсан болж бүтэхгүй асуудлыг дэргэд нь ярьдаггүй. Болж өгвөл тусдаа ярилцдаг. Нэг нэгэнтэйгээ их сайхан харьцах харилцааг чухалчилдаг. Ер нь хүүхэд 0-3 насан дээр нь хэн болох вэ гэдэг нь тодорхойлогддог үе. Энэ үед нь зарим зүйлийг нь хянадаг. Үзэж байгаа зурагтын суваг нь ямар байх вэ, кино үзлээ гэхэд ямар кино үзэх вэ гэж хүүхдүүддээ зориулж бүх сонголтыг хийдэг. Бидэнд таалагдаж байна гээд гэр бүлийн уур амьсгалыг эвдсэн, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлөх зүйлийг үздэггүй. Уншиж буй ном сонин хүүхдийн үлгэрийн ном байсан ч тэдэнд эерэг нөлөө үзүүлдэг.
-Охидынхоо урлагийн боловсролд хэр анхаарч байна вэ. Ээж нь урлагийн хүн учраас мэргэжлээ өвлүүлэх сонирхол байдаг байх?
-Гурван охиныгоо гурвууланг нь урлагийн хүн болгоно гэхгүй. Тээж байгаа хүүхдээ ч гэсэн өөрийн хүслээр шахаж шаардахгүй. Гэхдээ тодорхой хэмжээний нөлөөллийг үзүүлнэ. Мэдээж зөв хүн болгоход олон жилийг зарцуулсан юм чинь тодорхой хэмжээний энэ нь зөв, энэ нь буруу гэсэн зөвлөгөөг өгнө. Ямар ч мэргэжлийг охидууд маань сонгох эрхтэй. Гэхдээ манайд нэг эмч, нэг эдийн засагч, нэг хуулийн хүн байх хэрэгтэй.
Охидын минь зүрх сэтгэл нь уян зөөлөн, бусдыг хайрладаг байхад тодорхой хэмжээний урлагийн боловсрол хэрэгтэй. Охидоо уян зөөлөн, нинжин сэтгэлийг өөртөө бий болгосон хүмүүс байгаасай гэж хүсдэг. Ийм учраас урлагтай хөгжимтэй ойр байлгана. Аав нь бол урлагийн хүн болгохгүй гэж ярьдаг. Урлагийн хүнтэй гэр бүл хэр нь яагаад гэхээр урлаг бол хэцүү салбар, янз бүрээр хэлүүлнэ. Тэр болгоныг охидууд маань даах уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ийм учраас янз бүрээр хэлүүлмээргүй байна гэдэг. Гэхдээ нэг урлагийн хүн төрөх байх аа. Хэрвээ тийм хүн гарвал эхнээс нь дуустал нь тэр хүнийг шүтэж, хамгийн хүчтэй фэн нь байх байлгүй дээ.
-Хүүхдүүдээ өөрөө харж байгаа юу. Ер нь хүнээр хүүхдээ харуулах нь хэр оновчтой юм бол?
-Одоогоор бол ээж маань тусалж байна. Туслах хүн байхгүй бол хэцүү л дээ. Өдөржин хүүхдээ харна гэхээр ажил төрөл хийхэд хэцүү. Гараад хоёр цаг болж ирж хөхүүлэх хооронд хүүхдийг маань харах туслах хүмүүс байдагт маш их баярладаг. Хүний төрсөн ээж хүний маш том туслагч байдаг юм байна. Манай хоёр том охиныг хадмууд маань хардаг. Нэг дэх өдрөөс тав дахь өдөр хүртэл цэцэрлэгт нь хүргэж өгнө, авна.
Амралтын өдрүүдэд гэртээ ирдэг. Яагаад гэвэл тэр хоёр маань айлын том охидууд. Олон дүү нартай болж байна. Дээрээс нь маш их нийгэмшиж төлөвшиж ирж байна. Ээж, аавтайгаа байхаар эрхлээд цэцэрлэгт явахгүй байх санаатай. Мөн хадам аав, ээж хоёртоо маш их баярладаг. Ер нь ямар ч өвөө эмээ нар ач зээ нараа өөрийнхөө хүүхдээс илүү хайрладаг юм шиг санагддаг.
-Ойр ойрхон амаржсан ч таны биед өөрчлөлт гарсангүй. Гоё хэвээрээ л байна. Төрсний дараа биеэ ийм гоё авч явдаг нууцаасаа хуваалцахгүй юу. Жирэмсэн болоход гэдэс язрахаас эхлээд олон асуудалтай тулгардаг?
-Одоохондоо бол миний гэдэс язраагүй. Гэхдээ язрах маш их эрсдэлтэй арьс учраас маш их анхаарч арчилдаг. Жингийн хувьд энэ удаа нэлээн жин нэмсэн. Хүүхдийнхээ жинг нэмэгдүүлэхийн тулд сүүлийн нэг сарын хугацаанд маш их анхаарсан. Илүүдэл жин миний хувьд асуудал биш учраас хүүхдийнхээ эрүүл саруул, хэвийн хэмжээндээ төрж байвал жин нэмэх зэрэг нь асуудал биш. Миний хувьд 10-12 кг-ын хооронд жин нэмдэг. Өөрийнхөө оруулж ирдэг бүтээгдэхүүнээс хэрэглэж хурдан жин хасдаг. Ээжүүдэд зориулж аюулгүй, найдвартай эрүүл мэнд болон хүүхдэд ямар нэг гаж нөлөөгүй бүтээгдэхүүн оруулж ирдэг.
-Та 2013 оноос хойш уран бүтээл гаргаагүй. 2017 оны намар тоглолт хийж, цомог гаргана гэж байсан. Хэзээнээс уран бүтээлдээ орох гэж байна вэ?
-Уг нь энэ намар тоглолт хийж цомог гаргах байсан. Хоёр дууны клипэнд зураг авалт хийсэн. Мөн цомгийн дуунуудын ажилд ороод явж байсан. Уран бүтээлээ нэлээн анхаарсан эрчтэй явж байтал өнгөрсөн хавар жирэмсэн болсноо мэдсэн. Би их сонин. Жирэмсэн болохоороо бүх анхаарлаа хандуулдаг их сонин болчихдог юм.
Гэхдээ өглөөнөөс эхлэн орой болтол амарч хэвтэхийг хэлж байгаа юм биш л дээ. Аль болох өөрийгөө завгүй байлгана, өдөр тутмын ажлаа хийнэ, тодорхой цагт өөртөө арчилгаа хийнэ, хүүхдэд хэрэгтэй эрдэс минералыг хэрэглэнэ.
Үр хүүхэд, ханьдаа цаг зав гаргадаг. Өдөр тутмынхаа ажлыг тодорхой хэмжээгээр төлөвлөдөг. Уран бүтээлийн хувьд дахиад бага зэрэг хойшлуулах болсон. Гэхдээ эхлүүлсэн ажлаа орхихгүй дуусгана. Манай нөхөр амаржсаныхаа дараа уран бүтээлдээ ханцуй шамлан ороорой гэсэн. Мэдээж хэрэг хүүхдээ бойжуулна, өөрөө тодорхой хугацааны цаг зарцуулна, төрсний дараа бие галбиртаа анхаарна. Ямар ч байсан урлаг уран сайхнаас бол холдохгүй.
-“Уранхолбоо" сүрчиг, хувцасны брэнд гаргана гэж байсан. Сүүлийн үед ямар бизнест төвлөрч байна вэ?
-Нөхрийнхөө компанитай хамтран нэг ажил хийж байна. Агаарын бохирдлоос өөрийгөө болон бусдыг хамгаалж, сэргийлэхийн тулд Тайванаас АНУ руу нийлүүлдэг машины агаар шүүгчийг оруулж ирж байгаа. Энэ агаар шүүгч нь сүүлийн үед үзүүлэлтээрээ дэлхийд номер нэгт тооцогдож байгаа бүтээгдэхүүн юм билээ. Бид өдөржин олон хүмүүстэй уулзаж гадуур явж байгаад орой хүүхдүүдтэйгээ уулзаж, гэртээ харьдаг.
Хоёр гурван цаг байх хугацаандаа ээж ааваасаа ханиадны вирус авч, ханиад нь хүндрэх шалтгаан болдог. Уг агаар шүүгч нь ханиадны вирус болон харшлын вирусийг устгаж өгдөг. Мөн машинаас машин руу ирж байгаа хорт утааг маш сайн шүүж хүчилтөрөгчөөр амьсгалуулдаг гэх мэтчилэн давуу талтай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр Монголдоо нэвтрүүлж байна. Ер нь цаг үетэйгээ холбож хэт их ашгийн төлөө бус зүйлийг хийхийг чухалчилдаг.
-Таны бодлоор монголчуудын агаарын бохирдлоос салах гарц шийдлийг хэрхэн харж байгаа вэ. Хувь хүнийхээ хувьд улс төрийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Энэ бол хүн бүхний эрүүл мэндэд аюултай ноцтой асуудал. Шийдвэр гаргагчид богино хугацаанд шийдвэрлэх боломжтой. Таван жилийн өмнө БНХАУ-ын нийслэл Бээжин хотод замын түгжрэл нь дийлдэхгүй, утаа үхэлд хүргэх аюултай болсон талаар ярьж хэлж байлаа.
Тийм учраас нөхөр бид хоёр Бээжинд суралцаж байх хугацаандаа хотоосоо зайдуу цэвэр агаартай өөр хотод амьдардаг байсан. Гэтэл одоо Бээжин хот ямар ч утаагүй, түгжрэлгүй болсон байна. Ард түмнийхээ эрх ашгийг өмнөө тавьдаг удирдагчтай орон ямар байдгийн тод жишээ энэ юм. Гэтэл манай Монголд одоо өрнөж буй бүх зүйл тавилттай кино жүжиг шиг л байна. Шинэ гарсан Ерөнхийлөгч маань маш олон зүйлийг өөрчлөөсэй гэж хүсэж байна. Манай монголчууд амны бэлгээс ашдын бэлэг гэж ярилцдаг хэр нь энэ идэж уудаг, авилга авдаг гээд улс төрчдөө муулаад байдаг. Гэхдээ түүнийхээ оронд “Төрийн сүлд минь өршөө” гээд болж бүтээсэй гэж ерөөх нь илүү байх.
Бидний нэг том алдаа нь бүх л зүйлийг улстөртэй хутгаж, болохгүй юм болгон УИХ-ын 76 гишүүний буруу, бидний муу муухай амьдарч байгаа нь улстөрчдийн буруу гэдэг. Мэдээж тодорхой хэмжээгээр тэдний буруу байгаа л байх. Хувь хүн өөрөө хичээгээд хөдөлмөрлөж чадвал болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй байна.
Сүүлийн жилүүдэд сошиал хаягаа хөтлөөд явж байхад эрүүл саруул хөдөлмөрлөх чадвартай залуус туслаач гэж их ханддаг. Үнэгүй зүйл авахыг маш их хүсдэг. Дээрээс нь ажиглагдаж буй өөр нэг зүйл нь нөхцөл боломж нь аятайхан ажил даалгаад өгөхөөр хэд хоног ажиллаад л ямар нэг шалтаг тоочоод урьдчилж цалингаа аваад алга болдог. Хариуцлагагүй, амьдралын төлөө зүтгэлгүй, сайхан амьдралыг мөрөөдсөн л хүмүүс байдаг.
Хүн ажлыг голох биш эхнээс нь дуустал тууштай зүтгэх юм бол заавал нэгэн байдлаар үр дүнгээ өгдөг. Залуучууддаа хандаж хэлэхэд бүх зүйлийг багаас нь эхлүүлж алхам алхмаар урагшлаарай. Үлгэрийн юм шиг үр цацаад ургадаг амьдрал гэж хэзээ ч байхгүй. Амжилтад хүрсэн хүмүүсээс үлгэр дуурайлал авч, тэвчих ёстойг тэвчиж, хөдөлмөрлөж, туршлага хуримтлуулан дараагийнхаа амжилтыг мөрөөддөг байгаасай. Надад тусалж дэмждэг хүн тийм ч олон байгаагүй. Миний хувьд бор зүрхээрээ бүгдийг болгоё, бүтээе гэж хичээж амьдарсан. Чин эрмэлзэл надад байсан учир нойргүй үедээ нойргүй хонож, янз бүрийн хэцүү цаг үеийг туулсан.
-Урлаг танд юу өгөв. Таны амьдралд хэрхэн нөлөөлсөн гэж үздэг вэ?
-Урлагийн салбарыг их амархан зүйл шиг санадаг. Гэтэл биднээс маш олон зүйл, золиос шаарддаг. Миний амьдрал одоо л эхэлж байна. 10 гаруй жилийн хугацаанд суралцаад одоо амьдрал ахуйгаа цэгцлэх гээд үзэж байна. Миний хувьд амьдралын минь дараагийн шинэ үе эхэлж байна. Илүү сайхнаар төсөөлж, тэмүүлж байна.
Өдийг хүртэл хуримтлуулсан мэдлэг, туршлагаа дараагийн үедээ зарцуулж, зөвхөн өөрийнхөө төлөө биш хэн нэгний төлөө, бусдын төлөө гэсэн утга учиртай амьдралыг бүтээхээр зорьж байгаа. Өнгөрсөн цаг хугацаанд өөрийгөө л илүү их бодож байсан шиг санагддаг.
-Бээжинд ямар чиглэлээр суралцсан бэ?
-Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан.
-Монгол ёс жаягийг дагаж мөрддөг үү. Та ер нь хэр сайн гэрийн эзэгтэй вэ. Эр хүний ноён нурууг хүндэтгэж харьцдаг уу?
-Нөхөртэйгөө хүндэтгэлтэй харилцдаг. Амьдрал харилцааны хүндэтгэл дээр оршдог. Монгол ёс жаягаа дагана гээд эр хүн хоол хийвэл, хувцас угаавал хийморь нь доройтно гэсэн яриаг хүлээн зөвшөөрдөггүй. Манай нөхөр ч үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Аль завтай нь ажлаа амжуулж, хоёулаа л оролцоотой байхыг хүсдэг. Бидний хувьд шинэ цагийн залуу гэр бүл гэж өөрсдийгөө тодорхойлно. Монгол ёс жаяг уламжлалаас авах зүйл их байгаа. Гэхдээ үүнийг үг үсэггүй дагахаас илүүтэй одоо үетэйгээ хослуулах хэрэгтэй болов уу. Бие биедээ адилхан хүндэлж, амьдрахыг эрхэм болгодог.
-Та ер нь нийгэмд хэрэгтэй ямар зүйл хийхийг хүсдэг юм. Юунд сэтгэл нь эмзэглэдэг вэ?
-Шинэ залуу үеийг зөв бэлтгэх хэрэгтэй гэж боддог. Бүх зүйл нээлттэй болсон цаг үед өсвөр насны залуучууд хаашаа л бол хаашаа эргэх боломжтой чиг хандлагатай байгаа. Шинэ залуу үеийг муу муухай бүх зүйлээс хол байлгаж, оюун санаанд нь зөв ойлголтуудыг өгөх хэрэгтэй шиг санагддаг. Хийх ажлууд зөндөө байгаа ч ямар хэлбэрээр гаргах вэ гэдэг чухал байна. Миний талаар нэг хэвлэлийн компани намтар ном бичиж байгаа. Миний хувьд уг нь цаг нь болоогүй гэж бодож байсан.
-Залуу гэр бүлд амьдралаа авч явахад ямар бэрхшээл тулгарч байна. Өөрийнхөө амьдралын туршлагаас хуваалцахгүй юу?
-Залуу гэр бүлд юу гэж захимаар байдаг вэ гэхээр гэр, бүл төлөвлөлтийг маш сайн хийгээсэй, сэтгэл хөөрлөөр хандаж битгий гэр бүл зохиогоорой гэж хэлмээр байна. Ханилах гэж буй хүн тань ямар нэгэн байдлаар танд зүрх сэтгэлээ зориулна. Үр хүүхэдтэй болох юм бол амьдралынхаа төлөө хичээж зүтгэж амьдардаг. Тийм болохоор залуучууддаа түлхүү хандаж хэлмээр байна. Эмэгтэй хүнийг хайрладаг байгаарай, сэтгэл хөөрөл ямар нэгэн байдлаар хөнгөн хуумгай битгий хандаарай, зөв шийдвэрээ гаргаж, насан туршдаа хамт байж чадна гэсэн хүнийхээ амьдрал руу нь нэвтэрч орж, дараа дараагийнх нь зүйлд хөтлөөрэй.
Амьдралын хамгийн хэцүү зүйлийн нэг нь хүүхэд өнчрөх. Дараагийн амьдралаа сайхан эхлүүлье гэж бодож болох ч хүүхдийн сэтгэлд үлдсэн хар толбыг юу ч цайруулж, юу ч эдгээж анагааж чадахгүй. Чиний үлдээсэн ул мөр учир дараа нь ямар ч сайхан амьдрал эхлүүлсэн бай гэр бүл салалтыг бүү хүлээн зөвшөөрөөсэй гэж хэлмээр байна. Эмэгтэйчүүддээ хэлэхэд гэр бүлтэй эр хүнтэй ямар нэгэн байдлаар битгий холбогдоорой. Тэр хүний цаана өөр шиг тань нэг эмэгтэй үр хүүхдээ тэврээд сууж байгаа болохоор татгалзаж чаддаг байх хэрэгтэй. Ирээдүйн ханиа сонгохдоо маш сайн нухацтай хандаж, зөв сонгодог байгаасай гэж хэлмээр байна.
-Таны ярианаас ажиглахад нөхрийнхөө талаар нэлээн ярьж байна. Эр хүнд байх ёстой зан чанар бүхэн танай нөхөрт байдаг бололтой?
-Миний хань сайхан монгол эр хүн бий. Эр хүнд байх ёстой олон сайхан зан чанар байдаг. Эмэгтэй хүний эр хүнийг үнэлэх үнэлэмж өөр өөр байдаг. Миний хувьд эр хүний даруу төлөв, юм бүхэнд оролцоод байдаггүй чанарыг үнэлдэг. Эр хүний дуу хоолой, зоримог байдал, аливаа зүйлд ул суурьтай ханддаг зан чанар, алсын харааг харж, ажиглаж байдаг.
Нөхөр минь намайг маш сайн мэдэрдэг. Халамж хайрыг үргэлж надад зориулж, өөрийгөө сүүлд нь тавьж, гэр бүлээ хамгийн түрүүнд тавьдаг. Охидууддаа бол надаас илүү хайртай л гэж боддог. Миний хувьд учирна гэж бодсон залуутайгаа учирсан л гэж хэлнэ. Буруу зам руу явалгүй, бусдад тусалж, бүхнийг сайн сайхнаар бодож явдаг, энэ бүхнийг бурхан харж, надад сайхан хань, хадмуудыг илгээсэн. Бурхны надад өгсөн хувь тавилангийн бэлэг гэж боддог.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!