Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлэхдээ хэвлэлийнхэн хариуцлагатай хандах ёстой"

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт олон талт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Энэхүү хэлэлцүүлэг нь жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулж, хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоог сайжруулах, энэ тохиолдлын талаар мэдээлж, сурвалжлахдаа мэргэжлийн сэтгүүлзүйн ёс зүйн зарчмуудыг баримтлахыг дэмжих зорилготой юм.

Энэ талаар Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандахаас тодрууллаа. Тэрбээр "Хэвлэлийнхэн жендерийн асуудлаар эсвэл жендэрт суурилсан хүчирхийллийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэхдээ шуугиан дэгдээн, сенсаци болгож ашиглах тал байдаг. Нөгөө талаар санамсаргүйгээр хэвшмэл үг хэллэгээрээ нийгэмд сөрөг ойлголтыг түгээж болдог. Жишээлбэл, эмэгтэйчүүд гадаад төрөхөөрөө бусдыг анхаарлыг татаж, өөрийн хариуцлагагүй байдлаасаа болж халдлагад өртсөн гэх мэтээр нийгэмд ойлгуулж, энэ талаарх сөрөг яриа өрнөх хэмжээний буруу үг хэллэг ашигладаг.

Энэ болгонд сэтгүүлчид маань сенсацилахаасаа илүүтэй асуудлыг олон нийтэд зөв талаас нь ойлгуулах, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд нийгэмд оролцох эрхтэй, адил хариуцлагатай байх ёстой гэх чиглэлээр нийгэмд мэдээлэл өгөх ёстойг бид хэлээд байгаа юм. Бид нийгмийг тухайн асуудалд хандуулах, шийдэл эрэлхийлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл хүргэх нь чухал. Гэвч бид жендэрийн асуудлыг байдаг л зүйл мэт хүлээж авч байгаа нь цаашлаад сэтгэл эмзэглэх асуудлуудыг ч энгийн мэт хүлээн авах аюултай. Тиймээс энэ тал дээр хэвлэлийнхэн хариуцлагатай хандах хэрэгтэй" гэлээ.

Хүрэлцэн ирсэн зочид, сэтгүүлч нар жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээлэхдээ гаргадаг нийтлэг алдаа дутагдал болон энэ байдлыг зогсоох аргын талаар хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн дараа сэтгүүлзүйн шилдэг бүтээлд шагнал гардуулсан юм. Мөн жил болгоны 12 дугаар сарын 10-ны өдөр тохиодог олон улсын жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг өдрийг угтан аяныг зохион байгуулах юм. Аяны хүрээнд Хэвлэлийн хүрээлэн НҮБ-ийн сантай хамтран сэтгүүлчдэд зориулсан олон ажлыг зохион байгуулах аж.